| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,
Орчуулагч, хэлмэрч Б.Ж
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ед холбогдох эрүүгийн 2113001560175 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, Дархан урлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овгийн Ж-ийн Ертай /БИ81031414/
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Е мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001560175 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 83-р тал/
Хохирогч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр өглөө 10 цагийн үед гэрээс гарч яваад орой 16 цаг 30 минутын үед согтуу ирээд намайг цохиж зодсон юм. Манай нөхөр Ж.Егийн намайг цохиж зодох болсон шалтгаан нь би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нөхрийн виза картыг нууцаар авч 200.000 төгрөг гаргаж авсан ба тухайн үед нөхөртөө хэлээгүй юм. Манай нөхөр сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Өлгий сум руу машины дугуй авна гэж яваад дансанд байсан мөнгө алга болсон байна гээд дугуйгаа авч чадалгүй ирсэн. Тэгээд надаас асуухад нь би айгаад мөнгө авснаа хэлээгүй. Маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкнаас очоод дансанд байгаа мөнгөө асуухад нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж авсан талаар хэлсэн байсан. Би уг нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас тараад ирэхдээ 200.000 төгрөгийг нь аваад ирсэн байсан ба тэр өдөр миний цалин буусан юм. ...Тухайн өдөр Ж.Е миний үснээс барьж аваад миний толгойгоор хана мөргүүлэхэд Ж.Егийн ээж Н.М болиулах гэсэн боловч Ж.Е ээжийгээ түлхэж унагаасан. Миний толгой болон хөл, гар ер нь бүх бие маань өвдөж байсан юм. ...Манай нөхөр урьд нь 2020 оны 7-8 дугаар сарын үед мөн намайг цохиж зодож байсан ба тухайн үед би гэрээс яваад Естай гэдэг хүний гэрт очиход Естай намайг дагуулаад сумын эмнэлэгт Т.Нурлан эмчид үзүүлж байсан юм. Тухайн үед Т.Нурлан эмч акт бичиж өгч байсан, уг актыг хаана тавьснаа одоо санахгүй байна. “...Мөн манай нөхөр 2021 оны 3 дугаар сард согтуу ирээд шалтгаангүй хэрүүл маргаан гаргаж байгаад намайг хөл гараараа цохиж зодож байсан юм. Тухайн үе нь цэргийн баярын үеэр юм шиг санагдаж байна. Тэр үед нөхөр маань намайг цохиж, зодсоныг би хэн нэгэнд хэлээгүй...” “...Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 19-21-р тал/,
Гэрч К.Жаийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Е миний төрсөн хүү харин Х.С миний бэр тул би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25-р тал/,
Гэрч Т.Нны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.С нь 2020 оны 8 дугаар сарын үед байх, сайн санахгүй байна сумын эмнэлэгт С.Есийн хамт ирж биеийн байдлаа үзүүлж байсан. Тухайн үед биеийн байдал нь ямар байсныг санахгүй байна. Эмчийн тодорхойлолт бичиж өгсөн байх ёстой. Тэр тодорхойлолтод биеийн байдалтай холбоотой бүх зүйл байгаа. Х.С тухайн үед яагаад, ямар шалтгааны улмаас ирж үзүүлж байснаа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р тал/,
Гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сард яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг шөнө 12 цагийн үед манай гэрийн хаалгыг хэн нэгэн хүн тогшсон юм. Тухайн үед би хаалга онгойлгоход манай сумын иргэн Х.С байсан ба толгой нүцгэн, тавчик өмссөн байдалтай манай гэрт ирсэн юм. Тэгээд би Х.Сийг гэрт оруулахад тэр “манай нөхөр Ж.Е намайг цохиж, зодсон тул гэрээс зугтаж гараад ирлээ. Намайг сумын эмнэлэгт аваачиж биеийн байдлыг минь үзүүлж өгөөч” гэхээр нь би шөнийн 12 цагийн үед сумын эмч Т.Нурланы гэрт аваачиж үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 32-34-р тал/,
Гэрч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Е миний төрсөн хүү, Х.С нь миний бэр юм.” гэх мэдүүлэг /хэргийн 39-40-р тал/,
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 447 дугаартай “...Х.Сийн биед тархины доргилттой, зулайны дунд хэсэгт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн мөр далыг хамарсан хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бүслүүр хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэний ар хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Х.Сийн дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 52-53-р тал/,
Шүүгдэгч Ж.Егийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр миний бие аймгийн төв рүү машины дугуй авах гэж ирсэн ба Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Хос терек дэлгүүрийн доод талын АТМ-ээс 200.000 төгрөг гаргаж авах гэсэн чинь таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь гайхаад дансны үлдэгдлээ шалгасан чинь мөнгө байхгүй байсан. Уг нь миний дансанд 200.000 төгрөг байх ёстой байсан. Тэгээд орой таксигаар Сагсай суманд байдаг гэртээ очоод эхнэр Х.Сээс миний Хаан банкны данснаас мөнгө авсан эсэхийг асуухад аваагүй гэж хариулсан юм. Маргааш нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө эхнэрээс миний данснаас мөнгө авсан эсэх талаар дахин асуухад мэдэхгүй гэж хариулсан юм. Тэгээд би сумын Хаан банкны салбар орж асуухад 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр та өөрөө мөнгө гаргаж авсан байна гэж хэлсэн. Орой нь 16 цаг өнгөрч байхад сумын хэдэн залуустай цуг архи уучхаад гэр лүү яваад очсон юм. Намайг гэрт очиход манай эхнэр гэрт ирсэн байсан ба би халамцуу байсан болохоор эхнэртээ хандан миний данснаас мөнгө гаргаж авсан байна гэхэд аваагүй гээд байхаар нь уур хүрээд эхнэр Х.Сийн нүүр лүү гараараа хэд хэдэн удаа алгадаад авсан ба би түүний биед гэмтэл учруулсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна....Эхнэр бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн ба бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.Мөн миний бие 2020 оны 8 дугаар сарын үед гэр бүлийн маргаанаас болж эхнэр Х.Сийг цохиж зодож байснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 74-76-р тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Ж.Егийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 80-р тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Егийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний орой Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуугаар эхнэр Х.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг[1], гэрч Т.Ны мэдүүлэг[2], гэрч С.Егийн мэдүүлэг[3],Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 447 дугаартай шинжээчийн дүгнэлт[4],шүүгдэгч Ж.Егийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Ж.Ед холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байхыг шаардана.
Шүүгдэгч Ж.Е, хохирогч Х.С нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн хуулбар[5], хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Е нь хэрэг учрал болсон өдөр болох 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр орой согтуугаар эхнэр Х.Сийг түүний виза картнаас өөрт нь хэлэхгүйгээр мөнгө авсан гэх шалтгаанаар 2-3 удаа дахин давтагдах шинжтэй үйлдэл хийн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 447 дугаартай дүгнэлтэд заасан, хохирогчид учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч Ж.Е нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Е нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, түүнийг хүсч үйлдэн хохирогч Х.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг гарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйл хэсгээр ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ед ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан, оролцогчдын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын шатанд хүсэлт гаргаснаар шүүгдэгч Ж.Е нь прокурорын сонгосон ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Ж.Егийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ж.Ед шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Жийн Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ег зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Е нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б