| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Е
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бт холбогдох эрүүгийн 2113001800186 дугаартай хэргийг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, М ургийн овгийн Ш-ын Б, /РД:БГ92020313/,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11-12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эцэг Шаривын гэрт гэр бүлийн маргааны улмаас хохирогч С.Тг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр:Эрүүгийн 2113001800186 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
С.Тгаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 1-р тал/,
Хохирогч С.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хадмынд, Бийг хайгаад очиход тэнд сууж байсан. Би уурлаж бухимдаад чи намайг бодохгүй юмаа гэхэд 2 хүүхдээ бодохгүй юм уу гэж хэлээд түүнийг нэг удаа алгадсан. Гэтэл Ш.Б миний баруун талын хацар руу нэг удаа алгадаж, ам руу нэг удаа цохиод авахад миний толгой эргээд газар унасан. Тэгж байтал хадам аав ээж хоёр ирж намайг салгаж авсан. Тухайн үед хадам аав, ээж хоёр салгаж аваагүй байсан бол Ш.Б нь намайг үргэлжлүүлэн зодох байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдаж унаад босож ирэхэд миний уруул, шүднээс маань цус гарчихсан байдалтай байсан. ...Эмчилгээний зардалд 177.600 /нэг зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөг гарсан. Би уг мөнгөнд эм тариа авч хэрэглэсэн. Өнөөдрийн байдлаар уг мөнгийг барагдуулж өгөөгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хэргийн 15-16, 18-р тал/,
Гэрч Р.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байсан байх, сайн санахгүй байна 10 цагийн үед нөхөр Шарив бид хоёр өглөөний цайгаа уух гэж байхад хүү Б нь гадагшаа гараад явсан. ...гаднаас бэр Т орж ирээд бид хоёртой хамт цай ууж суусан. Тухайн үед данхтай цай дуусаж байсан учраас дахиж шинэ цай бэлдэх санаатай зуухны өрөө рүү ороход гаднаас хүү Б орж ирсэн. Тэгж байтал гал тогооны өрөөнд сууж байсан бэр Т босож ирээд Б рүү хандаж чи муу одоо болиоч гэж хэлээд түүний нүүр рүү гараараа алгадсан. Тэгэхэд Б нь чи намайг байнга дарамталж ирсэн биз дээ гэж хэлээд гараараа Тгийн ам руу цохисон. Т газар унасан. ...Б нь Тн ам руу гараараа цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 20-21-р тал/,
Гэрч Х.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдрийг нь санахгүй байна өглөөний 10 цагийн үед эхнэр Бердигүл бид хоёр өглөөний цайгаа уух гэж байхад Б гэрээс гараад явсан. ...Тэгээд удаагүй бэр болох Т гаднаас орж ирээд эхнэр бид хоёртой цай ууж хэсэг суусан ...Тэгж байтал гаднаас Б орж ирэх шиг болсон бөгөөд надтай хамт гал тогооны өрөөнд сууж байсан бэр Т нь үүдний хэсэг буюу коридор руу яваад өгсөн. ...Тэд нар хоорондоо хэрэлдэж чанга чанга дуу гарахаар нь очиход Т хойшоогоо эгц дээшээ харсан байдалтай газар унасан байсан бөгөөд эхнэр бид хоёр Тг босгож авсан. ...Эхнэр Бердигүл “Б гаднаас орж ирэхэд Т хэрүүл гаргаж, улмаар түүний нүүр рүү алгадсан. Тэгэхээр Б нь Тгийн ам руу гараараа цохиход газар унасан” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 23-25-р тал/,
Гэрч С.Булгынтайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, цагийг нь сайн санахгүй байна, гэртээ ирэхэд дүү Т аав, ээжийн хамт сууж байсан ба тус өдрийн өглөө хадам аав Шаривын гэрт очиход Б зодсон гэж хэлсэн” Тухайн үед Тгийн нүүр, уруул хэсгээр нь хавдсан байдалтай, цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 27-р тал/,
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 536 дугаартай“...Иргэн С.Тгийн биед тархины доргилттой, дээд болон доод уруулаар хавантай, битүү хавантай, уруулын дотор талд хэгзэрсэн шархтай, буйлнууд хавдсан улайсан, үүдэн 1,2,3 дугаар шүднүүд 4 зэргийн хөдөлгөөнтэй, дээд ба доод эрүүний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн С.Тгийн дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногт, цөм нэг хугацаанд шинэ гэмтлүүд. Иргэн С.Тгийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хэргийн 31-32-р тал /,
Шүүгдэгч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Надад ял сонсгосон прокурорын тогтоолыг, мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...Тухайн үед эхнэр С.Т намайг алгадхаар нь би уурлаад түүний ам руу цохисон. Эхнэр болох Тгаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд гарсан 177.600 төгрөгийг төлж барагдуулсан. Эхнэр бид хоёр эвлэрч, хүүхдүүдээ бодож цаашид хамт амьдрахаар шийдсэн.” Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. гэх мэдүүлэг /хэргийн 60-61-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч С.Тгийн прокурорын шатанд гаргасан:”...Нөхөр болох Ш.Б нь гэмт хэргийн хор уршигт гарсан 177.300 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан. Нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж, хүүхдүүдээ бодоод цаашид хэрүүл, тэмцэлгүй хамт амьдрахаар шийдсэн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хэргийн 114-р тал/,
Шүүгдэгч Ш.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 64-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хэргийн 78-р тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11-12 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эцэг Шаривын гэрт гэр бүлийн маргааны улмаас хохирогч С.Тг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг[1],гэрч Е.Бе, Х.Шнарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг[2], С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг[3], шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 536 дугаартай дүгнэлт[4], болон шүүгдэгч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч нь санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Шүүгдэгч Ш.Б, хохирогч С.Т нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн хуулбар[5], хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд хохирогч С.Т нь гэмт хэрэгт өртөх үедээ жирэмсэн байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 11 сарын 12-ны өдрийн 11-12 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон боловч тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зорилгоор байнгын, дахин давтагдах шинжтэй үйлдэл хийж хохирогчийг зодсон нь нотлогдоогүй, харин Ш.Бийг гэр бүлээс гадуур үүсгэж, гэртээ ирээгүй гэх шалтгаанаар хохирогч С.Т түүнд уурлан нэг удаа алгадсаныг шалтаг болгон шүүгдэгч Ш.Б нь эхнэр С.Тг жирэмсэн болохыг мэдсээр байж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.
Иймд шүүгдэгч Ш.Бийг 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон, Ш.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 536 дугаартай дүгнэлтэд заасан, хохирогч С.Тд учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгч Ш.Б нь хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, түүнийг хүсч үйлдэн жирэмсэн эхнэр С.Тг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш.Бийн жирэмсэн эхнэр С.Тг үл хүндэтгэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч С.Тд 177.300 төгрөг төлснөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, талууд эвлэрсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршигт 177.300 төгрөг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 550.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, танилцуулсныг шүүгдэгч Ш.Б хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Ш.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Бийн зүгээс торгох шийтгэлийг хэсэгчлэн төлөх талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ш.Бт хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овгийн Ш-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б