| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0545/Э |
| Дугаар | 869 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 869
Г.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхгэрэл,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1174 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Г.У-д холбогдох 1709009650417 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Г.У, Улаанбаатар хотод 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, шаварчин мэргэжилтэй, ам бүл 5; эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ногоон талбай 6 гудамж 29 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УУ................/;
Г.У нь Б.Намхайнямбуутай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цуурайтын зуслангийн задгайд оршин суух А.Амаржаргалын гэрт үргэлжилсэн үйлдлээр нэвтрэн эд зүйл хулгайлан авч нийт 3.918.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Уд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай. Үүнд:
Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудаст Б.Пүрэвням гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн талаараа мэдүүлсэн бол хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас төрсөн ах Б.Намхайнямбуу өөрийнх нь нэрийг барьж мэдүүлэг өгсөн гэжээ. Гэтэл гэрч Д.Ууганбаяр нь Г.У-тай хамт Б.Пүрэвням байсан талаар, шүүгдэгч Г.У гэрчээр байцаагдахдаа Б.Пүрэвнямтай байсан талаар, яллагдагчаар байцаагдахдаа Б.Намхайнямбуутай байсан талаар тус тус мэдүүлсэн байдаг.
Мөн хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудаст авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд А, Б гэх 2 эгнээтэй 8 хүний гэрэл зургийг байрлуулсан байх боловч тэдгээр нь хэн хэн гэгч хүмүүс болохыг тэмдэглэлд тусгаагүй, ажиллагаагаар Г.У хэнийг таньсан болох нь тодорхой бус байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7, 28.1 дэх хэсэгт заасан журамд нийцэхгүй байна.
Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.У-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээд Б.Пүрэвням юм уу, Б.Намхайнямбуу юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэг гарсан газар, цаг хугацаанд байсан гэх Д.Ууганбаяр, Оросоо гэх хүмүүсээр дээрх нэр бүхий этгээдүүдийг таньж олуулах ажиллагаа хийх, уг хэрэгт Д.Ууганбаяр, Оросоо нар оролцоотой эсэхийг шалгах шаардлагатай. Б.Намхайнямбуугийн үйлдлийн талаар зохих ажиллагаа хийгээгүй, түүнээс мэдүүлэг аваагүй атлаа холбогдох үйлдлийг тусгаарласан нь үндэслэлгүй байх тул хэргийг нэгтгэн зохих ажиллагаа хийх шаардлагатай.
Гэмт хэрэг гарах үед хохирогчийн гэр, хашааг манаж байсан Оросоо гэгч хүн юу хийж байсан, ажил үүргээ яагаад зохих ёсоор хийгээгүй шалтгаан, эсвэл уг хэрэгт оролцоотой нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна.
Дээрхээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн/, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн /гэмт хэргийг хэн хэн үйлдсэн/, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Еркебулан бичсэн эсэргүүцэлдээ: “... Хойшлуулашгүй ажиллагааны явцад Г.У нь гэрчээр мэдүүлэхдээ “... Б.Пүрэвнямтай хамт байсан ...” хэмээн мэдүүлсэн хэдий ч энэ нь мөрдөн байцаалтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан гэрч Б.Пүрэвнямбуугийн “... Миний төрсөн ах Б.Намхайнямбуу нь 1983 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. Ах миний нэрийг ашиглан мэдүүлэг өгсөн талаар мэдээгүй, Б.Намхайнямбуу миний нэрийг барьж мэдүүлэг өгсөнд үнэхээр их гайхаж байна...” гэх, Г.У-ын яллагдагчаар мэдүүлсэн “...Б.Намхайнямбуутай байсан...” гэх мэдүүлэг, фото зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулахдаа А эгнээнд 1-4 хүртэлх дугаартай, Б эгнээнд 1-4 хүртэлх дугаартай гэрэл зургуудыг харуулж, таньж олуулах ажиллагааг явуулахад Г.У нь Б эгнээгийн зүүн талаас хоёр дахь, баруун талаас гурав дахь эгнээнд байрлах №2 гэсэн дугаартай залууг заасан нь Б.Намхайнямбуу байсныг бэхжүүлсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтаар Г.У нь Б.Пүрэвнямтай биш түүний төрсөн ах болох Б.Намхайнямбуутай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Д.Ууганбаяр, Оросоо нар нь Г.У, Б.Намхайнямбуу нартай бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7, 28.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан болно.
Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б.Намхайнямбуу нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, хаана байгаа нь тодорхойгүй болсон нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, даалгавар, цагдаагийн байгууллагын АСАП санд хүн эрэн сурвалжилсан баримт болон бусад үйл баримтаар тогтоогдсон. Яллагдагч Г.У-д холбогдох хэргээс яллагдагч Б.Намхайнямбууд холбогдох үйлдлийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу тусгаарлаж, түүнийг олж илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж яллагдагч Г.У-д холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн болно.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1174 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.У нь бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Гэвч бусадтай гэдэгт Намхайнямбуу эсхүл Пүрэвням хоёрын аль нь багтаж байгааг тогтоох шаардлагатай гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн байна. Намхайнямбууд холбогдох үйлдлийг тусгаарласан прокурорын тогтоол хавтас хэрэгт авагдсан. Гэтэл шүүхийн заасан нэмэлт ажиллагаануудыг Намхайнямбуугийн тусгаарласан хэрэг дээр хийгдэх бүрэн боломжтой ажиллагаа гэж прокурорын зүгээс үзсэн. Г.У-ын үйлдсэн үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон тул захирамжид заасан ажиллагаануудыг тусгаарласан хэрэг дээр хийгээд Г.У-д холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.У-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтад заасан асуудлуудыг бүрэн гүйцэт нотолж ирүүлээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ.
Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээс гадна дараах асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэж заасан байхад Г.У, Б.Пүрэвням нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1709009650417 дугаар прокурорын тогтоолыг танилцуулаагүй. /хх 1-4/
2. Г.У-ыг Б.Пүрэвнямтай бус Б.Намхайнямбуутай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Б.Пүрэвнямд холбогдох хэргийг шийдвэрлэлгүй орхигдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй Б.Намхайнямбууг гэмт хэрэг үйлдсэн мэтээр прокурорын тогтоол /хх 175/ болон яллах дүгнэлт /хх 179/ бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
3. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх боловч гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдээс үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 23, эсхүл 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн байж болзошгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг нэг мөр тогтоох шаардлагатай.
3. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд хулгайд алдагдсан хөрөнгийг нэг бүрийн шинжээр тодорхойлолгүй, “... эд зүйл хулгайлан авч ...” гэж ерөнхийлөн бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн шаардлагад нийцэхгүй төдийгүй, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, энэ магадлалд заасан асуудлуудыг нэмж шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1174 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Еркебуланы бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
М.ПҮРЭВСҮРЭН