Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/155

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Орчуулагч, хэлмэрч Б.Жащщ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,

Гэрч Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн К.Е,

Шүүгдэгч С.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Кт холбогдох 2113000000168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 15-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, одоо Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын *** дүгээр баг, Хөшөөт гэх газарт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овгийн С К, ******регистрийн дугаартай

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.К нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах “З” гэх газраас хууль бусаар шинэс мод бэлтгэж байгаль экологид 336.450 төгрөгийн бодит хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М.К мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлсөн тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв. 

Гэрч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...М.К нь тухайн үед хуучин байшингийн хадаастай хуурай мод ачиж ирсэн байсан ба тэдгээр модон дунд цөөхөн тооны нойтон мод байсныг би хамт буулгаж өгсөн” гэв.

Эрүүгийн 2113000000168 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.С-ы 2021 оны 10 сарын 15-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “З” гэх газрын ой дотор байв, уг газар нь байгалийн ургаа шинэс модоор бүрхэгдсэн, ... хууль бусаар мод бэлтгэсэн гэх газрыг М.К гэгчээр өөрөөр нь заалгаж “Navia Market” программаар солбилцолын цэгийг тогтооход уртраг 48.63634°, өргөрөг 88.27731° зааж байсан бөгөөд тухайн газар бүхэлдээ цасаар бүрхэгдсэн, цасны хэмжээ10 см орчим зузаантай байв. Хөрөө ашиглаж бэлдсэн байдалтай байсан тайрагдсан моднуудыг тоолж үзэхэд 4 ширхэг шинэс модыг хөрөөдсөн ул мөр бүхий хожуул байсан учир тухайн хожуул бүрийг 1-4 хүртэл цас нь дээр дугаарлаж хэмжилт хийж үзэхэд. Үүнд: 1 гэж дугаарласан модны өргөн 20 см, 2 гэж дугаарласан модны өргөн 20 см, 3 гэж дугаарласан модны өргөн 20 см, 4 гэж дугаарласан модны өргөн 20 см...байв" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн “...хэрэг учралын газар нь тус аймгийн Цэнгэл сумын ** дүгээр багийн иргэн М.Кийн хаваржааны өвлийн хашаа байсан бөгөөд тухайн хашаа нь Цэнгэл сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт орших Ховд гол гэх газарт байв. ...хашааны урд талд битүү дээвэр хийх зорилгоор шинэс модыг тасдсан байдалтай байсан бөгөөд үзлэг хийх ажиллагаанд хууль бусад мод бэлтгэсэн гэх М.Кийг оролцуулж модны талаар заалгуулж үзэхэд нойтон шинэс мод бэлтгэж тухайн хашааны урд талд засаж саравч хийсэн талаар мэдүүлж байсан учир хууль бусаар бэлтгэсэн гэх нойтон шинэс моднуудыг өөрөөр нь заалгуулж 1-ээс 10 хүртэл хар өнгийн хөөгөөр дугаарлаж байгаад мод тус бүрийг хэмжиж үзэхэд дараах байдалтай байв. Үүнд: 1 -р мод урт 3,60м, нарийн үзүүр 11 см, бүдүүн үзүүр 16см, 2-р мод урт З.60м, нарийн үзүүр 10 см, бүдүүн үзүүр 11см, 3-р мод урт З.60м, нарийн үзүүр 15см, бүдүүн үзүүр 16см, 4-р мод урт З.60м, нарийн үзүүр 8см, бүдүүн үзүүр 20см, 5-р мод урт З.60м, нарийн үзүүр 8см, бүдүүн үзүүр 20см, 6-р мод урт З.60м, нарийн үзүүр 7см, бүдүүн үзүүр 20см, 7-р мод урт 1.20м, нарийн үзүүр 15см, бүдүүн үзүүр 20см, 8-р мод урт 3.40м, нарийн үзүүр10 см, бүдүүн үзүүр 14см, 9-р мод урт 1.80м, нарийн үзүүр 13см, бүдүүн үзүүр 16см, 10 мод урт З.60м, нарийн үзүүр 8см, бүдүүн үзүүр 10 см байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай “...Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газар /уртраг-48°.63634, өргөрөг-88°.27371 солбицол/ нь улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. ...М.Кийн бэлтгэсэн мод нь шинэс буюу шилмүүст мод байна. ...тухайн бэлтгэсэн мод нь байгалийн жамаар хатаж хуурайшаагүй, ургах чадвартай шинэс модыг зориуд хөрөөгөөр тайрч бэлтгэсэн байна. Стандарт хэмжил Зүйн Үндэсний зөвлөлийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 0.3278м3 эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн шинэс мод нь ургах чадвартай нойтон байна. Тус аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн М.Кийн хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 0,3278м3х570,216x1.8=336,450 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүгдэгч .Кийн мод бэлтгэхэд ашигласан гэх 1 ширхэг цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие М.Кийн хууль бус бэлтгэсэн моднуудад хийсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбогдуулан хэлэх санал хүсэлт үгүй, үнэлгээг нь зөв гаргасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр төлөх ёстой. Өөрөөр хэлбэл М.Кийн хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг буюу 336450 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж тооцоход 1009350 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн данс болох 100900013040 тоот дансанд хийнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.К нь 2021 онд Цэнгэл сумын ямар нэгэн газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тэгээд ч “З” гэх газраас ямар нэгэн мод бэлтгэх тусгаарласан талбай байхгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог газар бөгөөд М.К нь хууль бусаар ургаа нойтон шинэс мод бэлтгэсэн нь хууль бусар мод бэлтгэх гэмт хэрэг болж байгаа юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 50 хуудас/,

