Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 868

 

 

 

 

 

 

 

                       

 

 

    Э.Д-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор П.Бямбасүрэн,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1067 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Э.Д-т холбогдох 1809024330648 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хишигт овгийн Э.Д, Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1985 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Саади Констракшн” ХХК-д  засварчин ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг гудамжны 91-2774 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13-62 тоотод амьдарч байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УС............../;

 

Э.Д нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн хашаанд эхнэр Ц.Баярсүрэнг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Д-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлага нөхцөл хангагдаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-г тусгайлан зохицуулсан ба хуульд заасан үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх”-ийг тогтоох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна”, ялын төрөл нь энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих, эрх хасах...” ял гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд прокурор ялын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулах ба уг ялын төрөл, хэмжээний талаарх талуудын тохиролцоог үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэхээр байна.

Гэтэл прокуророос шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд Эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж ирүүлэх нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан зохицуулалтаас харахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үйл явц нь хорих ялтай хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбогдох бөгөөд прокурор хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлэхээр байна.

Гэвч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлага нөхцөл хангагдаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүхээс прокурорын яллагдагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаарх саналд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.

Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхээр “шүүхийн эрх хэмжээнд халдсан, хууль буруу хэрэглэсэн” гэж үзээд прокурор эрүүгийн хариуцлагын саналыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор тохиролцож шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглүүлэхээр шүүгдэгч өмгөөллийн үг явуулахад “эрүүгийн хариуцлагын саналаасаа зөрсөн, хүсэлтээсээ татгалзсан” гэх байр суурийг шүүх илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэн, хэзээ, хаана, яаж хэрэглэхийг ойлгомжгүй болгосон, тунхаг төдий заалт болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ойлголтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй үйл явц болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал” гэдгийг шүүхээс шууд ялтай холбон үзэж  хууль буруу хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөөд хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь эрүүгийн хариуцлага гэсэн ойлголтод бүрэн хамаарч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1067 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус зааснаас үзвэл уг зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх прокурорын эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлийн хүрээнд гарсан байх учиртай.

 

Хууль тогтоогч тэнсэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөлд хамааруулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргах эрх прокурорт байхгүй. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай ... танилцуулна”, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх ... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын санал хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тодорхой заасаар байтал прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Иймд шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1067 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН