| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-08-11 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч Д.Дашлонжидын өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Ж.Хүнийхүний өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Д.Дашлонжид, Ж.Хүнийхүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогтой Доржпагамын Дашлонжид, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэн овогтой Жанлавын Хүнийхүн нарт холбогдох эрүүгийн 2027001660054 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ном судлаач мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхлэгч ажилтай, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* баг ********** тоотод оршин суудаг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль шагналаар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогтой Доржпагамын Дашлонжид /РД:*******************/,
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн нягтлан бодогч ажилтай одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ************ баг ************ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цэрэн овогтой Жанлавын Хүнийхүн /****************/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхэлэгч ажилтай буюу нийтийн албан тушаалтан Д.Дашлонжид нь 2019 оны 12 дугаар сард тус Соёлын төвд номын санчаар түр тушаалтай ажиллаж байсан Л.Мөнхтуяаг өөрийн ажилдаа жинхлэхэд мөнгө хэрэгтэй гэж удаа дараа мөнгө нэхэж, чи мөн ажлаа хийж чадахгүй байна, би чамайг 2020 онд ажиллуулахгүй эсхүл чи сайн дураараа ажлаасаа гар гэж хахууль өгөхийг удаа дараа шууд шаардаж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Л.Мөнхтуяагаас 500 000 төгрөгийг авсан,
Мөн Л.Мөнхтуяаг ажлаас нь халсаны дараа тус Соёлын төвийн номын санчаар ажилд авсан Л.Содномбалжираас 2020 оны 04, 05 дугаар сарын үед албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд мөнгө өгөхийн шаардаж 500 000 төгрөгийн хахууль авсан,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн нягтлан бодогч ажилтай нийтийн албан тушаалтан Ж.Хүнийхүн нь тус Соёлын төвийн үйлчлэгч ажилтай А.Үүрцайхын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн урамшуулалт цалингаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 11, 12 дугаар сарын үед 300 000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Д.Дашлонжид нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Миний бие 1983 оноос 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тасралтгүй 38 жил Соёлын төвд ажилласан. Ажиллах хугацаандаа соёлын төвд хийгээгүй ажил гэж байхгүй. 1990 оноос 1995 он хүртэл Бат-Өлзий сумын төв үйлчлүүлэгчгүй байсан. Манайх 3 ажилчинтай байсан учир үйлчлэгчийн ажлыг давхар хийдэг байсан. Энэ байгууллагыг улсын хэмжээнд жишиг болохын тулд ажилласан 2 удаа жишиг болсон. Соёлын төвд Далайсүрэнгээс бусад нь мэргэжилгүй, 8 дугаар анги төгссөн хүмүүсийг авч ажиллуулж шинэхэн мэргэжилтэн болгохын төлөө зүтгэж явсан. Би өөрөө ажилтандаа өндөр шаардлага тавьдаг. Энэ асуудал нь ажилтанд дарамт шахалт шиг харагддаг. Би хүнээс мөнгө нэхээд байх яахаа алдсан хүн биш. Би 3 000 000 төгрөгийн шагналаар шагнуулж ирж байсан. Бат-Өлзий сумын Соёлын төвийн ажлыг жинхэнэ соёл утгаар нь авч зүтгэсээр байгаад өнөөдөр эцсийн эцэгт өндөр настны тэтгэвэрт гарахад надад үнэндээ харамсалтай байна. Би хүмүүсээс мөнгө нэхэж авч байгаагүй. Харин ажлын шаардлагыг өндөр тавьдаг. Мөнхтуяагийн хувьд Хөдөө аж ахуйн сургууль төгссөн, мэргэжлийн бус хүн ажиллах хугацаандаа эхнээсээ худлаа ярьж орж ирсэн. Би мөнгө аваагүй. Миний данс руу хийсэн байхаар нь юу мөнгө юм гэсэн танд өгч байгаа гэхээр нь яагаад надад өгч байгаа юм гэсэн би ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Тэгэхээр чи ажлын шаардлага хангахгүй байгаа учраас тийм зүйл байхгүй гээд ажилчдын хурал дээр протокол хөтлүүлээд мөнгийг нь эргүүлж өгсөн. Содномбалжирын мөнгөний тухайд манай байгууллага гадна дотноос хүмүүс ирдэг. Зочин хүн хүлээж авах зардал гэж байдаггүй. Хүмүүс ирэхэд тодорхой хэмжээний зардал гарсан. Мөнгө зээлүүлэх хүн байна уу? гэхэд Содномбалжир мөнгө зээлүүлсэн. Би хувийн ашиг сонирхлоор мөнгө аваагүй гэв.
Шүүгдэгч Ж.Хүнийхүн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Манай Соёлын төв 2018 онд ашиглалтад орсон. 2019 он хүртэл туршилтын ажил муу хийгдэж байсан. 2019 онд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гээд тухайн он сарын сайн санахгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр орой ажил дээрээ сууж байсан. Далайсүрэн эрхлэгч ажил дээрээ дуудаж байна гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд байгууллагад шинэ жилийн гацуур авах хэрэгтэй байна. Нямлхагва гэдэг айлаас гацуур мод авсан модоо засаж байна таныг хүрээд ир гэж хэлсэн. Яваад очсон чинь 300 000 төгрөгөөр авсан бүрэн чимэглэлтэй гацуур тавьсан байсан. Тэгээд шинэ жилийн төлөвлөгөөт ажлууд эхнээсээ явагдах болчихлоо. Бид хэд төлөвлөгөөгөө гаргачихлаа. Шинэ жилийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Соёлын төвийнхөн өөрийн үзвэр үйлчилгээний орлогоороо байгууллагын шинэ жилийн гацуурыг авна гэсэн төлөвлөгөөтэй. Ажилчдын хүүхэд ахмад настны бэлэг бэлдэж айлуудаар тараадаг бүх төлөвлөгөөгөө боловсруулсан байсан. Тухайн үед модыг нь харчхаад буцаад явсан. Мөнгө төгрөгөө яаж шийдэх вэ гэхэд үзвэр үйлчилгээний орлогоосоо шийднэ. Тухайн онд орлогын төлөвлөгөө биелүүлдэг байсан. Орлогын төлөвлөгөөгөө давуулчхаад энэ гацуур модыг худалдаж авъя гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар хэлсэн. 10 дугаар сард үзвэр үйлчилгээ, хөгжмийн багш, бүжгийн багш, Далайсүрэн, номын санч нийлээд шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулаад үзвэр үйлчилгээний орлогуудаа бэлдээд надад бүжгийн орлого гэж 210 000 төгрөгийг хадгалуулъя гээд Үүрцайх авчирч өгсөн. Бас Үүрцайх 300 000 төгрөгийг үзвэр үйлчилгээний орлого гэж өгсөн. Тэгэхээр энэ 300 000 төгрөгийг гацуур модондоо өгөөрэй гэхэд за тэгье гэж байсан. 11 дүгээр сард Соёлын төвийн эрхлэгч над дээр орж ирээд цонх хагарчихлаа цонхоо янзлуулъя. Орлогын мөнгөнөөсөө 375 000 төгрөгийн түр зээлчих цалин буухаар өгье гэсэн. Би тухайн мөнгийг өгөөд явуулсан. Байгууллагын цалин буухад Үүрцайх эгчээ гацуур модны мөнгийг Нямлхагвад өгөөрэй гэсэн. Маргааш нь Үүрцайх эгч 300 000 төгрөгийг бариад ороод ирэхээр нь Нямлхагва ахад аваачиж өгөөч гэхэд ажил тарах болчихлоо. Энэ мөнгийг сейфинд чинь хадгалуулъя гээд Үүрцайх эгч явсан. Манай Соёлын төвийн 1 хүнд ноогдох метр квадрат нь нэлээн өндөр ажлын ачаалал их билет, тооцоо дээр зогсдог. Бүх ажил дээр ганцаараа байдаг. Нямлхагва ах тооцоо нийлэх гээд орж ирэхэд нь гацуур модны мөнгийг өгсөн гэв.
Хохирогч А.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би тухайн үед 300 000 төгрөгийг бэлнээр Ж.Хүнийхүнд өгсөн. Би уг мөнгийг буцааж аваагүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 127 дугаар хуудас/,
Хохирогч А.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:
“...2019 оны 11 юм уу 12 сард байх оноос өмнө нягтлан бодогчид 40 хувийн урамшуулал олгох болсон гээд нягтлан бодогч Хүнийхүн над руу яриад таны цалин дээр 40 хувь нэмэгдэж орно уг мөнгийг буюу 300 000 төгрөгийг надад авч өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би үүний дагуу цалингаа шалгахад үнэхээр нэмэгдэж орсон байсан учраас би бэлнээр сумынхаа Төрийн банкнаас очоод тухайн 300 000 төгрөгийг аваад Соёлын төвд нягтлан бодогч Ж.Хүнийхүний өрөөнд бэлнээр оруулж өгсөн. Надад ямар шалтгаанаар цалин нэмэгдэж орсныг бол мэдэхгүй миний хувьд ажлаа хийдгээрээ л хийсэн. Тухайн он сар өдөр нь миний дансны хуулганаас харагдах бөгөөд би тухайн үедээ цалингаа үлдээгээд тэр хүний хэлсэн мөнгийг л авч өгсөн. 406 522 төгрөг бол ердийн ордог цалин байна. 2019 оны 11 дүгээр сард цалин орохдоо 10 сарын урамшууллын нэмэгдлийг хийсэн байж магадгүй. Би нэмэгдэл цалин орох үед нэмэгдэл авч байгаагаа мэдсэн ийм тушаал гарсныг мэдээгүй. 2019 онд хүүхдийн бэлэг авч байсан. Хүүхдийн бэлгийг бол үзвэрийн орлогоос авдаг. Би бэлэгний мөнгө гэж Хүнийхүнд 210 000 төгрөг өгч байсан бол үзвэрийн орлогоос өгнө. Харин 300 000 төгрөгийн хувьд би өөрийн цалингаасаа аваад Ж.Хүнийхүнд бэлнээр өгч байсан. Нэг хашаанд байдаг. Би бодохдоо Д.Дашлонжидыг мэдэж байгаа байх гэж бодоод энэ талаар огт яриагүй. Д.Дашлонжидод хэлээгүй. Надаас ч асуугаагүй Би уг мөнгийг буцааж аваагүй. Би өөрөө сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30, 43, 77-78 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 127 дугаар хуудас/,
Гэрч Г.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... Ажилдаа орсны дараа Мөнхтуяа надад хэлэхдээ эрхлэгч Дашлонжид 2 сая төгрөг нэхээд байна, чи мэргэжлийн бус учраас аргалах хэрэгтэй байна гээд байсан гэж хэлсэн. Тэгээд ажиллаж байх хугацаанд номын санч Мөнхтуяагаас соёлын төвийн эрхлэгч Дашлонжид нь 500 000 төгрөг авсан байсан. Үүнийг 2019 оны 12 дугаар сард ажилчдын хурал дээр Дашлонжид нь өөрөө хэлэхдээ “би аймаг явж байсан чинь гэнэт дансанд мөнгө орж ирсэн” тэгээд харсан чинь номын санч Мөнхтуяагаас гэсэн байсан гээд бэлнээр Мөнхтуяад 500 000 төгрөгийг буцааж өгсөн. Тэгээд удалгүй Мөнхтуяа халагдсан..., ...Соёлын төвийн үйлчлэгч А.Үүрцайхад 2019 оны сүүлээр 40 хувийн цалингийн нэмэгдэл олгоод үүнийг нягтлан бодогч Хүнийхүн авсан гэсэн. Энэ талаар үйлчлэгч А.Үүрцайх надад өөрөө хэлж байсан. Мөн 2019 оны сүүлээр байгууллагын цалингийн төсвийг хэмнэж буюу ажилчдын ур чадварын нэмэгдлийг өгөхгүй байж байгаад үйлчлэгч Үүрцайх дээр няравын ажил хавсаргасан гэж 40 хувийн нэмэгдэл өгч тэр мөнгийг буюу 320 000 төгрөгийг нягтлан Хүнийхүнд өгсөн байсан. Би тухайн үед 300 000 төгрөгийг бэлнээр Ж.Хүнийхүнд өгсөн.. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Д.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Ингээд Мөнхтуяа ажиллаж байхдаа буюу 2019 оны сүүлээр шинэ жилээс өмнөхөн надад “эрхлэгч надаас мөнгө нэхээд байгаа юм” гэж ярьж байсан би тухайн үедээ лавшруулж асуугаагүй. 2019 оны 12 дугаар сард Дашлонжид хурал дээр Мөнхтуяа над руу 500 000 төгрөг шилжүүлсэн байна, май энийгээ ав гээд буцаагаад бэлнээр өгч байсан. Энэ 500 000 төгрөгийг Мөнхтуяа нь номын санчаар ажиллахаар жинхэлж тушаалаа гаргуулахаар Дашлонжидод өгөөд байгаа мөнгө юм шиг байгаа юм. 2019 оны 12 дугаар сард надад урамшууллын мөнгө олгосон бөгөөд уг мөнгөөр шинэ жилээр урьж оролцуулсан хүмүүсийн төлбөрийг төлсөн. Мөн үйлчлэгч Үүрцайхын нэр дээр урамшуулал бодож нягтлан бодогчид өгсөн гэсэн яриа байгаа. Би энэ талаар мэдэхгүй. 