| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-10-01 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ын *******од холбогдох эрүүгийн 2127000600087 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын *********** баг, "***********" гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******ын ******* /РД:*****************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Тээлийн Ар хаяа” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 50 ширхэг шинэс мод бэлтгэж, ойн санд 367 329 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би мод бэлтгэсэн. Энэ гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна миний буруу гэв.
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би он сар өдрийг нь санахгүй байна. Надад хүн хэлэхээр нь очиж үзсэн. Тэр үед цагдаа болон *******ын хамт тухайн хашаанд үзлэг хийсэн. Тухайн хашаа нь 11 ханаас бүрдсэн хашаа байсан. Урд талын 6 хананы 36 ширхэг мод, дээвэр хэсгээр 14 ширхэг модыг ялгаж Хужирт сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авч ирж хураасан. Мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сард байх “Тээлийн ар хаяа” гэх газраас унанга мод түүж хашаа барьсан. Зарим модыг нь өөрийн хуучин өвөлжөө болох “Авдрантай” гэх газар байх саравчнаасаа мод авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сары орчим байх Хужирт сумын 2 дугаар баг “Тээлийн ар хаяа” гэх газраас унанга мод түүж чирч байгаа харагдсан. Надад хэлэхдээ “Авдрантай” гэх газар байдаг өвөлжөөнөөсөө мод авчирсан гэж байсан. Ар хаяагаас тийм их мод аваагүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Б.*******жавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тээлийн цагаан чулуу гэх газарт малын саравч барьсан талаар мэдэж байсан анх хяналт шалгалтаар очиж байсан. Ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Модыг шинэ хуучнаар нь ялгах боломжтой. Модны хоёр талын үзүүрээр ялгах боломжтой. Би мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй. Хэрэглээний мод бэлтгэхийн тулд манайд заавал өргөдөл өгч байж зөвшөөрөл авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай
“...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 1.25-5.0 метр урттай 50 ширхэг мод нь шинэс төрлийн мод байна. Дээрх зөрчлийн улмаас ойн санд нийт 367 329 төгрөгний хохирол учирсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Тээлийн Ар хаяа” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 50 ширхэг шинэс мод бэлтгэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч Ч.Сонинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч *******, *******, Б.*******жав нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 36, 40-41, 45-46, 50, 65-66 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 367 329 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 367 329 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1 101 987 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь энэ хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч *******ын хууль бусаар бэлтгэсэн 350 000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хуурай шинэс модыг улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ын хууль бусаар бэлтгэсэн 350 000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 ширхэг хуурай шинэс модыг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА