Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2016/0210

 

Х.Уий нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Х.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд Х.Т болон Х.Хугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нарын давж заалдах гомдлоор, Х.Уий нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хувийн байшингийн баруун хойд буланд орших 72 м.кв 4 өрөө бүхий барилгыг Х.С гуай өөрийн төрсөн дүүтэйгээ манайд ирээд энэ барилгаа надад зарчих гээд арван гурван сая таван зуун мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд нэг жилийн дараа 2012 оны 09 дүгээр сарын 25-нд Х.С, Х.Х гэдэг 2 хүн хүрч ирээд бид нар мөнгөө өгчихсөн юм чинь барилгаа баталгаажуулж авъя гээд нотариатаар гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийсний дараа 2012 оны 10 дугаар сарын 12-нд буцаж ирээд бид ер нь наймаанаасаа буцъя, танай тэр хойд талын нотариатын байрны Х.Зулай гэдэг хүн чинь биднийг хөөгөөд болохгүй юм гээд мөнгөө буцааж авсан. Тэгээд бид бүх юм дууслаа гэж бодож байсан. Гэтэл энэ хүмүүс 2013 оны 04 дүгээр сард гэнэт манай барилгыг буулгаж ачиж эхэлсэн. Тэгээд энэ хүмүүс 2013 оны хавар фундамент цутгаж эхэлсэн.

Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар 1270 м.кв газрыг эзэмшихээр болж гэрчилгээ бичүүлж кадастрын зураг гаргуулж авсан. Энэ зураг өнөөдрийг хүртэл ямар нэгэн мл зөрүү байхгүй, албан ёсоор батлагдсан зураг байгаа юм. Сансраас авсан зургаар миний бие анх эзэмшиж авсан газраа илүү хэмжээгээр сунгаагүй яг анх авсан хэмжээгээрээ байгаа

