Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 122/2015/0016/З |
Дугаар | 221/МА2016/0174 |
Огноо | 2016-03-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0174
Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Хүнс, хөдөө аж ахуйн яамны нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/81 дүгээр захирамжаар Түмэнцогт сумын 1 дүгээр баг Хөхүүртийн хойд хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хэрэгжиж буй Халхгол төсөлд 2000 га газрыг эрчимжсэн газар, тариалан, мал аж ахуй эрхлэх зорилгоор 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэхүү захирамжийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 000301988 улсын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус сумын газрын даамалтай газар эзэмшүүлэх гараа байгуулсан. Олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж, холбогдох ажлуудыг хийж байсан ба Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга Б.Год уг газарт махны чиглэлийн үхэр үржүүлэх, тэжээлийн ургамал тариалах загвар аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/1631 тоот албан бичгээр мэдэгдсэн.
Гэтэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/65 дугаар захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тус сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/81 дүгээр захирамж, 000301988 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд үүний дагуу авч үзвэл манайх газар эзэмшүүлэх гэрээг 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хийсэн учраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүтэн 2 жилийн хугацаа дуусах байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 2 жил болоогүй байхад буюу 2 жил болохоос 3 сарын өмнө, мөн зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан бичиг хүргэгдсэн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна. Иймд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хүчингүй болгох тухай А/65 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. 1. Уг газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн төсөл шалгаруулах журмаар олгосон ба Хүнс, хөдөө аж ахуйн яамны Халх гол төслийн хэрэгжүүлэх ажлын хугацаа, орон нутагт хүртэх үр өгөөж, шинээр бий болох ажлын байр, нийгэм эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Түмэнцогт сумын хөгжлийн цогцолбор төлөвлөгөө зэргийг хэрэгжүүлэх үүднээс 2013-2016 онд хийгдэх ажлуудыг тооцож олгосон. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Халх гол төслийн хэрэгжүүлэх хугацаа 2013-2016 он гэж заагдсан байгаа нь уг хугацаанд үүрэг хүлээж төлөвлөснөө хийнэ гэсэн ойлголтыг өгсөн. Гэвч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Халх гол төсөл нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу газар эзэмшсэн өдрөөс хойш хүчингүй болгох хүртэлх хугацаанд өөрсдийн хэрэгжүүлэх ёстой төсөлд заагдсан ажлуудыг нэгийг нь ч хийгээгүй нь орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нийгэм эдийн засгийн ач холбогдолгүй болсон юм.
2. Мөн газар тариалан эрхлэгч аливаа аж ахуйн нэгж, иргэд тариалан эрхлэхдээ технологит хугацаандаа уринш, боловсруулалт зэрэг бэлтгэл ажлуудыг хийж ургацаа нэмэгдүүлэх тал дээр анхаардаг байхад Халх гол төсөл нь тухайн газар дээр ямар ч тодорхой зүйл хийгээгүй нь 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлтэй юм.
3. Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтад тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, 17.2.4 дэх заалтад тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх гэсэн заалтуудыг зөрчиж, ямар нэгэн мэдээ, тайлан, албан бичиг өгч байгаагүй нь зориулалтын дагуу ашиглаж байсан гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.
4. Халх гол төсөлд 2000 га газар эзэмших эрхийн гэрчилгээг дуудлага худалдаагаар бус төсөл сонгон шалгаруулалтаар олгосныг иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолоор сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, тогтоолын хавсралтад Лхүмбэ 1 дүгээр баг Хөхүүртийн атаржсан талбайд 2000 га газар тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх үүргийг Засаг дарга надад үүрэг болгосон.
5. Халх гол төсөл нь 2000 га газрыг эргэлтэнд оруулалгүй гацааж цаг хугацаа, эдийн засгийн хувьд сум орон нутгийг хохироож алдагдалд оруулсан гэх үндэслэл бий.
6. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн утгатай 01/1631 тоот нь уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байна гэх үндэслэл болохгүй.
7. 2015 оны 05 дугаар сарын 28-нд сумын Засаг даргын А/65 тоот захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсан нь: Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд үүний дагуу авч үзвэл Халх гол төсөлд хүндэтгэн үзэх шалтгаан гараагүй болно.
