Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2113000000177 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1990 оны 02 дугаар сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Баян- Өлгий аймгийн Улаанхус сумын 4 дүгээр баг, Ст оршин суух хаягтай, урьд 2020 оны 1 дүгээр сарын 14-нд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сард тэнсэн суллагдсан, М ургийн Х овогтой Б, РД:******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “С” гэх газарт байрлах хохирогч А.Бын гэрээс хэтэвчтэй бэлэн мөнгө болох 332.950 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:         -

- Хохирогч А.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2021 оны хавар тус сумын С багийн төвд байшин худалдаж авч хөдөөнөөс нүүж ирсэн юм. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөршүүдээ цайнд урьсан юм. Цай өгөх бэлтгэл ажилд манай хүргэн болох Х.Б тусалж, тэр өдөр манай гэрт өнжсөн. Тухайн орой хүмүүсийн бэлэглэсэн мөнгийг улаан өнгийн хэтэвчинд хийгээд өөрсдийн унтдаг орны гудсан дор хадгалж байсан ба дахин мөнгө нэмж хийхээр хэтэвчийг авах гэсэн боловч олдоогүй юм. Тэгээд цай өгөх бэлтгэл ажилд тусалж байсан Х.Быг тоглоод авчихсан юм болов уу гэж бодож тэдний гэрт очиж асуусан боловч, Б уурлаж чиний түрийвчийг аваагүй гэхээр хүүхдүүд аваад гээгдүүлсэн юм болов уу гээд хүүхдүүдээс асуусан боловч тэд нар үзээгүй гэсэн. Тэгээд гадаа байх 00 уруу орох гэж яваад мөнгө хийсэн улаан өнгийн түрийвчийг байшингийн хажуугаас олж авсан юм. Өмнө нь түрийвч олдсон газраар явж байсан боловч түрийвч байгаагүй. Тэгээд түрийвчээ олж авсан боловч дотор нь байсан 330.000 орчим төгрөг байхгүй байсан тул хэн нэг хүн хулгайлсан байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн юм. Миний түрийвчийг авсан хүн доторх мөнгийг нь авчихаад хоосон түрийвчийг хашаанд шидчихээд явсан байх гэж бодож байна. Түрийвчинд өдрийн цагаар манай ойрын хамаатнууд цайнд уригдаж ирээд шинээр худалдаж авсан байшинг минь мялааж өгсөн мөнгө нийт 330000 байсныг би тоолж түрийвчинд хийж, орны дэвсгэр доор 18 цагийн үед тавьсан байсан. Түрийвчинд задгай 1000-тын дэвсгэрт байж магадгүй юм. Өөрийнхөө тоолсон, хүмүүсийн өгсөн мөнгөний дүн тодорхой болохоор 330000 төгрөг гэж хэлсэн юм. Бусад задгай мөнгийг тоолоогүй учраас алдагдсан гэж хэлээгүй юм. ...А.Б нь надад учруулсан хохиролд 2 тооны 3 настай хонь өгсөн учраас би уучилсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хэргийн 25-27, 30-31, 34-р тал/

Гэрч К.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед байх би гадаа машин засварлаж байсан. Х.Б ирж урд авсан архины зээлийг өгөх гэсэн гэхээр нь би юм хийж байна, гэрт хүн байгаа өгчих гэсэн юм. Уг архины өртөг нь 6000 төгрөг байсныг манайд оруулж өгөөд явсан. Хэсэг хугацааны дараа би гэрт байхад ойролцоогоор 18 цаг 30 минутын үед байх, манай гэрт Х.Б ирж, 7500 төгрөгийн үнэтэй 1 шил архи худалдаж аваад явсан. Архи авахдаа надад 20000-тын нэг ширхэг дэвсгэрт өгөхөөр нь би хариултыг нь өгсөн. Тухайн өдөр манайд нийт 13500 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 43-р тал/,

Гэрч С.А-шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оройхон тийшээ буюу 19-21 цагийн хооронд миний бие өөрийн эзэмшлийн “А” хүнсний дэлгүүрт байхад манай багийн иргэн X.Б ирсэн. Х.Б нь урд нь манай дэлгүүрээс зээлээр эд зүйл авч байсан ба нийт 166.200 төгрөгийн зээлтэй байсан. Тус өдөр Х.Б нь эд зүйл авсан зээл болох 166.200 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж, дараа нь өөрийн 85363820 гэсэн мобикомын дугаарыг 14000 төгрөгөөр цэнэглэсэн. Маргааш нь дахиад ирж 20.000 төгрөгт мотоциклийн шаврын хаалт болон бусад эд зүйлийг худалдан авсан байсан яг юу юу авсныг нарийн санахгүй байна. Ямар ч гэсэн 20.000 төгрөгт худалдаа хийсэн байх. Х.Б нь 2021 оны 10 дугаар  сарын 27, 28-ны өдрүүдэд урьд төлөх зээл болон тухайн өдөрт авсан эд зүйл нийлээд нийт 200.200 төгрөгийг манай дэлгүүрт өгсөн” гэх мэдүүлэг/хэргийн 39-р тал/,

Гэрч Е.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Х.Б өөрийн мотоциклтой ирж 5 литр бензин авч 12750 төгрөгийг бэлэн тооцоо хийж явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 37-р тал/,

Шүүгдэгч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний найз болох А.Б нь өглөө 7 цагийн үед байшингийнхаа цай болон хүүхдийнхээ үсэглэлийн баярын цайг өгөх гэсэн юм. Чи надад мах чанаж өгч туслаач гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд тэдний гэрт махыг нь чанаж өгсөн юм. Тухайн цайллага болж байх хооронд 18 цагийн үед А.Бын байшингийн унтлагын өрөөний орны дэвсгэр доор байсан улаан өнгийн эмэгтэй хүний хэтэвч байхаар нь нээж үзэхэд 10000 дэвсгэрт болон 20000-тын дэвсгэрт холилдсон мөнгө байсан. Тухайн үед гэрт олон хүмүүс байсан учраас би хэтэвчинд байгаа мөнгийг тоолж үзэхгүйгээр аваад гарсан. Тэгээд гадаа гарч хүнгүй газар тоолж үзэхэд 330.000 төгрөг байсан ба би мөнгийг нь аваад хэтэвчийг байшингийн хаалганы урд хаячихсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд А.Бад өөрийн хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж 2 тооны 3 настай хонь өгч уучлалт гуйж, хохирлын барагдуулсан. Хохирогч одоо надаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэж хэлсэн. Иймд надад хуулийн хөнгөлөлт олгож өгнө үү” гэх мэдүүлэг /хэргийн 66-67-р тал, шүүх хуралдаан тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Быг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газар байрлах А.Бын гэрээс түрийвчтэй 330.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1], хохирогч А.Б[2], гэрч К.Ө, С.А, Е.М[3] нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул түүнийг гэм буруугийн  санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч Х.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч Х.Бы дээрх үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинж тогтоогдохгүй байна. Учир нь Х.Б нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  А.Бын гэрт хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор идэвхтэй үйлдэл хийж, хууль бусаар нэвтэрч ороогүй, тухайн өдөр хохирогч А.Бын гуйснаар тэдний гэрт болох цайллагад зориулж, мах чанах ажилд туслахаар ердийн байдлаар хохирогчийн гэрт нэвтэрч орсныхоо дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэх сэдэл төрж, орны гудсан доор байсан хэтэвчтэй 330.000 төгрөгийг хулгайлсан нь нотлогдож байна.

Тиймээс шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Х.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Х.Бы амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч А.Бад 2 тооны 3 настай хонь өгсөн, мөн 330.000 төгрөгөөс үлдсэн 51.500 төгрөгийг буцаан өгснөөр хохирогч А.Б нь гэмт хэргийн хор уршиг бүрэн арилсан, Х.Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул яллах дүгнэлтэд дурдсан 332.950 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Баас гаргуулж, хохирогчид олгох хохирол, төлбөргүй гэж үзэв.

                 Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Х.Б нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор[4] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 7 дугаар сард тэнсэн суллагдсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Харин шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь  түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн тул түүний өмгөөлөгч Д.Аээс гаргасан “Шүүгдэгч Х.Бд улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээж аваагүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Х-ы Быг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бд 350 /гурван зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил  хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 350 /гурван зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолын биелэлтийг хангаж, хэрэгжүүлэхийг Баян”Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.Б

 

[1] хх-ийн 3-7-р тал

[2] хх-ийн 25-27, 30-31, 34-р тал

[3] хх-ийн 37, 39, 43-р тал

[4] Хэргийн 85-87-р тал