| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е
Орчуулагч, хэлмэрч Б.Ж,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Ү.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Ат холбогдох эрүүгийн 211300001760187 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ** дугаар баг, Ц гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Ү-н А РД: /*****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед тус аймгийн Цэнгэл сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Н.Жыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,
Шүүгдэгч Ү.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001760187 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Жаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 4-р тал/,
Хохирогч Н.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Миний бие Ц сумын ** дугаар багт мал маллаж аав, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Ц сумын ** дугаар багийн иргэн Ү.А мал сүрэг манай бэлчээр рүү орж ирж бэлчиж байсан. Тэр үед би Ат “хонио цаашаа хариул” гэж орилсон. Уг газар миний мал төллөх үед малаа бэлчээдэг газар байгаа юм. А өвөлжингөө манай бэлчээрийн өвсийг өөрсдийн малдаа идүүлээд мал нь төллөх үед өөр газар руу нүүгээд явчихдаг. Би малаа цаашаа хариул гэж орилоход А надад “надаас юу олж долоох вэ, олж долоох юм бол олж долоогоорой. Би хонио туухгүй” гэж хэлсэн. Тухайн үед би түүний малыг бэлчээрээс тууж гаргахад А морьтой давхиж ирээд моринос буугаад намайг шууд захнаас минь заамдаж бариад газарт унагааж зодож эхэлсэн. А намайг толгой тархи гэлтгүй нударгаар нүдсэн. А намайг зодож байхдаа “би зүрхний өвчтэй шүү чамайг ална” гэж хэлж байсан. ...нийт учирсан 120.000 төгрөгийн хохирлыг А надад бүрэн төлж өгсөн. Надад одоо ямар ч гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг/хэргийн 22-27-р тал/,
Гэрч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө миний нөхөр Ж нь хонио хариулахаар явсан. Хонь хариулж яваад орой 18 цагийн үед ирсэн. Тэр үед манай нөхөр Ж нь “Ахансерид зодууллаа” гэж ирсэн ба түүний баруун талын шанаа хэсгийн арьс нь шалбарсан шархтай, духны хэсэг нь хавагнасан, хамар нь хавдсан байдалтай байсан. Мөн толгой өвдөж байгаа талаар хэлсэн. Жы баруун мөрөнд хөхрөлттэй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-30-р тал/,
Тус аймгийн ШША-ны шинжээч эмч, К.Хын 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн №532 тоот дугаартай “...Н.Жы биед тархины доргилттой, духны зүүн хэсэгт хавдартай, цус хуралттай, баруун талын уруулын дотор талд хэгзэрсэн, доод эрүүний баруун ар буланд хавдартай, цус хуралттай, баруун завжинд цус хуралттай, баруун мөрөнд цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай гэмтэл тогтоогдлоо. Н.Жы биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Иргэн Н.Жы дээрх гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд болно. Иргэн Н.Жы дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 45-47-р тал/,
Шүүгдэгч Ү.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би хонин сүргээ бэлчээрт гаргасан. Бэлчээрт гаргаад уулын оройд малаа хариулаад явж байхад манай айлын мал бэлчдэг бэлчээр рүү миний хонин сүргийн тал нь хуваагдаад явсан байсан. Тэгээд би Нагашбайн бэлчээр рүү явсан малаа хариулаад 30 гаруй минут явсан ба тэр хооронд Нагашбайн хүү Ж намайг харааж орилж хашгирч байсан. Тухайн үед би мал хариулж явсан Ж руу дөхөөд ирсэн. ...Тэр үед Н.Ж миний морь руу чулуу шидэж эхэлсэн. Би мориноос бууж ирээд Н.Жыг заамдаж бариад ноцолдоод Н.Жыг газарт унагаасан. Н.Жыг газарт унагаагаад толгой хэсэг рүү нь болон аман тус газар нударгаар хэд хэдэн удаа цохисон. Мөн түүний баруун талын шанаа хэсэгт миний хумс шигдэж жоохон цус гарсан. Жы эрүүл мэндэд хохирол учруулж гэмтээснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...хохирол болох 120000 төгрөгийг төлж өгсөн байгаа гэх мэдүүлэг” /хэргийн 64-72-р тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Ү.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 80-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 78-р тал/, болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ү.А холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ү.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрийн маргаанаас болж, хохирогч Н.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг[1], гэрч Л.Алтынгүлийн мэдүүлэг[2], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 532 дугаартай шинжээчийн дүгнэлт[3], болон шүүгдэгч Ү.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ү.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ү.А үйлдлийн улмаас хохирогч Н.Жы биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ү.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ү.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Ү.А үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Жы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршигт 120.000 төгрөг төлснөөр хохирол, хор уршиг бүрэн арилсан болох нь хохирогч Н.Жы мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ү.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү.А нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[4]-аар нотлогдож байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, танилцуулсныг шүүгдэгч Ү.А хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Ү.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ү.Ат хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ү.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ү-н А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ат 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ү.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ү.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б