гэдэг нь харагддаг. Гэтэл намайг газраа илүү хэмжээгээр сунгаж авлаа гэж тайлбарлаж байна. Илүү хэмжээгээр сунгаж авсан гээд байгаа юм бол миний эзэмшлийн газар аль талаараа илүү байгаа гэдгийг хэн ч тогтоож чадаагүй юм. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас миний эзэмшлийн газрын сансраас авсан зургийг он, оноор нь гаргаж өгсөн. Мөн уг газраас ирүүлсэн албан бичигт дээрх асуудлыг яаралтай засаж дутагдлыг арилгаж иргэн Х.Уий газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг 1503 м.кв болгон өөрчил гэж Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг чиглэл өгсөн. Гэвч уг шаардлагыг хариуцагч талаас хэрэгжүүлээгүй. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн хавсралт нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт байгүй гэдгийг Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхээс нотолсон. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг маргааны улмаас надад учирсан хохирол 29140000 төгрөгийг гуравдагч этгээд Х.Тгаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.У нь одоогийн эзэмшлийн газраа анх Баян-Өлгий аймгийн Холбооны газраас эрх шилжүүлж авсан байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-д заасан эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэснийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь хэрэгжүүлээгүй. Х.Уий эзэмшлийн газрын эргэлтийн цэгийг тодорхойлоогүй, кадастрын мэдээллийн санд оруулаагүйгээр өнөөдрийг хүрсэн байна. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ сүүлд хүсэлт гаргасан Х.ТХ.Ху нарт газар эзэмшүүлж байгаа нь хууль зөрчиж байна. Х.У анх удаа газар эзэмшээд байгаа юм биш. Холбооны газраас эрх шилжүүлж авсан тэр газрын хэмжээгээрээ л одоо болтол байгаа, илүү сунгаж авсан зүйл байхгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Х.Уий эзэмшлийн газрыг тодорхойлж өгөөгүй нь Х.Уий газар эзэмших эрхийг зөрчигдөхөд хүргэсэн үндсэн шалтгаан болж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн тухайд гэвэл Үндэсний статистикийн хорооны үндэсний зөвлөлөөс гаргасан 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Бичиг баримт, албан хэрэг хөтлөлтийн стандарт гэж байдаг. Уг стандартад захирамжлалын баримт бичгийн хавсралтыг байгууллагын тамгаар баталгаажуулна гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан уг захирамжийн хавсралтанд Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамга дарагдаагүй байна. Энэ бүгдээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай байгаа учраас хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 491 дүгээр тогтоолоор актлагдсан АПС-ийн барилгыг тухайн үеийн түрээслэгч болох Х.Уд худалдсан байна. Өлгий сумын архитектор Х.Серикбай, Холбооны газрын дарга Х.У, МХС ХХК-ийн захирал Р.Шопанбек нарын гарыг үсэг зурж баталгаажуулсан байна. АПС-ийн барилгын эзэмшил газрыг нь тогтоосон схем зургийн дагуу 1272 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар Х.У, У.Ну нарт эзэмшүүлсэн. Одоогийн кадастрын зурагт Х.У, У.Ну нарын эзэмшил газрын хэмжээ 1503 м.кв байгаа ба 231 м.кв газрыг зөвшөөрөлгүй хашаа татан эзэмшиж байна. Иргэн Х.Т, Х.Ху нарын гаргасан хүсэлтийн дагуу тус бүрт нь 52,5 м.кв газрыг 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар аймгийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн юм. Энэ нь 2007 оны 225 дугаар захирамжаар 1272 м.кв газрыг эзэмшүүлсэн газрын байршлын схем зургийн дагуу Х.У, У.Ну нарын эзэмшил газарт орохгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Насихат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн материалаа бодит байдалд тулгуурласан гэж тайлбарлаж байна. Бидний зүгээс гаргасан баримтуудыг санаанаасаа зохиож гаргаагүй. Архив болон тус газрын хувийн хэрэгт байгаа албан ёсны баримтууд байгаа юм. Анх Х.У газар авахдаа 984 м.кв газар гэж аваад сүүлдээ бага багаар сунгасаар байгаад ийм байдалд хүрч байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс яриад байгаа, өөрийнх нь барьсан гээд байгаа байшин нь Х.Уий эзэмшлийн газарт баригдаагүй. Х.Уий эзэмшлийн газартай ямар ч хамаагүй юм. Зөвшөөрөлгүй газар байшин барьж түүнийгээ гуравдагч этгээд нарт худалдсан байгаа юм. Тус газар нь Х.Уий эзэмшлийн газар биш гэдгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гаргаж тогтоосон байгаа юм. Мөн техникийн нөхцөл гээд Серикбай, Шопанбек нарын зурсан зургийг үндэслэн газар эзэмших болсон гэж тайлбарлаж байна. Техникийн нөхцөлийг ерөнхий архитектур, эсхүл хотын архитектур зурж баталгаажуулсан байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй этгээдээр зураг хийлгэж гарын үсэг зуруулсан байгаа юм. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн тухайд гэвэл тухайн үед иргэд газар эзэмшүүлэхдээ захирамжийн хавсралтаар нэрсийг нь баталж гаргадаг байсан юм. Уг захирамжийн эх хувь нь манай байгууллагад ч байгаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт ч гэсэн байгаа. Гэхдээ уг захирамжийн хавсралтанд тамга дарагдаагүйг тухайн үед анзааралгүй өнгөрсөн, эсхүл техникийн алдаа гарсан байх.

Х.Т, Х.Ху нарын эзэмшлийн газар нь Х.Уий эзэмшлийн газартай давхцахгүй байгаа юм. Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт очиж бүх бурууг надаас болсон мэтээр ярьсан талаар би сонссон. Хохирол нэхэмжлээд байгаа асуудал нь надад хамаагүй. Гэхдээ 29 сая төгрөгийн хохирол учирсан гэдэгт би итгэхгүй байна. Хавал Засаг даргаар тодорхойлолт гаргуулсан байна. Засаг дарга байсан Хавал гуай өөрөө газар эзэмшүүлэх захирамжид гарын үсэг зурчихаад гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй мэт тодорхойлолт бичиж өгсөн гэдэгт би итгэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартааБаян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийн хавсралтанд тамга тэмдэг дарагдаагүй нь иргэн Х.Т миний буруутай зүйл байхгүй. Галын машин орох боломжгүй, цонхонд нар тусахгүй байна гэдэг асуудал нь маргаан бүхий газарт гуравдагч этгээд миний бие ямар нэгэн барилга бариагүй, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа барилга барих асуудал тусдаа яригдах байх. Нэхэмжлэгч Х.У нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тухайн маргаан бүхий газрын сансраас авсан зургийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Уг сансраас авсан зураг 2005 оны зураг байсан. Одоо эзэмшиж байгаа 1272 м.кв газрыг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай захирамжаар эзэмшилдээ шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын бидэнд худалдаж нотариатаар батлуулахаас өмнө захирамж гарсан байна гэж маргаж байна. Гуравдагч этгээд Серхан, Хуани нар нь Х.Уий худалдсан газар нь Х.Уий эзэмшлийн газар биш гэдгийг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээс олж мэдсэн байдаг юм. Дараа нь 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Х.У нь Серхан, Хурметхан нар дээр өөрөө ирж, өөрийнхөө эзэмшлийн газраас хасалт хийлгэж, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар батлуулъя гэж хэлсэн байдаг юм. Тэгэхэд нь Серхан, Хурметхан нар нь тус газар нь таны эзэмшлийн газар биш учраас бид тус газрыг эзэмшиж авсан тухай хэлж, холбогдох баримтыг үзүүлэхэд Х.У нь ямар ч байсан газраа шилжүүлж нотариатаар батлуулъя гэсэн байдаг юм. Ингээд Х.У нь өөрөө сайн дураараа газраа шилжүүлэхийг хүссэн учраас Серхан, Хурметхан нар нь төөрөлдсөн байдлаар нотариат дээр очиж газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийсэн байдаг.

Энэ хэргийг Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа 1272 м.кв газар хэний эзэмшлийн газар болох, мөн 1503 м.кв газар нь хэний эзэмшлийн газар болох, Х.У нь аль талаараа илүү газар эзэмшээд байгааг тогтоо гэж буцаасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаар Х.У нь захирамжаар олгосон хэмжээнээс илүү хэмжээний газар эзэмшиж байгаа гэдэг нь нотлогдсон байдаг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.Ху шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.С, Х.Х нар нь 2011 оны 08 дугаар сарын сүүлчээр газар дээр цутгасан намхан суурин дээр 4 үе бетонон блок орсон газрыг Х.Уээс 12500000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Дээр нь нэг сая төгрөгийн барилгын материалыг нэмж аваад нийтдээ Х.Уд 13500000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөг өгсөн юм. Х.Уий өрсөн 4 үе блокийг суурьтай нь хамт буулгаж, оронд нь дахин суурь цутгаж, конторын зориулалтаар 7 өрөө бүхий барилга барьсан. Уг барилгыг Х.Хайсанайгийн захиалгаар тээврийн хэрэгслийн оношлогоо, хянан зохицуулах газрын Баян-Өлгий аймаг дахь салбарын контор болгож ашиглахаар зориуд захиалгаар хийлгэж тэр байгууллагаа хүлээн авсан байна. Х.С, Х.Х нар нь Х.Уээс худалдаж авсан газар нь түүний эзэмшлийн газар биш байсан гэдгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олж мэдсэн байна. 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ гаргаж, шаардагдах бүх баримт бичгийг хууль журамд заасны дагуу бүрдүүлэн өргөдлөө өгсөн байна. Миний бие Х.Ху 52,5 м.кв газар, Х.Хы хүү болох Х.Тд 52,5 м.кв газрыг тус тус хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжаар бидний эзэмшилд олгосон. Х.У өөрийнхөө эзэмшлийн газар биш гэдгийг ухамсарлан Х.С, Х.Х нарт авсан мөнгөө буцааж олгосон байна. 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.У нь Х.С, Х.Х нарт ирж эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар батлуулъя өөрийнхөө эзэмшлийн газрын кадастрын зургаас хасалт хийлгэж өгье гэж хэлсэн байна. Тэд нар шаардлагагүй, таны эзэмшлийн газар биш байсан тул бид хууль ёсны дагуу эзэмшилд авч, гэрчилгээ авсан байгаа гэж хэлжээ. Х.У үгүй тийм биш, миний газар кадастрын зурагт тодорхой харуулсан байгаа, тийм учраас хасалт хийлгэх зүйтэй гэж гуйгаад байхаар нь нотариатаар батлуулсан байна. 2012 оны 10 дугаар сард Х.С, Х.Х нар барьсан байшингийн хажууд хашлага /хашаа/ хийх гэж байхад К.Зулай ирж энэ газар миний газар, Х.Уий ч газар биш, та нар хашаа битгий бариарай гэж хэлсэн байна. Тэгэхээр нь Х.С, Х.Х нар аймгийн газрын албанд очиж кадастрын зургийг үзэж мэргэжилтнүүдээс лавлахад Х.У, К.Зулай нарын эзэмшлийн газар биш, та хоёрын газарт ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж хариулсан байна. Ингээд Х.С, Х.Х нар Х.Уд уулзаж та бид хоёрыг хууран мэхэлж хэний ч эзэмшлийн биш газрыг худалдсан байна. Урьд нь та Б.Бахытжанд бас л газар худалдаж байсан. Тийм учраас хуулийн байгууллагад шалгуулна гэж хэлэхэд Х.У авсан мөнгөө буцааж өгсөн байна. Иймд Х.С, Х.Х нарын конторын зориулалтаар барьсан байшинг буулгаж, шинээр 4 давхар орон сууц барих үед Х.У нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

Х.Уий нэхэмжлэлдээ барилга худалдсан гэж бичжээ. Энэ нь 4 үе орсон 200 ширхэг блок байсан. Дутуу барьсан барилга гэж болох бөгөөд харин 1 сая төгрөгийн барилгын материал авсан байна. Х.С, Х.Х нар уг 4 үе орсон блокийг буулгаж дахин шинээр барилга барихад Х.Тимухабыл, Х.Бахыт нартай гэрээ байгуулан ажиллуулсан байна. 2011 оны 11 дүгээр сарын 01-нд энэхүү барилгыг дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар тэр орчинд байгаа бүх хүмүүс мэдэж байна. Х.Уий цагдаагийн газарт гаргасан гомдол нь бас л үндэслэлгүй гэж прокурорын тогтоол гарсан байгаа. Аймгийн газрын албанд гаргасан гомдлын хариуд нь Х.Уий газарт ямар нэгэн хэмжээгээр Х.С, Х.Хд олгосон газар давхцаагүй байна гэсэн хариулт өгсөн байна. Бидний хууль ёсны эзэмшлийн газарт барилга бариулахгүй, ажилд саад болж бидэнд үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Иймд Х.Уий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Уий нэхэмжлэлийн шаардлагаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 152 дугаар захирамжийн Х.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, Х.Худ холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х.Таас хохирол 29140000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Х.Т болон Х.Хугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нар давж заалдах гомдолдоо: Х.Уий нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Х.Т, гуравдагч этгээд Х.Хугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С бид шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн агуулгыг бүрэн ойлгоогүй, бодит үйл явдлыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлоо ийнхүү гаргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Уг хэрэг нь Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хэрэг шилжүүлэх тухай 07 дугаар захирамжаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд шилжин ирснээр тус шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв... гэжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т ...Хэргийг давж заалдах болон хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол уг хэргийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ... гэж заасан байх боловч 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу 8 сар 13 хоногийн дараа уг хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Энэхүү 8 сар 13 хоногийн хугацаанд шүүхээс дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Үүнд: 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар захирамжаар шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлсэн ба уг шинжээч томилсон захирамжид ямар нэгэн хугацаа тогтоогоогүй. Улмаар шинжээчийн дүгнэлт 4-5 сарын дараа гарчээ. Шүүхээс шинжээч томилоход хуульд заасан дээрх хугацаанд хэргийг шийдвэрлэхийн тулд аль болох дүгнэлтийг түргэн хугацаанд, хугацаа зааж гаргуулах, дүгнэлтийг тогтоосон хугацаанд ирүүлэхийг шаардах үүргийг хэрэгжүүлэх ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх хугацааг ямар нэгэн шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх ба зөвхөн нэхэмжлэгч Х.Уий гомдлыг хүлээн авч, хавтаст хэрэгт хавсаргасан байгаагаас гадна өөр ямар нэгэн ажиллагаа явуулаагүйг харуулна.

Шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлийн талаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т ...уг захиргааны хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал... , 64.1.4-т ...анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон... бол шүүгч өөрөө татгалзан гарах гэж заажээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нь тус шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд орсон ба шүүгч Д.Алтанцэцэг нь өмнө нь уг хэргийн илтгэгч шүүгчээр оролцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг юм. Иймээс уг хэргийг шударгаар шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй, урьд гаргасан шийдвэрээ хамгаалсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүгч Д.Алтанцэцэгийн уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба уг хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэг хичнээн анхан шатны журмаар шийдвэрлэгдэж байгаа боловч дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэрэг тул шүүгч өөрөө татгалзан гараагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн явдал болжээ.

Нэхэмжлэгч Х.Уий бариагүй барилгыг шүүхээс Х.У барьсан гэж дүгнэлт өгсөн тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Х.У нь маргаан бүхий газарт байсан 60 м.кв талбай бүхий хуучин барилга байсныг нурааж 72 м.кв талбай бүхий нэг давхар бариулж байсан нь ... , Х.С, Х.Х нар уг барилгыг ашиглалтанд оруулан бусдад конторын зориулалтаар түрээсэлж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, гэрэл зургаар тус тус нотлогдож байна..., ...Х.С, Х.Х нар ашиглалтанд ороогүй барилгыг худалдан авсан зэрэг үйл явдал, баримтуудын талаар талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн... гэж тусгасан боловч яг ямар барилга, хир хэмжээтэй баригдаж байсан талаар шүүх буруу ойлгожээ. Учир нь, Х.У нэг давхар барилга бариагүй, худалдаагүй бөгөөд зөвхөн 4 үе өрсөн блокийг худалдсан юм. Энэ талаар шүүхэд гаргасан анхны тайлбар болон нэмэлт тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн болохыг анхаарна уу.

Аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1272 м.кв газраас илүү байгаа нь тогтоогдсон тухайд: Нэхэмжлэгч Х.У Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тухайн маргаан бүхий газар болон одоогийн өөрийнхөө хууль бусаар эзэмшиж байгаа газрын хашааны хэлбэр, хэмжээнд хэмжилт хийлгүүлэн хашааны талбайн хэмжээг 1503 м.кв болохыг тогтоолгосон кадастрын зургийг нотлох баримтаар хавсаргажээ.

Нэхэмжлэгчийн одоо хууль бусаар эзэмшиж байгаа 1272 м.кв газраа 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар эзэмшилдээ шилжүүлэн авсан байдаг. Тодруулбал, уг захирамж гарахдаа Холбооны газрын 8440 м.кв эзэмшил газраас 1272 м.кв газрыг хасаж шинээр гэрээ хийж, гэрчилгээ олгосон байна. Мөн уг газрыг эзэмшихдээ Өлгий сумын архитектор Х.Серикбайгаар зураг төсөл, кадастрын зургийг хийлгэж эзэмшилдээ авсан байна. Гэхдээ Х.Серикбай шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Холбооны газрын АПС-ийн барилга хувь хүнд шилжсэнтэй холбогдуулан түүний ойр орчмын газрын схем зургийг би үйлдэж байгаагүй, схем зурагт байгаа гарын үсэг минийх биш, зургийг би үйлдээгүй... гэж мэдүүлсэн. Р.Шопанбек гэрчийн мэдүүлэгтээ ...Х.У АПС-ийн барилгыг худалдан авсан учраас уг барилгад ногдох газрыг Х.Уд шилжүүлсэн нь үнэн. Схем зургийг Х.У өөрөө үйлдсэн. Дээрх схем зурагт заасан хэмжээний газрыг шилжүүлээгүй, эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээнд заасан хэмжээний газрыг л шилжүүлсэн... гэжээ. Мөн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээнд ...энд зааснаас бусад талбайд нэмж барилга барихгүй, өөрөөр хэлбэл нэмж илүү газар эзэмшихгүй байх талаар тохиролцов... гэж тусгасан.

Гэтэл нэхэмжлэгч өөрөө хуурамч зураг үйлдэж, дээрээс нь гэрээнд заасан хэмжээнээс илүү буюу 288 м.кв газрыг эзэмших талаар хууль бус захирамж гаргуулсан болох нь дээрх үйл баримт, гэрчүүдийн мэдүүлэг, эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ гэх баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Ингэснээрээ гэрээнд заасан хэмжээнээс 288 м.кв, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар тооцвол 231 м.кв, нийт 519 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байна.

Гэвч шүүхээс илүү гэдгийг тогтоогдсон гэх боловч, уг илүү газрыг Х.У нь эзэмших ёстой байсан байна гэж дүгнэж байгаад нь гайхаж байна. Хэрэв илүү байгаа бол илүү байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал нэхэмжлэгчийг дэмжиж та илүү газар эзэмших ёстой юм байна, газрын хил заагийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлээгүйд Х.Уийг буруутгах боломжгүй гэж асуудлыг буруу шийдсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй юм. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ...иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх газрын хэмжээг 0.07 га-гаас илүүгүй байна... гэж заасан боловч иргэн Х.У нь хуульд заагаагүй давуу эрх эдэлж илүү газар эзэмших эрхтэй хүн гэж шүүх үзсэн байна. Иргэн Х.У хууль бусаар 1503 м.кв газар эзэмших эрхтэй, харин иргэн Х.Т хууль ёсны дагуу хэдий ч 50 м.кв газар эзэмших эрхгүй гэдэг нь шударга үнэнд нийцэх үү.

Захиргааны байгууллагаас газрын хил заагийг тогтоож, тэмдэгжүүлээгүй хэдий ч нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргаж өгсөн кадастрын зураг, геодези зураг зүйн газрын хэмжилтийн дагуу хийгдсэн кадастрын зураг Х.Уий эзэмшлийн газар нь яг байгаа байдлаараа тусгагдсан ба хашааны нийт талбайн хэмжээг 1503 м.кв байна гэдгийг тогтоосон. Иймдээ ч Х.У нь захирамжид заасан, улмаар гэрээнд зааснаас илүү газар эзэмшиж байгаа учир гуравдагч этгээд Х.Т, Х.Ху нарын газартай давхцаагүй гэдэг нь тодорхой.

Түүнчлэн тухайн үеийн АПС-ийн барилгын схем зураг нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сангаас гаргасан 2009 онд хийгдсэн кадастрын зурагтай тохирч байна гэж шүүх үзжээ. Ямар ч зураг, ямар ч барилга байгууламж кадастрын зурагтай тохирч байх нь маргааныг шууд шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл кадастрын зургийг бодит байгаа байдлаар нь буулгаж тусгадаг. Хаана ямар барилга байгууламж, хаана хоосон газар байгаа гэдгийг нэг бүрчлэн буулгадаг. Дээрх кадастрын зургуудад Х.Уий барилга байгууламж, газар нь байгаа байдлаараа л тусгагдсан. Гэхдээ иргэний жинхэнэ эзэмшлийг тогтоох хамгийн гол баримт нь эрх бүхий албан тушаалтнаас хэмжээг нь зааж тусгасан эрхийн актын дагуу тухайн газрын эзэмших, өмчлөх эрхтэй байдаг юм. Тиймээс хэн ч хамаагүй, Х.У ч адилхан аймгийн Засаг даргын захирамжид заасан хэмжээний газрыг л эзэмших ёстой.

Мөн шүүхээс Х.Уий эзэмшлийн газрын эргэлтийн цэгийг тодорхойлоогүй гэжээ. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн Х.Уий нийт татсан хашаа, газрын байршлын кадастрын зургийг өнгөтөөр хэвлэн гаргаж нотлох баримтаар өгсөн ба үүнд, хашааны координат:

Дугаар

X

Y

Урт

Цэгүүд

1

......

....

4.53

1-2

2

......

....

3.62

2-3

 

Нийт талбайн хэмжээ: ............. м.кв гэж зураг үйлдсэн.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газар мөн адил ийм хэлбэрээр кадастрын зураг үйлдсэн байдаг. Үүнээс харахад, 1-2, 2-3, 3-4 гэдэг нь эргэлтийн цэгийг тогтоосон, бодит хэмжилт нь хийгдсэн баруун, зүүн, хойд, урд талыг нь тодорхойлсон, хил заагийг тэмдэгжүүлсэн гэж үзэх бүрэн үндэстэй гэдгийг хэлье.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч АПС-ийн барилгын урт нь 30 м байх ёстой, 24 м гэж схем зурагт буруу тусгагдсан байна. Эхний зургийн байдлаар схем зураг зурагдаж 24 м гэж тусгагдсан нь буруу гэж маргасан. Энэ талаар шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд Х.Т миний бие нэхэмжлэгчээс ...та барилгын уртыг 30 м гэдгийг хүлээн зөвшөөрөх үү... гэж асуухад, ...тийм... гэж хариулт өгсөн. Тэгэхээр нийт урт нь 30 м, мөн шүүхээс хийсэн хэд хэдэн үзлэгт барилгын урт нь мөн адил 30м гэдэг нь тогтоогдсон.

Дээрхээс үзэхэд АПС-ийн барилгын урт нь 30 м гэдэг нь маргаангүй, гэхдээ уг 2 давхар байшингийн баруун талын газар нь Х.Уий газарт орохгүй байгааг үүгээр өөрөө нотолсон болохыг шүүх анзаараагүй байна. Х.Уий гол маргасан асуудал нь 24 м гэж тусгагдсан нь буруу 24 м+5 м байх тохиолдолд зөв, үүнээс цаашид нь надад хамаагүй гэж мэтгэлцээний шатанд хэлсэн болохыг анхаарч үзэхийг хүсье. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Х.У нь дээрх АПС-ийн зургийг тайлбарлахдаа уг зураг нь яг энэ байдлаараа зөв, гэхдээ метр нь буруу бичигдсэн гэсэн. Үүнээс харахад, зураг 2 хуваагдсан байх ба нэг хэсэг нь байшингийн урт нь 24 м, нөгөө хэсэг нь 5 м буюу түүний гарааш нь юм. Гэхдээ Х.У үүнийг 30 м байх ёстой гэж маргаж байгаа хэдий ч 24 м хэмжээс нь байшин, нэмэх 5 м хэмжээс нь баруун талын газар гэж ойлгож байгаа юм. Нэхэмжлэгч өөрөө тэгж ойлгож байгаа хэдий ч байшин нийтдээ 30 м, баруун талын газар нь хоосон газар байх ёстой буюу түүний эзэмшлийн газарт хамааралгүй газар юм.

Мөн нэхэмжлэгч шүүхэд аймгийн Засаг даргын 152 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх хэмжээ нь зөвхөн хэргийн оролцогчдод хамааралтай. Гэхдээ шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж гуравдагч этгээд Х.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Нэмж хэлэхэд иргэн, хуулийн этгээдэд зөвхөн тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргадаг бөгөөд уг эрхэнд нь гадны байгууллагаас хүч түрэмгийлэн иргэний илүү эзэмшиж байгаа газрыг нэмж эзэмшүүлсэн шийдвэр гаргуул гэх хууль бус шаардлага тавьж болохгүй. Мөн аливаа байгууллагын дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагад заавар чиглэл өгөх эрхтэй боловч хууль бус, үндэслэлгүй даалгаврыг доод шатны байгууллага, албан тушаалтан биелүүлэхгүй байх эрхтэй гэдгийг дурдъя.

Мөн 29 сая төгрөг нэхэмжилж байгаа нь илт хууль бус, бүхэлдээ хуурамч материал бүрдүүлсэн болно.

Иймд маргаан бүхий 152 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Х.Уий эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, ямар нэгэн газрын давхцал байхгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Гуравдагч этгээд бид хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч, хууль ёсны эрх ашгаа хамгаалж ийнхүү давах гомдлоо гаргаж байгааг илэрхийлье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.У нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 152 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Таас хохирол 29140000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Хариуцагчаас миний эзэмшлийн газартай давхцуулан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн, улмаар миний газар эзэмших эрх зөрчигдөж байна гэж тодорхойлон маргажээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын дээрх маргаан бүхий 152 дугаар захирамжаар гуравдагч этгээд Х.Т, Х.Ху нарт тус бүр 52.5 м.кв газар эзэмшүүлэхдээ Х.Тд нэхэмжлэгч Х.Уий эзэмшил газрын тодорхой хэсэгт давхцуулан газар олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүх маргаан бүхий захирамжийн Х.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал,