2019 оны сүүлээр Содномбалжир соёлын төвийн эрхлэгчид 500 000 төгрөг өгсөн гэх яриа байдаг. Саяхан буюу 2020 оны зун Содномбалжир надтай хамт байж байхдаа соёлын төвийн эрхлэгчид 500 000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. Би энэ талаар тодруулж асуугаагүй. Яг бэлнээр өгсөн үү дансаараа өгсөн үү гэдгийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Л.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 06 дугаар сард жинхлэх тухай эрхлэгчид хэлэхэд одоо ажилд орж жинхлэхэд 3-5 сая төгрөг болсон гэж хэлсэн. ...Ингээд нэлээд хэдэн сар явсан бөгөөд энэ хугацаанд бас л ажилд ороход мөнгө төгрөг өгдөг болчихсон ш дээ гэж хэлж байсан. Ингээд ажиллаж байх хугацаанд миний хийсэн ажил болгоныг үгүйсгэнэ, зүгээрээ чи муу номын санч байна гэх зэргээр ажлын байрны дарамт үзүүлж байсан. 2019 оны 09 дүгээр сард намайг өрөөндөө дуудаад чи 1 сая төгрөг өгчих юм бол жинхлэнэ гэсэн. ...Үүнээс хойш чамайг ажиллуулахгүй, өөр номын санч ажиллуулна, бичиг хэргийн мэргэжилтэй хүн авна номын сангаа хавсруулна, 2020 онд чамайг би ажиллуулахгүй гэж байнга надад хэлдэг болсон, эсхүл халагдах өргөдлөө өг гэж байнга шаарддаг болсон. ...2019 оны 12 дугаар сарын дунд үеэр би ажлаас гараад явж байхад Дашлонжид над руу залгаад өрөөндөө дуудсан. Би өрөө рүү нь яваад ортол өөрөө ганцаараа байсан бөгөөд би аймаг руу шинэ жилд явах гээд байна хувцас хунар авах гээд мөнгө байхгүй байна чамд хэдэн төгрөг байна уу гэхээр нь би надад 500 000 төгрөг байна та түр авч байх юм уу гэсэн чинь тэгье гээд би дансыг нь тодруулж асуугаад ойролцоогоор 13 цаг өнгөрч байхад мөнгө хийсэн. Нягтлан бодогч Ж.Хүнийхүний хувьд урдах ажлаа хийгээд явдаг. Бидний ажилд оролцоод байдаггүй хэлэх юмаа шударга хэлчихдэг хүн байгаа юм. Энэ хүнтэй бол нээх дотно биш гэхдээ ажлын шугамаар харьцаж үзэхэд илүү дутуу зангүй хүн шиг санагдсан. Ж.Хүнийхүн нөхөр 3 хүүхдийн хамт Бат-Өлзий суманд амьдардаг. Одоогоор декриттэй байгаа. 2019 оны 12 дугаар сарын дунд үеэр би ажлаас гараад ундандаа явж байхад Дашлонжид над руу залгаад өрөөндөө дуудсан. Би өрөө рүү нь яваад ортол өөрөө ганцаараа байсан бөгөөд би одоо аймаг руу шинэ жилд явах гээд байна хувцас хунар авах гэхэд мөнгө байхгүй байна чамд хэдэн төгрөг байна уу гэхээр нь би надад 500 000 төгрөг байна та түр авч байх юм уу гэсэн чинь тэгье гээд би дансыг нь тодруулж асуугаад ойролцоогоор 13 цаг өнгөрч хийсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23, 2 дугаар хх-ийн 129 дүгээр хуудас/,
Гэрч Д.Очирбат, Л.Содномбалжир нарын мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдэж мэдүүлсэн:
“...Би 2020 оны 10 дугаар сард 200 000 төгрөгийг Дашлонжидод байгууллагын самбар хийлгэхээр шилжүүлж байсан юм. Тэр үед Дашлонжид хотод байсан. Мөн 180 000 төгрөгийг байгууллагаас зээлээд Дашлонжидод буцааж төлж байсан. Мөн Дашлонжидод жижиг гүйлгээгээр мөнгө шилжүүлж байсан бөгөөд энэ нь жижиг хэрэглэл бок саван, алчуур, бичиг хэргийн эд зүйл зэргийг авахад зарцуулдаг. Эдгээр худалдан авалтуудыг Дашлонжид өөрөө хийдэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
Гэрч А.Рэнчиннямаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Ж.Хүнийхүн миний эхнэр байгаа юм. Бид 2009 онд гэр бүл болж 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумандаа амьдарч байна. Ж.Хүнийхүн 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр айлын гурав дахь хүүхэд болж төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Манай эхнэр 2009 оноос одоог хүртэл 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Давхар Соёлын төвийн нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Ж.Хүнийхүн байгууллагын шилдэг ажилтан болж байсан. Залуучуудын холбооны шагналуудаар шагнагдаж байсан. Ажил мэргэжилдээ сайн, зан аашны хувьд бусадтай нийтэч, шулуун шударга, төлөв даруу зантай хүн байгаа юм. Ж.Хүнийхүн урьд өмнө цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, айл гэрийн сайн эхнэр байгаа юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 135 дугаар хуудас/,
Яллагдагч Д.Дашлонжидын гэрчээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би Ж.Хүнийхүний нэр дээр биш үйлчлэгч А.Үүрцайхын ажлын ачааллыг дэмжээд л Үүрцайхад урамшуулал олгохоор А.Үүрцайхад тушаал гаргасан. Би А.Үүрцайхад олгосон нэмэгдэл хөлснөөсөө 300 000 төгрөгийг нягтлан бодогч Ж.Хүнийхүнд өг гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,
Авлигатай тэмцэх газрын өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын хуулбар, /1 хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Л.Мөнхтуяагийн Төрийн банкны Д.Дашлонжидод 500 000 төгрөг шилжүүлсэн хуулга /1 дүгээр хх-ийн 188-191 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Дашлонжидын Хаан банкны Л.Мөнхтуяагаас 500 000 төгрөг орсон дансны хуулга /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/, Соёлын төвийн эрхлэгч Д.Дашлонжидын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай “нэмэгдэл хөлс олгох тухай” тушаалын хуулбар /1 дүгээр хх-ийн 119 дугаар хуудас/, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч А.Үүрцайхыг өргөдөл, Бат-Өлзий сумын Санхүүгийн албаны Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 158 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 159 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хх-ийн 161 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хх-ийн 162 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа/ 2 дугаар хх-ийн 163 дугаар хуудас/, хохирогч А.Үүрцайхын Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 169 дугаар хуудас/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-ийн 170 дугаар хуудас/, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлт /2 дугаар хх-ийн 184-185 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Д.Дашлонжидын ажил болон зан байдлын тодорхойлолт, шагнагдаж байсан шагналуудын баримтууд,
Шүүгдэгч Ж.Хүнийхүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн эрхлэгч ажилтай буюу нийтийн албан тушаалтан Д.Дашлонжид нь 2019 оны 12 дугаар сард тус Соёлын төвд номын санчаар түр тушаалтай ажиллаж байсан Л.Мөнхтуяаг өөрийн ажилдаа жинхлэхэд мөнгө хэрэгтэй гэж удаа дараа мөнгө нэхэж, чи мөн ажлаа хийж чадахгүй байна, би чамайг 2020 онд ажиллуулахгүй эсхүл чи сайн дураараа ажлаасаа гар гэж хахууль өгөхийг удаа дараа шууд шаардаж Л.Мөнхтуяагаас 500 000 төгрөгийг авсан,
Мөн Л.Мөнхтуяаг ажлаас нь халсаны дараа тус Соёлын төвийн номын санчаар ажилд авсан Л.Содномбалжираас 2020 оны 04, 05 дугаар сарын үед албан үүргээ хэрэгжүүлсэний хариуд мөнгө өгөхийн шаардаж 500 000 төгрөгийг авсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Д.Дашлонжид үйлдсэн болох нь
гэрч Г.Баттулга, Д.Очирбат, Л.Мөнхтуяа, Л.Содномбалжир, М.Алтанцэцэг, Д.Лхамноров нарын мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21, 22-23, 24-25, 80-81, 87-89, 92-94, 2 дугаар хх-ийн 129 дүгээр хуудас/, гэрч Л.Мөнхтуяагийн Төрийн банкны Д.Дашлонжидод 500 000 төгрөг шилжүүлсэн хуулга, /1 дүгээр хх-ийн 188-191 дүгээр хуудас/, Д.Дашлонжидын Хаан банкны Л.Мөнхтуяагаас 500 000 төгрөг авсан дансны хуулга /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн нягтлан бодогч ажилтай нийтийн албан тушаалтан Ж.Хүнийхүн нь тус Соёлын төвийн үйлчлэгч ажилтай А.Үүрцайхын ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн урамшуулалт цалингаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 11, 12 дугаар сарын үед 300 000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ж.Хүнийхүн үйлдсэн болох нь
