Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0259

 

Ч.Ганзүрхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Н.Шүрэнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Ганзүрхийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наран-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж, 1088а тоот хаягт байрлах газарт 2006 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг газраа хуульд заасан дүрэм журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэх гэтэл өмчлөгч давхардсан гэх үндэслэлээр өмчлүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Бидний одоо амьдарч буй газар нь иргэн Н.Шүрэнцэцэгт ямар нэгэн хамаагүй бөгөөд Нийслэлийн өмч газрын харилцааны албанаас бидэнд хуулбарлан өгсөн Нийслэлийн Засаг даргын Газар өмчлүүлэх тухай 2003 оны 534 дүгээр шийдвэрт 336 м.кв талбай бүхий газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр заасан байх ба өнөөдрийн байдлаар дээрх захирамжид ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад иргэн Н.Шүрэнцэцэгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан газар өмчлөх эрхийн гэрчилгээнд дээрх талбайн хэмжээг нэмэгдүүлж бичилт хийснээр иргэн миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

Газар өмчлөх улсын бүртгэлийн 000122721 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж, 1086а тоот хаягтай 559 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг анх иргэн Г.Ням-Осор, Д.Октябрь, Н.Сандуйжав, Н.Ханджанцан нарын өмчлөлд бүртгэхдээ Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дугаартай захирамжаар олгогдсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, нэгж талбарын 18641314162978 дугаартай газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бүхий бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-2202013487 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000120543 дугаартай гэрчилгээг 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон байна. Иргэн Г.Ням-Осор нарын дөрвөн өмчлөгч нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Шүрэнцэцэг /НТ76110424/-ийн өмчлөлд уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар иргэн Н.Шүрэнцэцэг өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээрээ байна. Улсын бүртгэлийн байгууллага нь төрөөс үнэгүй өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Өмч, газрын харилцааны албанаас олгогдсон газар өмчлүүлэх шийдвэр бүхий нотлох баримтыг үндэслэдэг бөгөөд дээрх бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 17 дугаар зүйл болон 24 дүгээр зүйлд заасан шаардлага бүрэн хангагдсан байсан тул улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд иргэн Ч.Ганзүрхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 20 дугаар гудамж, 1086а тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 559 м.кв хэмжээтэй газар нь иргэн Н.Шүрэнцэцэг миний хуулийн дагуу өмчилж авсан газар гэдэг нь дараах хууль ёсны нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Г-2202013487 дугаарт бүртгэгдсэн 000122721 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн газрын байршлын кадастрын зураг, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн эргэлтийн цэгүүдийг нь газар нь бэхэлсэн нэгж талбарын зураг, 1999 оны гэр хорооллын газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, анх иргэн Г.Ням-Осор, Д.Октябрь, Н.Сандуйжав, Н.Ханджанцан нарын өмчлөлд бүртгүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжаар олгогдсон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн лавлагаа, нэгж талбарын жил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, хяналтын хэмжилт хийсэн тухай протокол, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны хариу тайлбар хүргүүлэх тухай албан тоот, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ/2016/00265 дугаартай шийдвэр зэрэг хууль ёсны нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

Ч.Ганзүрхийн авчирч өгсөн шийдвэр нь Н.Шүрэнцэцэгт ямар ч хамааралгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь Н.Шүрэнцэцэгийн хууль ёсоор өмчилж авсан газрын хэмжээг 559 м.кв хэмжээтэй байхад тухайн шийдвэр дээр 336 м.кв хэмжээтэй гэж бичсэн, 559 м.кв хэмжээтэй газрыг иргэн Гал-Очирын Ням-Осороос шилжүүлэн авсан, Ган-Очирын Ням-Осороос шилжүүлэн аваагүй учир тухайн шийдвэр Н.Шүрэнцэцэгт ямар ч хамааралгүй шийдвэр гэдэг нь нотлогдож байна. Ч.Ганзүрх нь тухайн газрыг миний газар гэх ямар ч хууль ёсны 1 ширхэг нотлох баримт үгүй байж ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчигдсөн үйлдэл хийгдээгүй болно. Иймд Ч.Ганзүрхийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, Газар өмчлөх улсын бүртгэлийн 000122721 тоот гэрчилгээг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Н.Шүрэнцэцэгт дахин газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгажээ.

   Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Н.Шүрэнцэцэг нь 2005 оноос хойш 2013 он хүртэл 8 жилийн хугацаанд иргэн Г.Ням-Осорын хашаанд амьдарч байсан. Энэ хугацаанд тус хашаанд амьдарч дассан тул уг газрын өмчлөгч Ням-Осортой тохиролцон 2013 онд тус газрын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан юм. Г.Ням-Осортой гэрээ байгуулж, газрыг шилжүүлэн авах үед улсын бүртгэлийн газраас 559 м.кв талбайтай газар өмчлөх гэрчилгээ түүний нэр дээр олгосон байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээнд итгэж тухайн газрыг өөртөө шилжүүлж авсан. Нэхэмжлэгч Ч.Ганзүрх нь 2006 онд хойш манай хашаанд нүүж ирэн амьдрах болсон. Амьдарч байх хугацаандаа өмнөх өмчлөгч Г.Ням-Осортой газрын талаар 8 жилийн турш маргадаггүй, газар өмчилж авах талаар дүүргийн Засаг дарга гэх мэт холбогдох газарт хүсэлт гаргаж байгаагүй. Тухайн газрын өмчлөгчтэй маргах ямар ч хууль зүйн баримт бичиггүй атлаа гэнэт надтай 2015 оноос эхлэн тухайн газрыг өмчлөх эрхтэй байсан мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх Гал-Очирын Ням-Осорт 559 м.кв талбайтай газар олгосон Нийслэлийн засаг даргын 2003 оны 12 сарын 12-ны өдрийн газар өмчлүүлэх тухай шийдвэрт үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргасан байна. Шүүгч нь хэргийн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь зүйн хэрэг боловч кримналистикийн шинжээчийн үүргийг гүйцэтгэж, "...тус шийдвэрт засвар орсон байж болзошгүй байна ..." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар үнэлэх ёстой байтал бичгэн нотлох баримтад үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлдээ " ... цифрүүд нь засвартай байж болзошгүй байна ....” гэж үзсэн нь нотлох баримтыг шүүх хуралдааны үеэр үнэлэх бус үзлэгийн үеэр үнэлсэнтэй адил байгаа юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.Ням-Осорт олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 сарын 12-ны өдрийн шийдвэр 2 өөр байдлаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. 559 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийн хуулбарыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас, 339 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийн хуулбарыг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас тус тус ирүүлсэн. Эндээс 339 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийн эх хувь хаана ч байдаггүй ба, гагцхүү 559 м.кв талбайтай газар өмчлүүлэх шийдвэрийн эх хувь нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдсан байдаг бөгөөд шүүх 559 м.кв талбайтай газар өмчлүүлэх бичгэн нотлох баримтад үзлэг хийсэн. Миний бие өөрийгөө энэхүү 559 м.кв газрын хууль ёсны өмчлөгч гэж үздэг бөгөөд учир нь иргэн Г.Ням Осорт олгосон 559 м.кв газрын гэрчилгээг харж, итгэж худалдаж авсан юм. Гэтэл хаана ч байдаггүй 339 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийн хуулбарыг шүүгч жинхэнэ гэрчилгээ гэж үзэж, миний эзэмшиж байсан газрын гэрчилгээг түдгэлзүүлсэнд гомдолтой байна.

Миний бие 339 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийн эх хувийг Чингэлтэй дүүрэг болон Улсын бүртгэлийн газраас лавлаад огт олоогүй бөгөөд, шүүх ч мөн адил 339 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийн эх хувийг олж чадаагүй атлаа эх хувь нь байгаа 559 м.кв газар өмчлүүлэх шийдвэрийг хуурамч гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй юм.

Шүүх 559 м.кв газар өмчлүүлэх шийдвэрт үзлэг хийхдээ "Үзлэгийн зорилго: Иргэн Г.Ням-Осорт газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр жинхэнэ эсэхийг тогтоох" гэсэн нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн үүрэг гүйцэтгэж, бичгэн нотлох баримтын жинхэнэ эсэхийг тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй. Бичгэн нотлох баримтын жинхэнэ эсхүл хуурамч эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээч томилох эсхүл тухайн гэрчилгээг олгосон байгууллагаас жинхэнэ эсхүл хуурамч эсэхийг тодруулах боломжтой атал шүүх кримналистикийн шинжээч мэтээр үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Шинжээч томилох шаардлагатай байсан.

Нэхэмжлэгч Ч.Ганзүрх нь захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй байна. Учир нь Г.Наран-Эрдэнэ гэх этгээд нь нэхэмжлэгч биш юм. Нэхэмжлэгч Ч.Ганзүрхийг захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг олгоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ганзүрх нь өөрийгөө газар өмчлөх эрхтэй этгээд гэж маргадаг, энэ эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч газар өмчлөх хүсэлтээ Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу дүүргийн Засаг даргад хандаж байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх нь мөн тодорхойгүй байхад хөндлөнгийн хүний хүсэлтээр иргэн Н.Шүрэнцэцэг миний хуулийн дагуу олж авсан, төрийн зохих байгууллагаас зөвшөөрөн бүртгэсэн гэрчилгээг түдгэлзүүлж, хүчингүй болгож байгаад гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Ганзүрх нь нэхэмжлэлдээ “... Булгийн 20-1088 а тоотод 2006 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг газраа өмчилж авах гэтэл өмчлөгч давхардсан гэх үндэслэлээр боломжгүй гэсэн хариу өглөө. Бидний одоо амьдарч байгаа газар нь Н.Шүрэнцэцэгт огт хамаагүй ...” гэж дурджээ.

Нэхэмжлэгчийн энэ үндэслэлтэй холбогдуулж хаана байрлалтай, ямар хэмжээтэй газрыг хэзээ өмчилж авахаар хаана хандсан, 2006 оноос хойш маргаан бүхий гэрчилгээ гарахаас өмнө нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь нэг хашаанд амьдардаг атлаа хаяг яагаад өөр байгаа /1088а, 1086 а/ талаар шаардлагатай баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар тодруулж дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан хариуцагчаас ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 534 дүгээр захирамжийг үндэслэн олгосон газар өмчлүүлэх шийдвэрт газрын хэмжээ 336 м.кв-аар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцаанаас ирүүлсэн газар өмчлүүлэх шийдвэрт газрын хэмжээ 559 м.кв-аар тус тус тусгагдсан зөрүүтэй байх боловч хариуцагчаас ирүүлсэн “Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”[1], Г.Ням-Осорын газрын кадастрын зурагт 559 м.кв-аар тусгагдсан, харин газрын албанаас кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт ирээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор анх 336 м.кв газар өмчлүүлэх үеийн кадастрын зураг, улсын хянан баталгааны дүгнэлтэд газрын хэмжээ хэрхэн тусгагдсан, яагаад газар өмчлөгчийн овог, хамтран өмчлөгчийн нэр зөрүүтэй байгаа, дээрх 559 м.кв газрын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зургийг ямар үндэслэлээр олгосон талаарх эрх бүхий этгээдээс лавлагаа авах, гэрчээр Г.Ням-Осорыг асуух зэргээр нотлох баримтыг цуглуулж газар өмчлүүлэх шийдвэрийг хэн, ямар шалтгаанаар зассаныг тогтоосны үндсэн дээр уг шийдвэрт үндэслэн хийсэн газар өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээ нь хууль бус эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай. Учир нь газар өмчлөхийг хүссэн Г.Ням-Осорын 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өргөдөлд[2] газрын нийт хэмжээг “Урт 28, өргөн 12 м, талбай 336 м.кв” гэж бичсэн, хэрэгт авагдсан кадастрын зурагт тухайн газар нь зөв тэгш өнцөгт хэлбэртэй биш, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зураглалд 2005 оноос хойш хашааны байрлал, хэмжээ өөрчлөгдөөгүй зэргээс үзвэл эрх бүхий байгууллагын хэмжилт, зөвшөөрлөөр газрын хэмжээг өөрчилснийг үгүйсгэхээргүй байна.

Анхан шатны шүүх үзлэг хийж цуглуулсан эргэлзээтэй, засварлагдсан байж болзошгүй баримтад тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжилгээ хийлгэлгүй “... шийдвэрт засвар орсон байж болзошгүй, ... Жанцан гэх нэрийг Ханджанцан болгож засварласан бололтой ...” гэх мэт эргэлзээтэй нөхцлийг дурдсан атлаа “Иймд ... газрын үнэ болон хэмжээг засварлажээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүрэгтэй” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “... нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, 110 дугаар зүйлийн 110.3-д “... Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримтыг шаардан авч болно” гэж тус тус заасныг зөрчжээ. Энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, дээр дурдсан холбогдох баримтыг цуглуулж үнэлэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