Гэрч Ж.А-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.К бид хоёрыг Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд гол гэдэг газарт байдаг өвөлжөөнд очиход ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслээр ачсан мод байсан. Уг модыг буулгаж эхэлсэн ба хуурай модон дундаас саяхан тайрсан нойтон шинэс моднууд гарч ирсэн. Би уг нойтон шинэс мод ямар учиртай болохыг М.Кээс асуухад “З” гэх газраас малын хашаанд ашиглахаар ганцаараа бэлдээд ирсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/

Шүүгдэгч М.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газраас ургаа, 4 ширхэг шинэс модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж, 10 ширхэг болгож бэлтгэсэн. Тэгээд уг бэлтгэсэн модыг машиндаа эсгий гэрийнхээ доор нууж ачиж өвөлжөөндөө тээвэрлэж ирээд буулгаж өвөлжөөнийхөө малын хашааны саравчинд нуруу мод болгон ашигласан маань үнэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.К нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар бүхий “З” гэх газраас хууль бусаар шинэс мод бэлтгэж байгаль экологид 336.450 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр З (уртраг 480.63634,  өргөрөг-880.277310 солбицол) гэх газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын “Байгалийн цогцолборт газар”-ын аялал жуулчлалын бүсэд хамаарч байна. /Хэргийн 58-59-р тал/,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13,16 дугаар зүйлд байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсийн дэглэмийг хуульчилсан байх бөгөөд тус зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт аялал жуулчлалын бүсийн ойд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах,зохих зөвшөөрөлтэйгээр ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөгдсөн газар загас барих зэргийг зөвшөөрсөн, харин байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд мод, ойн дагалт баялгийг бэлтгэх үйл ажиллагааг хуульд зааснаас бусад тохиолдолд хориглосон гэж үзэхээр байна.

Тодруулбал: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 3-д зааснаас үзэхэд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвхөн арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгаарласан талбайгаас байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, зохих зөвшөөрөлтэйгээр мод, модон материал, ойн дагалт баялгийг бэлтгэж болохоор тусгажээ.

Гэтэл шүүгдэгч М.К нь Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын “Байгалийн цогцолборт газар”-ын аялал жуулчлалын бүсэд хамаарах Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр З гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр,байгалийн жамаар хатаж хуурайшаагүй, ургах чадвартай, 4 ширхэг, нойтон, шинэс модыг байгальд сөрөг нөлөө үзүүлэх арга хэлбэрээр буюу хөрөөгөөр зориуд тайрч бэлтгэн, тээвэрлэж,  ойн санд 336.450 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогдсон,

Түүнчлэн Сум дундын ойн ангиас 2021 онд Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын “Байгалийн цогцолборт газар”-ын аялал жуулчлалын бүсэд хамаарах Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр З гэх газрын ойд хуулиар зөвшөөрөгдсөн арчилгаа, цэвэрлэгээ хийх зориулалтаар түлээний болон хэрэглээний мод, модон материал бэлтгэх талбайг тусгаарлах шийдвэр огт гаргаж байгаагүй,  

Шүүгдэгч М.К нь ойгоос мод, ойн дагалт баялгийг бэлтгэж тээвэрлэхдээ Ойн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөвшөөрөгдсөн газарт зохих төлбөр хураамж төлж, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ аваагүй, тэрээр хууль бусаар бэлтгэсэн 4 ширхэг ургаа, нойтон модыг хөрөөгөөр тайрч хуваан 10 ширхэг болгож, улмаар өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тус тус тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна.

Шүүгдэгч М.Кийн дээр дурдсан үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан, байгаль хамгаалагч нараас иргэдэд байгаль орчныг хамгаалах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.К нь мөрдөн байцаалтын шатанд “Би 2021 оны 9 дүгээр сард байгаль хамгаалагч Х.Бөөс зөвшөөрөл авч, тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг “Хар овоо” гэх газраас түлээний мод бэлтгэсэн” гэж мэдүүлсэн байх ба гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд “Манай сумын иргэн Сауых овогтой К нь 2021 онд надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзэхэд М.К нь Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг “Хар овоо” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр түлээний мод бэлтгэж, тээвэрлэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Гэтэл мөрдөгчөөс М.Кийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дурдсан “Түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэх асуудал, гэрч Х.Бийн “2021 онд М.Кэд  мод бэлтгэх зөвшөөрөл огт олгоогүй” гэх асуудал, мөн “Хар овоо” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар мөн эсэх, уг газраас хуурай мод бэлтгэж тээвэрлэсэн эсэх, зохих зөвшөөрөлгүй түлээний мод бэлтгэж, тээвэрлэсний улмаас байгаль орчинд хохирол учирсан эсэх зэрэг асуудлуудыг бүрэн гүйцэд шалгахгүй орхигдуулсан байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч М.К нь “Хар овоо гэх газраас түлээний хуурай мод огт бэлдээгүй, харин хуучин байшингаа нурааж, модыг нь ачсан” гэж өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Ампи “М.К нь тухайн үед хуучин байшингийн хадаастай, хуурай мод машиндаа ачсан байсан” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүхээс дан ганц яллагдагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт үндэслэн түүнийг зохих зөвшөөрөлгүй түлээний хуурай мод бэлтгэсэн эсэхийг тогтоолгохоор хэргийг буцаах шаардлагагүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.К нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй субьект тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан ч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдох боломжгүй гэж үзэж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Харин цаашид мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан  үүргээ нэг мөр, бүрэн гүйцэд биелүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч, ажиллахыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт  хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч М.К нь Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар бүхий “З” гэх газар нутгийн ойгоос 0.3278 м3 эзлэхүүнтэй нойтон шинэс мод бэлтгэсний улмаас байгаль экологид 336.450 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч М.Кийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 336.450 төгрөгөөр тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 336.450 төгрөг гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс М.Кийн ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 336.450 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.009.350 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 1.009.350 төгрөгийг шүүгдэгч М.К нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд бүрэн төлж, барагдуулсан нь хэргийн 151-р талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Кээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Кэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.К нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Кийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Кэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч М.К нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд “Миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е нь “Шүүгдэгч М.К нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг хуульд зааснаар гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан, М.К холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Иймд шүүгдэгч М.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Кэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн хохирол хор уршгийг бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх  нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч М.К нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч М.К нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан урьдач нөхцөлүүдийг бүрэн хангаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн бусад хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч М.Кэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч М.Кэд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.К нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлэхийг шүүгдэгч М.Кийг оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.Кийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 336.450 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 03278 м3 эзлэхүүнтэй, 10 ширхэг болгож бэлтгэсэн шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ОХУ-д 1973 онд үйлдвэрлэгдсэн, **** БӨТ улсын дугаартай, ЗИЛ-130 маркийн ачааны зориулалттай, 1.500.000 төгрөгийн  үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, улсын орлого болгож, хууль бусаар бэлтгэсэн 10 ширхэг шинэс мод, ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авч битүүмжилсэн мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын  19-ний өдрийн 51, 52 дугаартай тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Кэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 5, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн С-ын Кийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Кэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Кэд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.К  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Кэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлэхийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.К нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 336.450 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 1.009.350 (нэг сая есөн мянга гурван зуун тавь)-н төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд нөхөн төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Кийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох хууль бусаар бэлтгэсэн 336.450 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 0.3278 м3 эзлэхүүнтэй, 10 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, 1973 онд үйлдвэрлэгдсэн, **** БӨТ улсын дугаартай, М.Кийн эзэмшлийн ачааны зориулалттай ЗИЛ-130 маркийн автомашин, 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж улсын орлого болгож, хууль бусаар бэлтгэсэн 10 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан М.Кийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн ачааны автомашин зэргийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын  19-ний өдрийн 51, 52 дугаартай тогтоолуудыг  хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д тус тус зааснаар хэрэгт хураан ирүүлсэн М.Кийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ (эх хувь)-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

9. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Кэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                                                                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Б