хохирогч А.Үүрцайхын хэрхэн хохирсон талаарх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 29-30, 77-78 дугаар хуудас/, гэрч Г.Баттулгын мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/, яллагдагч Д.Дашлонжидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/ Соёлын төвийн эрхлэгч Д.Дашлонжидын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай “нэмэгдэл хөлс олгох тухай” тушаалын хуулбар /1 дүгээр хх-ийн 119 дугаар хуудас/, хохирогч А.Үүрцайхын Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч Д.Дашлонжид, Ж.Хүнийхүн нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолтын маягт, Ажил томилох тухай Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын тушаалууд зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Дашлонжидын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан, шүүгдэгч Ж.Хүнийхүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Дашлонжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, шүүгдэгч Ж.Хүнийхүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Тайжууд овогтой Доржпагамын Дашлонжидыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Цэрэн овогтой Жанлавын Хүнийхүнийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Дашлонжид нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Харин шүүгдэгч Ж.Хүнийхүн нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй ба А.Үүрцайхаас мөнгө авч өөртөө давуу байдал бий болгоогүй гэж тайлбарлан маргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд үйлчлэгч А.Үүрцайхаас авсан мөнгөөр эрхлэгчийн өрөөний цохыг зассан, эрхлэгч Л.Дашлонжид шинэ жилийн арга хэмжээнд зориулан гацуур мод ав гэж даалгасны дагуу мод авсан зэргээр өөр өөрөөр тайлбарлан өөртөө давуу байдал би болгож хувьдаа аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хохирогч А.Үүрцайхын “... нягтлан бодогч Ж.Хүнийхүн над руу яриад таны цалин дээр 40 хувь нэмэгдэж орно уг мөнгийг буюу 300 000 гаруй төгрөгийг надад авч өгөөрэй гэж хэлсэн. Тухайн 300 000 гаруй төгрөгийг аваад Соёлын төвд нягтлан бодогч Ж.Хүнийхүний өрөөнд бэлнээр оруулж өгсөн..., ...Би уг 300 000 төгрөгийг 2019 оны 11 юм уу 12 сарын алинд өгснөө тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 300 000 төгрөг авч өгч байсан... гэсэн удаа дараагийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь 300 000 төгрөгийг бэлнээр А.Үүрцайхаас авч байсан талаар маргахгүй гэж тайлбарладаг. Түүнчлэн эрхлэгчийн өрөөний цонхыг сольсон мөн А.Үүрцайхын цалин дээр нэмж орсон урамшууллын мөнгөөр байгууллагад шинэ жилийн гацуур ав гэж эрхлэгч Л.Дашлонжид даалгасан гэх тайлбарууд нь Л.Дашлонжидын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч А.Үүрцайх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч А.Үүрцайх нь “...урамшууллын мөнгийг буцаан авахгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч Ж.Хүнийхүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Д.Дашлонжид, Ж.Хүнийхүн нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг тус тус харгалзан Д.Дашлонжидод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялаар, Ж.Хүнийхүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.Дашлонжид, Ж.Хүнийхүн нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 5 500 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Дашлонжид, Ж.Хүнийхүн нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Дашлонжид, Ж.Хүнийхүн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогтой Доржпагамын Дашлонжидыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Цэрэн овогтой Жанлавын Хүнийхүнийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Д.Дашлонжидыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ж.Хүнийхүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Дашлонжид, Ж.Хүнхүний нар нь оногдуулсан 5 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Д.Дашлонжид, Ж.Хүнхүний нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дашлонжидод авсан хувийн баталгаа гаргах, гэрч Л.Мөнхтуяа, Л.Содномбалжир, Д.Лханоров, М.Алтанцэцэг нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг, Ж.Хүнийхүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА