| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/151 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/151
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Е ад холбогдох эрүүгийн 2113000000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х.Е , РД:БЮ00******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Е нь: 1. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.А гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, Скайворт загварын 32 инчийн зурагт 1 ширхэг /280.000 төгрөгийн/, Лантин загварын өсгөгч хөгжим 1 ширхэг /80.000 төгрөгийн/, эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг /200.000 төгрөгийн/ зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.М ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, барилгын материал болох хананы обой 7 ороомог /126.000 төгрөг/, шалны паркет 3 боодол буюу 66 ширхэг /165.000 төгрөг/, задгай паркет 75 ширхэг болон 1 ширхэг хугархай паркет /190.000 төгрөг/, нийт 481.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах иргэн Х.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, дотор өрөөний цоожтой 2 хаалга, цоожгүй 1 хаалгыг хулгайлж, нийт 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлсөн. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000143 дугаартай хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэдээс эд зүйл хураан авсан; эд зүйлд үзлэг хийсэн; хураан авсан эд зүйлийг эзэнд нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч П.А , Х.М , Х.Б , гэрч С.Д , М.Б , У.Н , Д.Ш , Н.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээчний эд зүйлд үнэлгээ хийсэн тухай дүгнэлтүүд, яллагдагч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хэрэг цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Е ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Е нь (1) 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.А гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, Скайворт загварын 32 инчийн зурагт 1 ширхэг /280.000 төгрөгийн/, Лантин загварын өсгөгч хөгжим 1 ширхэг /80.000 төгрөгийн/, эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг /200.000 төгрөгийн/ зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь - 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн П.А гаас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудас/,
- 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт /иргэн П.А гийн байшинд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 3-8 дугаар хуудас/,
- Иргэн Х.Е аас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хулгайлж авсан Лантин загварын өсгөгч хөгжим 1 ширхгийг гаргаж өгснийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 28-29 дүгээр хуудас/,
- Иргэн С.Д аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргаж өгсөн Скайворт загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, иргэн Х.Е аас гаргаж өгсөн Лантин загварын хар өнгийн хөгжмийн өсгөгчид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хавтасны 30-32 дугаар хуудас/,
- Хохирогч П.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч ажил руу явсан. Тэгээд 19 цагийн үед ажлаасаа бууж Өлгий сумын 01 дүгээр багт байрлалтай манай гэр рүү явах зам дагуу байрлах өөрийн төрсөн аав, ээж маань тоггүй байгаа тул манайхаас хоол идээд явахгүй юу гэхээр нь тийшээ очиж хоол идэж, орой 21 цаг 30 минутын орчимд очиж харанхуй болохоор нь гэрийнхээ нууц цоож нь гацаад бариул нь сугарахаар нь яасан бол бодоод ядарч ирсэн болохоор шууд охинтойгоо орондоо орж амраад өгсөн.
Гэтэл 30 минутын дараа тог ирэхээр нь утсаа цэнэглэх санаатай гэрлээ асааж заал өрөөнд очтол заал өрөөний хана дагуу байсан зурагт, жижиг хөгжим өсгөгч зэрэг эд зүйлс байхгүй байв. Тэгэхээр нь бүх өрөөний гэрлийг асааж хаалгыг дахин үзтэл хаалганы цоожны цүүг эвдсэн байдалтай заал өрөөний 1 вакум цонх онгорхой байхаар нь манай гэрт хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
...Манай гэрээс одоогоос 2 жилийн өмнө 600.000 төгрөгөөр худалдаж авсан Скайворт загварын зурагт, 3 жилийн өмнө 180.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн бариултай, гарт бариад явчих боломжтой өсгөгч хөгжим, 2 жилийн өмнө 415.000 төгрөгөөр худалдаж авсан шаргал өнгийн дөрвөлжин хэлбэрийн голдоо алаг урт зураастай 1 хос алтан ээмэг зэрэг эд хөрөнгийг хулгайд алдсан.
...би хулгайд алдсан зурагт болон хөгжмөө хүлээж авсан. ...би П.Е аас 280.000 төгрөг авлаа. Одоо ямар ч авлага байхгүй” гэх мэдүүлэг, гарын баримт /1 дүгээр хавтасны 56-58 дугаар хуудас, шүүхэд ирүүлсэн гарын баримт/,
- Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х ийн Е гэх залуу над руу залгаж хавтгай дэлгэцтэй том зурагт зарах гэсэн юм авах уу гэхээр нь би үгүй, би авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би манай найз болох Т г дуудаж шинээр барьж байсан байшингийн амбаарт цементээр тавцан цутгах үеэр түүнд Е гийн зарна гэсэн зурагтын талаар хэлээд тэгээд бид ажлаа дуусгаад яваад өгсөн.
Тэгээд маргааш нь Т над руу нөгөө зарах зурагт байгаа юм уу. Манай хөрш авна гэнэ. Чи нэг асуугаач гэхээр нь би за гээд Е руу залгаж нөгөө зарах зурагт чинь байгаа юм уу гэхэд тэр байгаа гэж хэлхээр нь нөгөө зурагт байна гээд Т д хэлсэн.
...Бид очиход тухайн үед гэрэл байхгүй байсан ба залгууранд тог ирж байсан тул Е зарах зурагтаа Т н хөрш гэх залууд асаагаад үзүүлж тэр хоёр нэлээн үзэж харж байгаад нөгөө хүн авахаар бол тохиролцоод 220.000 төгрөг бэлнээр тоолж өгч зурагтыг худалдаж авсан. Тэр хүн болон бид нар зурагтыг Е гаас худалдааж авсны дараа энэ зурагт ямар нэгэн асуудалгүй биз дээ. Хулгайн юм биш биз дээ гэж хэд хэдэн удаа асуухад Е ямар нэгэн асуудалгүй миний өөрийн зурагт гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 90 дүгээр хуудас/,
- Гэрч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би мөнгө гаргаж аваад буцаад машинд суугаад Өлгий сумын 01 дүгээр баг Наран шарлагын тийшээ Ховд голын эрэг дагаад явж байгаад нэлээн харанхуй болсон байсан тул нэг гудамд очиж зогсоод шинээр баригдаж байсан нэг айлд очиж хаалгаар нь орсон. Уг айлд ороход ямар нэгэн гэрэлгүй харанхуй байсан ба байшин дотор 1 залуу сууж байсан. Харин нөгөө байшин дотор байсан залуу залгуур залгаад зурагтыг асаачихсан дэргэд нь сууж байсан. Зарах зурагт энэ гэж хэлэхээр нь дэлгэцийн болон бусад зүйлийн шалгаад нөгөө надад худалдсан залуугаас энэ зурагт дараа нь асуудал үүсгэхгүй биз дээ, хулгайн эд зүйл биш биз гэж асуухад үгүй, яалаа гэж дээ энэ зурагт миний өөрийн зурагт ямар нэгэн асуудал байхгүй гээд 230.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. ...чи зурагтыг 220.000 төгрөгт өгөх үү гэхэд за гээд тохиролцоод 220.000 төгрөг бэлнээр тоолж өгч зурагтыг аваад Тогайн машинаар Өлгий сумын 03 дугаар багт байрлах гэртээ ирээд буусан.
...би 220.000 төгрөгөө авсан” гэх мэдүүлэг, гарын баримт /1 дүгээр хавтасны 87, 2 дугаар хавтасны 07 дугаар хуудас/,
- Гэрч У.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид очиход тухайн үед байшин гэрэл байхгүй байсан ба залгууранд тог ирж байсан тул тэр зарах зурагтаа асааж үзүүлээд тэр хоёр нэлээн үзэж харж байгаад авахаар болж тохиролцоод 220.000 төгрөгийг Д бэлнээр тоолж өгч, зурагтыг худалдаж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 93 дугаар хуудас/
- Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн БӨА-21-171 дугаартай “Скайворт загварын 32 инчийн зурагт 280.000 төгрөг, Лантин загварын өсгөгч хөгжим 80.000 төгрөг, эмэгтэй хүний 1 хос алтан ээмэг /шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй, голдоо алаг урт зураастай, 2 жил хэрэглэсэн/ 200.000 төгрөг болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 124-128 дугаар хуудас/,
- Яллагдагч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед хөрш зэргэлдээ байрладаг А гэх эмэгтэйн өвлийн байшингийн хашааны гадна очиж хүн байгаа эсэхийг харахад ямар нэгэн хөдөлгөөнгүй, хүнгүй байсан. Тэгээд би уг байшингийн цонхыг гадна талаас гараараа хүчтэй цохиж түлхэхэд онгойсон. Ингээд уг цонхоор дотогшоо нэвтрээд гал тогооны өрөө байсан ба тэднийх эзгүй байсан. Би том өрөө рүү ороход хананы тавиур дээр зурагт болон түүний хажуу хэсэгт жижиг өсгөгч хөгжиж байхаар нь хулгайлж аваад буцаад дотогшоо нэвтэрсэн цонхоороо зурагт өсгөгч хоёрыг гаргаж аваад гэр рүү аваачиж ээжээсээ нууж тавиад тус орой үл таних эрэгтэй хүнд 220.000 төгрөгөөр худалдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 179-180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
(2) 2021 оны 09 дүгээр сарын 21-ний орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.М ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, барилгын материал болох хананы обой 7 ороомог /126.000 төгрөг/, шалны паркет 3 боодол буюу 66 ширхэг /165.000 төгрөг/, задгай паркет 75 ширхэг болон 1 ширхэг хугархай паркет /190.000 төгрөг/, нийт 481.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь - 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Х.М аас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 9 дүгээр хуудас/,
- 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газарт /иргэн Х.М ын байшинд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-16 дугаар хуудас/,
- Иргэн М.Б аас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хананы обой 7 ороомог, шалны паркет 3 боодол, задгай 76 ширхэг паркетыг хураан авсан; уг эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 37-42 дугаар хуудас/,
- Иргэн Х.М т 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хананы обой 7 ороомог, шалны паркет 3 боодол, задгай 76 ширхэг паркетыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 43-44 дүгээр хуудас/,
- Хохирогч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-нд Толбо суманд ирээд 2 хоноод өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Өлгий сумын 01 дүгээр багт байрлах байшиндаа ирэхэд засвар хийхээр авсан байсан 30 гаруй ширхэг обойноос 12 ширхэг, шалны паркетаас гал тогооны өрөөнд байсан төмөр орны доор хураалттай байсан саарал өнгийн паркетнаас 5 боодол 110 ширхэг, шаргал өнгийн паркетнаас задгай хураалттай байсан 110 ширхэг тус тус алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
...хананы обой 7 ороомог, шалны паркет 3 боодол, задгай 76 ширхэг паркетыг тус тус хүлээн авсан ба үлдсэн эд зүйлсийн үнэ болох 300.000 төгрөгийг бэлнээр Х.Е аас авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 64, 70 дугаар хуудас/,
- Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн барилгын материалыг худалдан авахаар Т гэх найзыгаа дуудаад тэрний машинаар очиж үзэхэд Е ын хашаанд шинээр барьж байсан байшин байсан. Тэр байшингийн үүдний коридорт шалны паркет, хананы обой байсан тул түүнийг үнэ тохироод аваарай гэж хэлсэн болохоор барилгын материал худалдан авсан. Миний худалдан авсан барилгын материал гэвэл саарал өнгийн 3 боодол, бор өнгийн 75 ширхэг бүтэн, 1 хугархай нийт 76 ширхэг шалны паркет, 1 боодолдоо 22 ширхэгтэй байсан. 2 өнгийн 142 ширхэг паркет, цагаан алаг хээтэй 7 ороомог хананы обойг нийт 150.000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 99 дүгээр хуудас/,
- Гэрч У.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Б нь намайг таксинд явж байхад 2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр байлаа даа 20-ноос хойш байсан санагдаж байна хүрээд ирэх үү, айлаас очиж шалны паркет авахаар болсон. Машинаараа гэрт дөхүүлээд өг гэж гуйсан болохоор нь Өлгий сумын 01 дүгээр багт байрлах Е гэх залуугийн гэрт очсон. Тэдний хашааны үүдэнд жижиг дэлгүүр байсан бөгөөд дэлгүүрийн хажуугаар хашаанд ороход шинээр барьж байсан байшин дотор нэлээд олон шалны паркет байсан. Би тоолоогүй, машиндаа ачаад хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 104-105 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаартай “...Хананы ЗD обой 1 ороомог нь 18.000 төгрөг, паркет 1 боодол нь 55.000 төгрөг болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 137-141 дүгээр хуудас/,
- Яллагдагч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би орны хажууд ойртож очиход обой 7 боодол, шалны паркет 3 боодол, 76 ширхэг шалны задгай паркет байсан. Ингээд би дээрх эд зүйлүүдийг байшингийн хаалгыг дотор талаас нь онгойлгож гаргаж аваад хажуу талын блок нь гадаргуутай байшингийн хажууд зөөж тавиад гэр рүүгээ 3 удаа хувааж зөөсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 191-192 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
(3) 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах иргэн Х.Б ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, дотор өрөөний цоожтой 2 хаалга, цоожгүй 1 хаалгыг хулгайлж, нийт 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь: - 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газарт /иргэн Х.Б ын байшинд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 19-25 дугаар хуудас/,
- Иргэн М.Б аас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Е аас худалдаж авсан гэх 3 ширхэг хаалгыг /2 ширхэг хаалга нь цоож, бариултай/ хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 49-51 дүгээр хуудас/,
- Иргэн Х.Б д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хулгайд алдсан 3 ширхэг хаалгыг /2 ширхэг хаалга нь цоож, бариултай/ хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 52 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа ба Өлгий сумын 01 дүгээр багт манай хувийн амины сууцтай. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 16-17 цагийн хооронд бэр Ш гар утсаар залгаж танай гэрт хүн байна уу, зуухны өрөөний хаалга салхинд саваад байна гэж хэлэхээр нь цоожтой байгаа, хэн ч байхгүй шүү дээ гэж хэлээд бэр Ш ы утсаар фейсбүүкийн мессенжерээр холбогдож гэрээс алдагдсан эд зүйл байгаа эсэхийг мэдэхэд 1 давхрын галлагааны өрөөний дотор талын модон хаалга, 2 дугаар давхраас мөргөлийн өрөө, хүүхдийн өрөөний 2 ширхэг, нийт 3 ширхэг хаалгыг нугаснаас нь тайлж аваад явсан байсан тул тэр даруй Цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар алдагдсан 3 хаалгыг авчирч өгч, миний гомдлыг барагдуулсан. Зөвхөн замын зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. 250.000 төгрөгийг авсан байгаа ба одоо үлдэгдэл мөнгөө авна.
...замын зардал болох 500.000 төгрөгийг Х.Е аас авлаа. Цаашид гомдолгүй” гэх мэдүүлэг, гарын баримт /1 дүгээр хавтасны 76 дугаар хуудас, шүүхэд ирүүлсэн гарын баримт/,
- Гэрч Д.Ш ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадам ах Х.С гийн гэрт нь хүмүүс ирчихсэн юм байх гэж бодоод хашаа руу ороод байшин руу ороод С ахын төрсөн ах А ах ирж яваад байдаг тул тэр хүний нэрийг дуудаад гэрт нь ороход хэн ч байгаа тул гайхаад 2 давхарт нь гарсан чинь хэн ч байгаагүй тул гэрийн эзэн С ах руу фейсбүүкээр холбогдож гэрт нь дүрс бичлэг хийгээд харьцаж байтал зарим өрөөнийх нь хаалга нь байхгүй байна гэсэн тул гайхаад харсан чинь нээрээ ч 1 давхрын галын өрөөний хаалга, 2 давхраас мөргөл үйлддэг, хүүхдийн өрөөний хаалга алдагдсан байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108 дугаар хуудас/,
- Гэрч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний 99988523 дугаар руу 85813424 дугаараас залгаад манай байшинд ашиглаж байсан хуучин хаалга байгаа та үнэ тохироод авах уу гэж холбогдсон тул манай байшинд таарах юм бол авна гэдгээ хэлсэн юм. Тэр өдөртөө Е ын гэрт нь очиж хаалгыг үзэхэд 3 ширхэг хуучин хаалга байсан. 2 ширхэг хаалга нь цоож бариултай, 1 хаалга нь цоожгүй бөөрөнхий бариултай, бүх хаалгандаа нугасны дотор талын хувилтай төмөр байсан. Дээрх 3 ширхэг хаалгыг нийлүүлээд 110.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд авсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 115 дугаар хуудас/,
- Гэрч Н.Д ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Б ах уг залууд 110.000 төгрөг өгсөн. Ингээд Б ах бид хоёр уг модон 3 хаалгыг мотоциклд ачиж аваад Б ахын гэрт нь буулгаж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 118 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 173 дугаартай “...1.80 см х 90 см хэмжээтэй модон хаалга 100.000 төгрөг, модон хаалганы цоож, бариул 20.000 төгрөг болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 150-154 дүгээр хуудас/,
- Яллагдагч Х.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг 3 ширхэг хаалгыг гадагшаа нэг нэгээр нь зөөвөрлөж гаргаад гэр рүүгээ 3 удаа нэг нэгээр нь зөөвөрлөж хүргэсэн. Ингээд би 22 цагийн үед дэлгүүр хаахаас өмнө Б ах руу залгаж та 3 ширхэг хаалга авах уу, манайх шинэ байшин барьж байгаа бөгөөд байшиндаа хэрэглэхээр авсан хаалгыг мөнгөний хэрэгцээ гараад зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн Б ах удахгүй очиж авна гэж хэлээд удалгүй мотоциклээр хажуудаа үл таних залуутай ирээд 3 ширхэг хаалгыг 110.000 төгрөгөөр худалдаж аваад мотоциклээр яваад өгсөн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 213-214 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Е хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Е гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулан ойлгоно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х.Е нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах байшин буюу орон байранд 3 удаагийн үйлдлээр нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогджээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Е ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Х.Е нь хулгайлах гэмт хэргийг хохирогч нарын хүн байнга амьдрах орон байр болох байшинд нь хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас хохирогч П.А д 560.000 төгрөгийн, хохирогч Х.М т 481.000 төгрөгийн, хохирогч Х.Б д 340.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.А нь хулгайд алдсан Скайворт загварын 32 инчийн зурагт 1 ширхэг, Лантин загварын өсгөгч хөгжим 1 ширхэг зэргийг бие байдлаар нь хүлээн авсан, мөн 1 хос ээмэгний үнэ 280.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шүүгдэгч Х.Е аар төлүүлж авсан тул нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлж, гарын баримтаа шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Х.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас 12 боодол обой, шалны 5 боодол обой, задгай байсан 110 ширхэг паркет хулгайд алдсан гэж мэдүүлсэн байх ба 7 боодол обой, 3 боодол паркет, 76 ширхэг задгай паркетыг тус тус бие байдлаар нь хүлээн авсан, үүн дээр нэмж шүүгдэгч Х.Е аар 300.000 төгрөгийг бэлнээр төлүүлж авсан тул нэхэмжлэхгүй зүйл байхгүй талаар мэдүүлсэн байна.
Хохирогч Х.Б нь хулгайд алдсан 3 ширхэг хаалгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар бүрэн хүлээж авсан бөгөөд гэмт хэргийн хор уршиг буюу Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ирж буцсан зардалд 500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Х.Е нь дээрх 500.000 төгрөгийг төлж өгчээ.
Гэрч С.Дэгдэл, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, бичиж өгсөн гарын баримтаас үзэхэд худалдаж авсан зурагтын үнэ 220.000 төгрөг, барилгын материалын үнэ 260.000 төгрөгийг мөн шүүгдэгч М.Е аар төлүүлж авсан байжээ.
Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичиж өгсөн гарын баримт зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Е ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд шүүгдэгч Х.Е ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нарт учирсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлж өгсөн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Е нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Е ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой. Мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай ба, шүүгдэгч Х.Е ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Е ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Мөн гэрч С.Д , У.Н , М.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Е нь гэмт хэрэг үйлдэж гэрч С.Д д Скайворт загварын 1 ширхэг зурагтыг 220.000 төгрөгөөр, гэрч М.Б ад хананы обой 7 ороомог, шалны паркет 3 боодол буюу 66 ширхэг, задгай паркет 75 ширхэг болон 1 ширхэг хугархай паркет зэргийг 150.000 төгрөгөөр, 3 ширхэг хаалгыг 110.000 төгрөгөөр тус тус худалдаж, нийт 480.000 төгрөгийн орлого олсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Е аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 480.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Е ыг 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е ад оногдуулсан 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Е ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 480.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Е ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Е ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