Мөн Халх гол төсөл нь 2015 оны 05 дугаар сарын 28-ныг хүртэл тухайн газар дээр тариалан эрхлэх болон бусад үйл ажиллагаа юу ч хийгээгүй юм. 2015 оны 05 дугаар сарын 28 гэдэг хугацаа бол 2013 оны 08 дугаар сарын 05-нд газар эзэмшсэнээс хойшхи тариалалт хийж болох эцсийн хугацаа юм. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн тайлбараар хуанлийн бүтэн 2 жилээр тооцно гэж байгаа боловч газар тариалангийн технологит хугацааны хувьд Халх гол төсөл газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хугацаа юм.
8. Халх гол төсөлд 2000 га газрыг эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй эрхлэх зорилгоор 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь 15 жил уг газрыг хадгална гэсэн үг биш юм. Халх гол төсөлд газраа зориулалтын дагуу ашиглаж, улс орон, аймаг сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах боломж олгосоор атал өөрсдийн хариуцлагагүй байдлын улмаас өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхгүй улмаар сум орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх зэрэг боломжуудыг цаг хугацааны хувьд хойшлуулж байгаа нь төрийн байгууллагын ёс зүйд нийцэхгүй бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Халх гол төсөлд учирсан бодит хохирол байхгүй тул нэхэмжлэлээсээ татгалзахыг хүсэж байна гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хүчингүй болгох тухай А/65 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот шийдвэрийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа шүүхэд болон шүүх хуралдаан дээр тайлбараа гаргасан байгаа. Үүнээс зарим зүйлийг онцлон дурдахад: Нэгдүгээрт, уг газрыг анх төсөл сонгон шалгаруулах замаар олгосныг орон нутгийн иргэд болон иргэдийн Хурлын төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, уг 2000 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхийг Засаг дарга надад үүрэг болгосон билээ. Үүний дагуу газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсан бөгөөд цаг хугацааны хувьд ашиглах боломжгүй болсон, эдийн засгийн үр өгөөжөө өгөх боломжгүй болж сум орон нутгийг хохироож алдагдалд оруулсан гэж үзэх үндэслэлтэй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Хоёрдугаарт, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх, 17.2.4-т тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх гэсэн заалтуудыг зөрчиж ямар нэгэн мэдээ, тайлан, албан бичиг өгч байгаагүй тул газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх боломжгүй юм.
Гуравдугаарт, Халх гол төсөл нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тухайн газар дээрээ газар тариалан эрхлэх болон бусад үйл ажиллагаа юу ч хийгээгүй юм. 2015 оны 05 дугаар сарын 28 гэдэг хугацаа бол 2013 оны 08 дугаар сарын 06-нд газар эзэмшсэнээс хойш тариалалт хийж болох эцсийн хугацаа юм. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн тайлбарт хуанлийн бүтэн 2 жилээр тооцно гэж байгаа боловч газар тариалангийн технологит хугацааны хувьд Халх гол төсөл нь газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хугацаа учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй юм.
Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг дарга нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/65 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Хүнс, хөдөө аж ахуйн яамны газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яам нь дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Газрыг зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж, холбогдох ажлуудыг хийж байсан бөгөөд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас Нэхэмжлэгч газар эзэмшсэн өдрөөс хойш Халхгол төсөл-д заагдсан ажлуудыг нэгийг ч хэрэгжүүлээгүй нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолгүй болсон. Сумын иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар бус төсөл сонгон шалгаруулалтаар олгосонд шүүмжлэлтэй хандаж, газар тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх үүргийг Засаг дарга надад үүрэг болгосон бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 28 гэдэг хугацаа бол газар эзэмшүүлснээс хойш тариалалт хийж болох эцсийн хугацаа юм гэж маргасан байна.
Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хүчингүй болгох тухай А/65 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал,
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэн өдрөөс хойш тооцож хуанлийн бүтэн 2 жил өнгөрсөн байхыг ойлгоно.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/81 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр баг, Хөхүүртийн хойд хэсэгт 2000 га газрыг эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй эрхлэх зориулалтаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд /Халхгол төсөл/ 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулж, газар эзэмших эрхийн 000301988 дугаар гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж зааснаас үзвэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон өдрөөс хойш 2 жилийн хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүснэ.
Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дээрх үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчаас Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, уг 2000 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхийг Засаг дарга надад үүрэг болгосон гэх гомдлын тухайд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх бүхий этгээд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга бөгөөд маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нэг нөхцөлийг үндэслэн гаргасан атлаа захирамжид заагаагүй шалтгаан, үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА