Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 08

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 114/2018/0005/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Хишигсувдыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч С.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн “С.Байгалмаа миний 1995-2007 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөн бүртгэлийг цахим санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                    Б.Винтов

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Ц.Мандахбаяр  нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч С.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Винтов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- С.Байгалмаа  нь улсад нийт 39 жил ажилласан. Үүнээс 1995-2007 оныг дуустал “Дэлгэрэх” ХХК-д ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж өгсөн тооцооны хуудсыг үндэслэн “Дэлгэрэх” ХХК нь 2008 оны 5 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн 5045001096 тоот дансанд 1,172,919,00 төгрөгийг нөхөн төлсөн. С.Байгалмаа нь 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх явцад 1995 оноос 2007 оныг дуусталх хугацаанд “Дэлгэрэх” ХХК-д менежерээр ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын лавлагааг 2019 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс авах гэтэл мэдээлэл гарч ирээгүй.

Ингээд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах хүсэлт гаргахад нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт төлөгдсөн боловч цахим мэдээллийн санд ороогүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн тул дээд шатны байгууллагад нь хандсан ба шүүхэд ханд гэсний дагуу хууль ёсны эрх ашгаа сэргээн тогтоолгохоор нэхэмжпэл гаргаж байна.

Тухайн үед нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль гарсны дагуу С.Байгалмаа, Д.Батсуурь нарын нийгмийн даатгалын шимтгэлийг  “Дэлгэрэх” ХХК-аас нөхөн төлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2000 он хүртэлх хугацаанд “Дэлгэрэх” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан, миний нийгмийн даатгалын дэвтэр 1995-2000 он хүртэлх хугацааны шимтгэл төлөгдөж явсан, иймд “Дэлгэрэх” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага байсан гэж үзэж байна.

Иймд С.Байгалмаагийн 1995-2007 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөн бүртгэлийг цахим санд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль бус байх тул цахим санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Иргэн С.Байгалмаа нь “Дэлгэрэх” ХХК-д ажиллаж байсан 1995-2007 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж тайлангаа өгсөн гэх боловч тус хэлтсийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Баримтуудыг нягтлан үзэхэд Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө нь 2008 оны 05 сарын 21-нд тус хэлтсийн Хаан банкин дахь дансанд орсон байх боловч тайланг цахимаар оруулж ногдуулалт хийгдээгүй мөн цаасан баримт нь хэлтсийн архивын баримтад байгаа боловч “Дэлгэрэх” ХХК-ны тайлан нь цахимд бүртгэгдээгүй байхад үүнийг үндэслэн лавлагаа гаргаж өгөх боломжгүй бөгөөд ажилласан жилд тооцогдох боломжгүй болно.

“Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 .Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд албан татвар төлөгч болон ажил олгогч байхаар тодорхойлогдсон иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ гэж заажээ. Мөн хуулийн 3.1-д энэ хуулийн 2.1-д заасны дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор харъяалах татварын алба, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн бол хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь заалт зөрчсөн гэж үзлээ.

Иймд тус “Дэлгэрэх” ХХК нь тухайн үед татварын байгууллагад бүртгэлгүй байсан тул тус хэлтэс нь “Дэлгэрэх” ХХК-ийн 1995-2007 оны тайланг цахимд нөхөн оруулах боломжгүй тул иргэн С.Байгалмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

Шүүх нэхэмжлэгч С.Байгалмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэлийн “С.Байгалмаагийн 1995-2007 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдсөн бүртгэлийг цахим санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Байгалмаагийн ажиллаж байсан “Дэлгэрэх” ХХК нь 2007 оны Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр С.Байгалмаагийн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх шинэчилсэн тайланг гаргаж, шимтгэлийг нөхөн төлж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  мэдүүлсэн болох нь  тайланг 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн баримт, тайланг хүлээн авсан гэрч нийгмийн даатгалын байцаагч С.Алтанцэцэгийн мэдүүлэг, 1995-2007 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 2008 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд нийт дүнгээр 1 172919 төгрөг нөхөн төлсөн банкны хуулга, 1995-2007 оны  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн архивын  лавлагаа, Нийгмийн даатгалын хэлтсээс 2008 оны 7 дугаар сарын 4-нд гаргасан тайланг мэдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын нэгдсэн бүртгэл, Нийгмийн даатгалын хэлтсийн 1510000 дугаар дансанд “Дэлгэрэх” ХХК-аас төлсөн шимтгэл үлдэгдэлтэй байгаа тухай санхүүгийн баримт  зэрэг бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

“Дэлгэрэх” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн үйлдэл нь 2007 оны Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “ ...Нийгмийн даатгалын тухай хуульд  ...ажил олгогч байхаар тодорхойлогдсон иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн 2.1-д заасан хуулийн дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ...ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд ...хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө”,  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 2.1-д заасан хуульд заасны дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ...нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулсан боловч энэ хуль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор ...нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайланг гаргаж харъяалах ...нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндэсэн дээр мэдүүлсэн бол тухайн иргэн, хуулийн этгээдийг дор хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө”, 4.1.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг” гэж заасныг зөрчөөгүй байна.

Учир нь  шүүхээс үзлэг хийж авсан бичгийн баримт болох  “Дэлгэрэх” ХХК-ийн 1995, 1997 онуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тайлан, С.Байгалмаагийн цалин орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн архивын лавлагаа болон 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Татварын албаны төв, орон нутгийн байгууллагад хууль ёсоор бүртгэгдэж, шимтгэл төлдөг ажил олгогч улсын дугаар бүхий нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээтэй байна” гэж зааснаар “Дэлгэрэх” ХХК нь нийгмийн даатгалын бүртгэлийн 5306 дугаар гэрчилгээтэй, 2008 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнөх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллага байсан болох нь  нотлогдож  байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хариуцагчаас “Дэлгэрэх” ХХК нь нийгмийн даатгалын ажил олгогчийн дугааргүй болно” гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.

Дээрх баримтуудаас дүгнэхэд “Дэлгэрэх” ХХК-аас хуульд заасан журмын дагуу С.Байгалмаагийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тооцоог мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр ажилласан жилийн лавлагааг гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч С.Байгалмаагийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

 Иймд нэхэмжлэгч С.Байгалмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Байгалмаагийн 1995-2007 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлсөн шимтгэлийн тооцоог мэдээллийн санд  бүртгэхийг  хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон              

                                                ТОГТООХ нь:

1. 2007 оны Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт засныг баримтлан нэхэмжлэгч С.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэгч С.Байгалмаагийн 1995-2007 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг “Дэлгэрэх” ХХК-аас нөхөн төлсөн тооцоог мэдээллийн санд бүртгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                                                                                                                                                           

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА