Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 427

 

Ардчилсан намын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түгжжав, хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0670 дугаар магадлалтай, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.2.5, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ардчилсан намын “Архангай аймгийн Өлзийт сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0670 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.7, 157 дугаар зүйлийн 157.2.5, 157.7, 157.9-д заасныг тус тус баримтлан Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгон Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны дарга Н.Түгжжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ”....хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна.

Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан нам нь Сонгуулийн тухай хуулийн 157.2.5-д заасан “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийг хуулийн дагуу хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө гаргаж өгөөгүй.

Үүнийг ирүүлэхийг тус сонгуулийн хороо мэдэгдэхэд “буруу маягтаар”-аар гаргаж 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн.

Харин үүнийг Өлзийт сумын сонгуулийн хороо хүлээн аваагүй нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шудрага ёсыг сахих”, 5.1.7-д заасан “энгийн ойлгомжтой байх” зарчмыг зөрчсөн гэж үзжээ.

Гэтэл бодит байдал дээр Сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн зөрчлийг арилгуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаартай албан тоотоор уг хуулийн 158.1.3-т заасан нөхцөл бүрдэж байгааг мэдэгдсэн.

Энэ нь тухайн зөрчлийг арилгах боломж Өлзийт сумын Ардчилсан намд болон нэр дэвшигч нарт байсан, мэдээгүй биш мэдсээр байж материал дутуу ирүүлж, улмаар дахин өгөхдөө буруу хуурамч материал өгснийг бүртгэж авахгүй байх өөрийн чиг үүргийн дагуу бүртгээгүй.

Үүнийг Давж заалдах шатны шүүхээс буруу ташаа ойлгож хуулийн дээрхи заалтыг буруу хэрэглэсэн мэтээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Мөн хуулийг хэрэглэх болон хэрэгжүүлэх явцдаа олон зүйл заалтыг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотой зарчмын зохицуулалтыг энэ харилцаанд буруугаар шууд хамааруулсанд гомдолтой байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зарим асуудал тодорхойгүй байсан мэт зүйл уг магадлалаас тодорхой харагдаж байна.

Тухайлбал, хэрвээ тухайн бичиг баримтны талаар зөвлөгөө өгч, дахин дахин уулзаж алдаа зөрчлийг арилгуулсны дараа бүртгэж авах шаардлагатай гэж шүүгч ойлгосон бол энэ талаар ийм үүрэгтэй эсэхийг тодруулахаар Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл авч эцэслэн шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэсэн буюу анхан шатны шүүх хуралдаанаас өмнө бүрдүүлэх шаардлагатай зарим нотлох баримт гаргуулж, тодруулалгүй орхисноос болж уг хэргийг буруу, үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж,  Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгон, тус сумын Ардчилсан намын нэр бүхий 21 нэр дэвшигчийг бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. 

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх 7 төрлийн бичиг баримтыг нэрлэн заасны нэг нь “энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” байхыг тодорхойлсон байна.

Архангай аймгийн Өлзийт сумын Ардчилсан намаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг 50 минутад сумын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч 21 иргэний баримт бичиг тус бүрд “өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” байгаагүй, бүрдэл дутуу байжээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар Сонгуулийн хороо нь бичиг баримт гүйцэт эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, бичиг баримт дутуу бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т тодорхой зааснаас үзвэл, Ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч 21 иргэнийг бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Өлзийт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоол хуульд нийцсэн, хууль ёсны захиргааны акт байна.

Энэ талаарх маргааны үйл баримтад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь бүрдэл дутуу бичиг баримт ирүүлснээ “...сумын Сонгуулийн хорооноос ирүүлсэн маягтын дагуу бичиг баримтыг бүрдүүлсэн, ...өр төлбөргүй болох тухай гэх маягт байгаагүй,  ...Сонгуулийн хороо баримт бичиг гүйцэт эсэхийг нягталж шалгах үүргээ биелүүлээгүй...” хэмээн хариуцагчийг буруутган тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болохыг шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тусгажээ.

Дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлээр тодорхойлогдсон нэр дэвшигчээр бүртгүүлэх хугацаа, бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалт зэрэг нь бүртгүүлэхээр хандсан этгээдэд  хамааралтай, түүнд үүрэг болгосон агуулга бүхий зохицуулалт гэж үзэх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй үр дагавар нь уг хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар зохицуулагдсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д зааснаар бичиг баримтын бүрэн гүйцэт эсэхийг шалгаж, дутууг нөхөн авах боломжтой болох нь энэ хуулийн 157.9-д зааснаар “ ...тав хоногт бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх...” чиг үүрэгтэй нийцнэ...” хэмээн  хуулийг буруу тайлбарлажээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсгээр нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацааг тав хоног байхаар тогтоосон нь зөвхөн ирүүлсэн материалыг үндэслэн нягталж, шалган бүртгэх, эсвэл татгалзах үндэслэл байгаа эсэхийг тогтоон шийдвэр гаргахад чиглэгдсэн болохоос дутуу баримтыг “нөхөж авах боломж”-ийг олгож байгаа зохицуулалт биш болно.

Мөн давж заалдах шатны шүүх “...албан татварын өр төлбөргүй болох тухай болон бусдад шүүхийн шийдвэрээр төлөх өр төлбөргүй болохоо нотолсон баримт ирүүлсээр байхад ... өөрийгээ өргүй гэх баримт ирүүлээгүй шалтгаанаар бүртгэхээс татгалзсан нь Сонгуулийн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй,... хэлбэрийн төдий зөрчил...” гэж эдгээрийн аль нэг нь бүрдсэнээр нэр дэвшигчээр бүртгэх боломжтой гэх агуулга бүхий, хуулиар тавигдсан шаардлагыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.   

Тухайлбал, Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх болон албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, харин энэ хуульд заасан өр төлбөргүй болохоо тухайн нэр дэвшигч өөрөө мэдүүлж мэдүүлгээ ирүүлэх нь нэр дэвшигчээр бүртгүүлэхээр бүрдүүлэх баримт бичгийн нэг болохыг 157 дугаар зүйлийн 157.2-т заасан, нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу байхын аль аль нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсгүүдээр тус тусад нь зохицуулсан байгааг анхаараагүй байна.

 Иймээс магадлалыг хүчингүй болгон, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0670 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