Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох 2113000580085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Б аймгийн С сумын * дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт О-н Д, регистрийн дугаар ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Б аймгийн С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Я" гэх газарт шинэс ой модтой уулнаас 110 ширхэг буюу 1.6894 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлсөн тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв. 

Эрүүгийн 2113000580085 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-82-рх/,

2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-91, 143-147-рх/,

3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93, 149-150, 159-160 рх/,

4. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97- 100, 151-157, 162-167-рх/,

5. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 101-рх/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-рх/,

7. Гэрч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-рх/,

8. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн 45-49-рх/,

9. Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-21-105, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-21-113, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БӨА-21-118 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 117-120, 130-133, 184-187-рх/,

10. Шүүгдэгч О.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 203-204-рх/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ды  гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

 Шүүгдэгч С.Дыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Дыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод модон материал бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч О.Даас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал, хохирлын талаар маргахгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т дэмжин оролцож, гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Ды холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Б аймгийн С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Я" гэх газарт шинэс ой модтой уулнаас 110 ширхэг буюу 1.6894 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Иргэн О.Ды мод бэлтгэсэн гэх газар нь тус аймгийн Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Я” гэх газар байх ба уг хавцал нь хойноос урагш урсгалаар хавцал хэсэгт зүүн тийш эргэлттэй, улмаар урагшаа чиглэсэн гол байв. ...О.Ды мод бэлтгэсэн газар нь хавцлын баруун урд талын шигүү ургасан шинэс модтой уулын хойд нуруу хэсэг байв. Уулын бэлд, ойн захад машинаа үлдээн О.Д болон хөндлөнгийн гэрч Б.Байболат, Х.Саулет нарын хамт уул өгсөж, 3 орчим км явж О.Ды мод бэлтгэсэн гэх хэсэгт хүрэлцэн ирэв. Тус газар нь 60-65 орчим градусын налуутай, газрын гадаргуу өвс ургамлаар хучигдсан ба байршил тогтоогч төхөөрөмжийг ашиглаж үзэхэд 48^09’10.8", Е 088°51’54.3” зааж үзүүлснийг гэрэл зургаар бэхжүүлэв. Үргэлжлүүлэн О.Ды зааж үзүүлсэн хожуул мод бүрийг дугаарлан хэмжилт хийхэд 1-р хожуул мод нь 13.2 см диаметртэй, 48.6 см өндөртэй, 2-р хожуул мод нь 14 см диаметртэй, 76.3 см өндөртэй, 3-р хожуул мод нь 15.2 см диаметртэй, 89 см өндөртэй..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-82-рх/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-91, 143-147-рх/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-93, 149-150, 159-160-рх/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-100, 151-157, 162-167-рх/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 101-рх/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Ды хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд учруулсан хохирлын 1.743.218 /нэг сая долоон зуун дөчин гурван мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх-ийн 34-рх/,

- Гэрч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны сүүлээр Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Даян гэх ахын гэрт өвс хадах асуудлаар очсон байсан, 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна хөрш айлын О.Д гэгч залуу уулын дунд хэсэгт байгаа ургаа нойтон моднуудаас мод бэлтгэж байхад хажууд нь очоод мэндлээд яваад өгсөн юм. ...тухайн үед О.Д гэгч залуугийн хажууд өөр хүн байгаагүй ганцаараа мод бэлтгэж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 36-рх/,

- Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...Сагсай сумын “Я” гэх газар нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарна. ...Тус бэлтгэсэн мод нь шинэс буюу шилмүүст мод байна. Бэлтгэсэн моднуудыг хөрөөгөөр зориуд тайрч бэлтгэсэн байна. ...1.6984 м3 эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн мод нь нойтон шинэс мод байна. О.Ды хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.6984 м3х570,216x1.8=1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан байна” гэх 16 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн 45-49-рх/,

- Ашид Билгүүн ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн БӨА-21-105, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-21-113, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БӨА-21-118 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 117-120, 130-133, 184-187-рх/,

- Шүүгдэгч О.Ды мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын дундуур, хадлангийн үеэр Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Я гэх газраас зөвшөөрөл авахгүйгээр ганцаараа ургаа шинэс мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ өөрийнхөө эзэмшлийн хуучин гар хөрөө ашигласан, мөн бэлтгэсэн. Шинэс моднуудаа тэнд дундуур нь хоёр, гурав болгож хувааж аваад уулын бэлд өөрөө ганцаараа, хоёр гурваар зөөж аваад сүүлд нь өөрийнхөө тэмээгээр хаваржааныхаа хойно буулгасан. Бэлтгэсэн моднууд маань нийтдээ 110 гаруй ширхэг шинэс мод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хууль зүйн дүгнэлт:

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

 Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Тодруулбал зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн бүсэд үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

 Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь  иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг иргэн, хуулийн этгээдэд хуулиар үүрэг болгосон байна.

Өөрөөр хэлбэл Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч О.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2020 оны 09 дүгээр сарын дундуур Б аймгийн С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн “Я” гэх газраас 110 ширхэг, 1.6894 м3 эзлэхүүнтэй, нойтон шинэс модыг бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Түүнчлэн эрх бүхий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч О.Ды хууль бусаар мод бэлтгэсэн газар болох ”Сагсай сумын “Я” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Алтай таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах газар болох нь тогтоогдсон байна.

 Шүүгдэгч О.Ды хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал бэлтгэж, тээвэрлэсэн” гэх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг  бүрэн хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч О.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч О.Ды хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт  хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч О.Д нь Сагсай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Я” гэх Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаарах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 110 ширхэг буюу 1.6984 м3 эзлэхүүнтэй нойтон шинэс мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1.743.218 төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч О.Ды ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 1.743.218 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 1.743.218 төгрөг гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс О.Ды ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 1.743.218 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.229.654 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 5.229.654 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч О.Д нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 10020013001 тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.743.500 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 3.486.436 төгрөг, нийт 5.229.936 төгрөгийг тус тус төлж, тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банк, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Д.Даас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч С.Д нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны 2 удаагийн гүйлгээгээр гэмт хэргийн хор уршигт нийт 1.743.500 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дансанд төлсөн байна.

Иймд дээрх хуулийн заалтын дагуу шүүгдэгч С.Даас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны 2 удаагийн гүйлгээгээр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дансанд төлсөн 1.743.500 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ды үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Д нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд “Миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т нь “Шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг хуульд зааснаар гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан, О.Ды холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Иймд шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн хохирол хор уршгийг бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх  нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч О.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч О.Д нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан урьдач нөхцөлүүдийг бүрэн хангаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн бусад хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч О.Дд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлэхийг шүүгдэгч О.Ды оршин суугаа газрын харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон короновируст халдвар /КОВИД-19/-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

Шүүгдэгч О.Ды холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь /Хууль бусаар мод бэлтгэх/ хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3-д заасан “Ялаас өршөөн хасах”, 9.1, 9.2-д заасан “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д хамаарахгүй байх боловч  мөн хуулийн 7.1-д зааснаар “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” хэсэгт  тусгагдсан байна.

Иймд шүүгдэгч О.Ды холбогдсон хэргийг  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бүхэлд нь өршөөн хэлтрүүлж, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй ба харин мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүхээс О.Дд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, О.Дд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хэрэглэх зохицуулалттай байна.

Шүүхээс шүүгдэгч О.Дыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд О.Д нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахын тулд хорих ял оногдуулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд О.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч О.Ды гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 1.743.218 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 1.6984 м3 эзлэхүүнтэй, 110 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нас бие гүйцсэн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны эм тэмээ зэргийг хурааж, улсын орлого болгож, 1 тооны тэмээг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай тогтоол, 110 ширхэг шинэс модыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, О.Даас энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул түүний эзэмшлийн ногоон өнгийн SENKE маркийн, №SK162FMJ-1900364921 хөдөлгүүрийн дугаартай, №LCVSK7605LZ106055  арлын дугаартай, 1.200.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий, төмөр гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2, 4, 5, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уах овгийн Оразайгийн Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Дд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Дд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд хяналт тавьж, биелэлтийг хэрэгжүүлэхийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 1.743.218 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 5.229.936 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч О.Даас 2021 оны 6 сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Төрийн банк дахь 100020013001 тоот дансанд гэмт хэргийн хор уршигт төлсөн 1.743.500 (нэг сая долоон зуун дөчин гурван мянга таван зуу)-н төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ды гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 1.743.218 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 1.6984 м3 эзлэхүүнтэй, 110 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нас бие гүйцсэн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны эм тэмээ зэргийг хурааж, улсын орлого болгож, хууль бусаар бэлтгэсэн 110 ширхэг шинэс модыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоол, 1 тооны тэмээг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, О.Ды эзэмшлийн ногоон өнгийн SENKE маркийн, №SK162FMJ-1900364921 хөдөлгүүрийн дугаартай, №LCVSK7605LZ106055  арлын дугаартай, 1.200.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий мотоциклийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, 25.000 төгрөгийн үнэлгээ бүхий, хуучин гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

9. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                                                                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Б