Анх Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК болон нэхэмжлэгч Х.У нарын хооронд байгуулсан 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ-г үндэслэн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багт байрлах Холбооны газрын АПС-ийн барилгын 1272 м.кв газрын эзэмших эрхийг Х.У, У.Ну нарт гэр бүлийн хэрэгцээний болон үйлчилгээний зориулалтаар шилжүүлж, түүнтэй газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газрын албанд үүрэг болгожээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь Газрын албаны эрхлэх асуудал, чиг үүрэгт хамаарч байна. Түүнчлэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 14 дүгээр зүйлд зааснаар нэгж талбарын хувийн хэрэгт эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил зэргийг тусгасан нэгж талбарыг харуулсан тойм зураг, эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулсан зураг, нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгсөн акт зэрэг материалуудыг хавсаргах ёстой боловч нэхэмжлэгч Х.Уий эзэмшил газрын хувийн хэрэгт эдгээр баримтууд авагдаагүй байна. Мөн гэрч Ж.Естайн Х.У нь газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө уг газрыг хашаалсан байсан учир дахин хэмжилт хийгээгүй гэх мэдүүлгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэрийг үндэслэн Газрын алба нэхэмжлэгч Х.Уд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшил талбайн хэмжээг шалгуулах хүсэлтийн дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас газар дээр нь очиж шалгаад гэрчилгээ олгох үед барилгын уртын хэмжээг 32 м байхыг 24 м гэж буруу тогтоосон ба Х.Уий эзэмшил талбайн кадастрын зургийг заавар стандартын дагуу үйлдээгүйгээс болж талбайн хэмжээ нь буруу бичигдэж гэрчилгээ олгогдсон болохыг илрүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд талбайн хэмжээг 1503 м.кв болгож зөвтгөхийг тус газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1207 тоот албан бичгээр Баян-Өлгийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэдэгджээ. Нэхэмжлэгч Х.У нь анх газрыг дээрх хэмжээгээр хашаалсан бөгөөд эзэмшиж байгаа барилга, хашааны хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна.

Хариуцагчаас хариу тайлбартаа АПС-ийн барилгын эзэмшил газрыг тогтоосон схем зургийн дагуу 1272 м.кв газрыг Х.У, У.Ну нарт эзэмшүүлсэн гэж тайлбарласан байх ба Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сангаас гаргасан 2009 онд хийгдсэн Кадастрын зураглал ба газрын бүртгэлийн ажил-ын мэдээллийн сан дахь Х.Уий эзэмшил газрын кадастрын зураг нь тухайн үеийн АПС-ийн барилгын схем зурагтай тохирч байгаагаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.У, У.Ну нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил газрын хувийн хэрэгт хавсаргасан тухайн үеийн АПС-ийн барилгын схем зураг дээрх хэмжээ, заагийн дагуу газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл маргаан бүхий актаар гуравдагч этгээд Х.Тд 52.5 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Х.Уий эзэмшил газартай давхцуулан олгосон байх ба гуравдагч этгээд Х.Худ олгосон газар нь давхцаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлснээс хойш Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргаж ирүүлсэн Х.Уий эзэмшил газрын кадастрын зургийг юуг үндэслэн гаргасан, аль талаас эхлэлийн цэгийг авч тогтоосон зэрэг нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хувийн хэрэгт хавсаргасан тухайн үеийн АПС-ийн барилгын схем зураг дээрх хэмжээ, байршлаас зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Анх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Х.Уий эзэмшил газар гэдгийг хүлээн зөвшөөрч Х.С, Х.Х нар нь тухайн талбай дээр нэхэмжлэгчийн бариулж байсан барилгыг худалдан авч байсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн гуравдагч этгээд Х.Таас хохирол 29140000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт утга агуулгын хувьд ойлгомжгүй болсон байх тул зохих өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Х.Т болон Х.Хугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Уий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 152 дугаар захирамжийн Х.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Худ холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Т болон Х.Хугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА