| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А т холбогдох эрүүгийн 2113001850189 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-н-ны өдрийн 44/А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Х.А , РД:БЮ90******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.А нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө гэрт эхнэр М.Б ийг бусдад гар утсаар зурвас бичсэн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001850189 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч М.Б , гэрч Х.Ө нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 551 дугаартай дүгнэлт, яллагдагч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.А нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө гэрт эхнэр М.Б ийг бусдад гар утсаар зурвас бичсэн гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч М.Б ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Х овогтой А тэй 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух болсон. Би өөрөө Казахстан улсад их сургууль төгссөн учраас энд ажил олдохгүй, эрхэлсэн ажилгүй өдийг хүрсэн учраас аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд талх нарийн боовны нэг жилийн сургалтад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн суралцаж эхэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед ангийн хүүхэд болох С гэх эмэгтэйгээс маргаашийн хичээл хэдээс орох уу гээд фейсбүүк чатаар чаталж байхад нөхөр болох Х.А гаднаас орж ирээд надад чи хэнтэй чаталж байгаа юм бэ, тэр сургуульд нэг залуутай болсон юм уу гээд намайг хэл амаар доромжилж байгаад миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний дээд уруул сэтэрсэн үед хадам ээж Р.Б нь бид хоёрын дундуур орж Х.А ийг надаас салгасан. Тэгээд би өөрийн ээж Х.Ө руу залгаад Х.А намайг зодлоо гэж хэлээд дараа нь би цагдаад дуудлага өгсөн.
...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
- Гэрч Х.Ө ы 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний охин М.Б 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 билүү 21 цагийн үед залгаад уйлаад нөхөр болох Х.А намайг зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 551 дугаартай “1. Иргэн М.Б ийн биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, дээд уруулд хавантай, дотор салстад хэгзэрсэн гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Иргэн М.Б ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
- Яллагдагч Х.А ийн 2021 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр орой 20-21 цагийн үед эхнэр М.Б ийн гар утсанд нэг мессеж ирсэн тэгээд уг мессежийг надаас нууцаар уншчихаад устгачихсан, тэгэхээр нь би чи ямар учраас мессежээ устгадаг юм бэ гэхэд ангийн охиноос ирсэн гэхээр нь чи битгий худлаа яриад байгаарай гээд хэрүүл маргаан гарсан тэгээд би уурандаа баруун гараараа түүний зүүн хацар руу нэг удаа алгадсан тэгээд эхнэр маань уйлаад өөрийн ээж рүү залгаад цагдаад дуудлага өгсөн болсон асуудал энэ юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би урьд өмнө нь эхнэрээ зодож, гар хүрч байгаагүй гэр бүл болсон хойно хэрүүл маргаан гаралгүй л яахав эхнэртэйгээ нэг хоёр удаа хэрүүл маргаан хийж байсан гэхдээ зодож байгаагүй. Миний хийсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт олгож өгнө үү. Би өөрийн эхнэр М.Б ээс уучлалт гуйж эвлэрсэн, одоо эхнэр охин хоёртойгоо хамт амьдарч байгаа дахиж ийм хэрэг зөрчил хийхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.А ийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Х.А хохирогч М.Б ийн эрүүл мэндэд “тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний салстад цус харвасан, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай хавдартай, дээд уруулд хавантай, дотор салстад хэгзэрсэн” хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч М.Б ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний бие М ын Б нь нөхөр болох Х.А тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын ямар нэгэн маргаангүй, миний биед учирсан гэмтэл эдгэрсэн, одоо түүнээс гаргуулах зардалгүй юм. Нөхөр бид хоёр хамт амьдарч байгаа юм. Нөхөр маань өөрийн үйлдэлд маш их гэмшиж байгаа юм. Би түүний уучилсан тул нөхөр болох Х.А т хуулийн хөнгөлөлт үзүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэж баталгаа ирүүлсэн тул шүүгдэгч Х.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч Х.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.А т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.А нь хохирогч М.Б тэй сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн зүгээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн саналд яллагдагч Х.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.А хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Х.А т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Х.А урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-н-ны өдрийн 44/А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Х.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.А т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