Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 57

 

                                     
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Дашдорж,  
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,
Хохирогч: Б.Нямаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Т.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхөлдэйнхөн овогт Төмөрнохойн Эрдэнэбаатарт холбогдох 201620000120 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1974 оны 04 дүгээр сарын 11-ний Увс аймгийн Сагил суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сагил сумын 3 дугаар багт оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Хөхөлдэйнхөн овогт Төмөрнохойн Эрдэнэбаатар /РД:ОЛ74041173/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Эрдэнэбаатар нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 22-наас 23-нд шинжих шөнө Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Нямаагийн зүүн хөлийг чулуугаар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                
1.    Хохирогч Б.Нямаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 05 дугаар сарын 22 орой гэртээ унтах гэж байхад Д.Батбаяр намайг сумын төвөөс ирээд аваач гэхээр нь Бадамсүрэн гэх хүний мотоциклиор явсан.  Сумын төвд 22 цаг 30 минутын үед ороод Д.Батбаярыг аваад шөнийн 00 цагт гэр рүүгээ буцсан. ...Би мотоцикль барьж явсан ба шороон зам дээр мотоцикльтой хоёр хүн явж байгаад онхолдсон байдалтай мотоцикль нь хажуугаараа уначихсан нэг хүн нь газар дээр хэвтсэн, нөгөө нь босож зогсож байсан. Би мотоцикль барьж явсан ба тэр хүнийг гайгүй байх гэж бодоод зогсолгүй зөрөөд явахад Д.Батбаяр “чи эргээд тэр хоёр хүн дээр оч. Унаж бэртсэн байж магадгүй” гэж хэлэхээр нь буцаж очиход танихгүй хоёр ах байсан. Тухайн үед таниж мэдэхгүй байсан. Одоо Сагил сумын харъяат Т.Эрдэнэбаатар, Б.Баттулга гэх хоёр хүн явж байсныг мэдэж авсан. Д.Батбаяр бид хоёр буцаж очиход Б.Баттулга ах “ахын хоёр дүү хоёр ахдаа туслаач. Онхолдож үхэх юм шиг байна. Мотоцикль бариад хар зам дээр гаргаад өгөөч” гэхээр нь Д.Батбаяр тэр хоёрын мотоциклийг бариад Т.Эрдэнэбаатар түүний араар суусан. Миний ард Б.Баттулга суусан. Би түрүүлж зам дээр гарч зогсож байтал араас Д.Батбаяр, Т.Эрдэнэбаатар хоёр ирсэн. Тэгээд Т.Эрдэнэбаатар өврөөсөө шилтэй боргио гэх пиво гаргаж Д.Батбаяр бид хоёрт өгсөн. Би мотоцикль барьж явсан тул пивоноос уугаагүй. Тэгээд байж байтал Т.Эрдэнэбаатар “Д.Батбаяр бид хоёрыг гэрт хүргэж өг гэж томорсон” юм. Би Т.Эрдэнэбаатарт “таныг гэрт чинь хүргэж өгч чадахгүй, мотоциклийн бензин бага тул чадахгүй” гэдгээ хэлсэн. Т.Эрдэнэбаатар энэ үед огцом уурлаж гэрт хүргэж өг гэж хэлээд Д.Батбаярын нүүр рүү нэг удаа цохиход Д.Батбаярын хамраас цус гарсан ба Д.Батбаяр уурлаж босоод Т.Эрдэнбаатарыг барьж аваад унагааж доороо хийж “чи яасан хүнд шанаа өгдөг юм” гэж хэлсэн. Би тэр хоёрын дундуур орж салгахад тэр хоёр салахгүй барьцалдаж байгаад Д.БатбаярТ.Эрдэнэбаатарыг түлхэхэд хар замаас шороон хажуу руу унасан. Т.Эрдэнэбаатар унахдаа хар замын зүүн талын захад туслах данхраад дээр нь түшүүлээд босоогоор нь тавьчихсан байсан миний мотоциклийг хар замын хажуу руу унагаасан юм. Би мотоциклио босгож авахаар очоод баруун талаас гарнаас нь татаад босгож байтал миний зүүн талын хөлний шилбэ тас гээд хүчтэй юмаар цохиулсан юм. Би хөлөө цохиулчихаад Т.Эрдэнэбаатарыг харахад миний өргөж байсан мотоциклийн бөгс хавьд босож байсан ба гартаа чулуу барьчихсан хашиграад босож байсан. Миний хөл маш их өвдөж байсан тул мотоциклио цааш нь түлхэж унагаагаад газарт унасан. Би Д.Батбаярт энэ хүн миний хөлийг цохиод хугалчихлаа гэж хашиграхад Д.Батбаяр зам дээр байснаа Т.Эрдэнэбаатарыг миний ахын хөл хугалчихлаа гээд түүний нүүр рүү цохиж доороо хийж дарж байсан. Би Д.Батбаярт “наад хүнээ битгий босго” гэж хэлээд сумаас Бадамсүрэн ахыг машин авч ир миний хөлийг хүн цохиод хугарчилаа гэж хэлсэн. Тэгээд сумын төвөөс хүмүүс ирэх хүртэл Д.Батбаяр Т.Эрдэнэбаатарыг дарж байсан. Миний хөлийг Т.Эрдэнэбаатар чулуутай гараараа ганц удаа цохьсон. Миний хөлийг Т.Эрдэнэбаатар цохихдоо өхийгөөд суучихсан байсан. Чулуунаас өөр зүйл гарт нь байгаагүй. Б.Баттулга ах Д.Батбаяр бид хоёрыг зодож цохиогүй. Харин Т.Эрдэнэбаатарыг хүний хөл хугалчихлаа гэж уурлаад одоо яан, шүүх, цагдаа гэж явах хэрэггүй. Эндээ учраа олъё гэж гуйж байсан. Т.Эрдэнэбаатар болохоор та нар шүүх цагдаагаар яв. Би ч цагдаагаар явна надад цагдаа, шүүхэд танил их байна гэж томроод байсан. ...Эмчилгээ хийлгэх нийт 800000 төгрөгний зардал гарсан. Үүнээс 10 хоног эмнэлэгт хэвтэсний ор хоногийн мөнгө 336000, эм тарианд 244000 төгрөг, хагалгаанд 230000 төгрөг зарцуулсан. Мөн 200000 төгрөгийг унаа зардал, хоол хүнсэнд зардал гаргасан. Би хөдөө айлын мал хөлсөөр малладаг байсан. Сар 300000 төгрөгөөр цалинжиж байсан. 3 сар ашиггүй байсныг нийт 900000 төгрөгийг бас нэхэмжилж байна. Надад учирсан 1900000 төгрөгний хохирлыг Т.Эрдэнэбаатараас гаргуулж авмаар байна”  гэх мэдүүлэг / хх-ийн 17-20, 21-22,-р тал /,
2. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Т.Эрдэнэбаатарын мотоциклийг Д.Батбаяр бариад би Б.Нямаагийн ард суугаад хар зам дээр бид нар бууцгаагаад Т.Эрдэнэбаатар бид хоёр Д.Батбаяр, Б.Нямаа гэх хоёр залууд “та хоёр бид нарыг гэрт хүргэж өг” гэхэд Б.Нямаа гэх залуу нь “бид нарт бензин байхгүй” гэрт чинь хүргэж өгч чадахгүй” гэж хэлэхэд Т.Эрдэнэбаатар “та хоёр гэрт хүргэж өг, та хоёр юу юм” гээд Д.Батбаяртай маргалдаж байсан. Тэгээд түүнээс цааш юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Д.Батбаярын хамт явсан залуу нь миний хөл хугарчихлаа гэж хашгирахад Батбаяр бид хоёр хар зам дээр зогсож байсан ба Д.Батбаяр Т.Эрдэнэбаатар дээр очоод түүнийг барьж аваад заамдаж, цохиж доороо хийгээд дарж сууж байхад би очиж боль гэж хэлсэн. ... Б.Нямаа өөрөө хэлэхдээ чулуугаар Т.Эрдэнэбаатарыг цохьчихлоо гэж тухайн үед хашгирч байсан. Харанхуй байсан болохоор хэн чулуугаар цохьсоныг мэдэхгүй. Б.Нямаа өөрөө сайн мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал /,
3. Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  “Бид дөрөв хар зам дээр мотоцикль дээрээ буугаад зогсоход Т.Эрдэнэбаатар өврөөсөө нэг шил боргио гэх пиво задалж Б.Нямаа бид хоёрт өгсөн. Б.Нямаа бид хоёр повиноос амсаад хариу Т.Эрдэнэбаатарт өгсөн. Тэгээд зогсож байтал Т.Эрдэнэбаатар, Б.Баттулга хоёр “та нар бид нарын мотоциклийн бариад гэрт хүргэж өг” гэхэд Б.Нямаа миний мотоциклийн бензин бага байгаа тул гэрт чинь хүргэж өгч чадахгүй” гэхэд Т.Эрдэнэбаатар “хижигнүүд. Та нар хэн бэ? Гэрт хүргэж өгдөггүй” гэж томорч эхэлсэн. Би Т.Эрдэнэбаатар ахыг та одоо яв гээд мотоцикль руу суулгах гэхэд миний нүүр рүү гараараа шанаадаж цохиход миний хамарнаас цус гарсан юм. Би Т.Эрдэнэбаатарыг “та яагаад хүн цохиж байгаа юм” гээд барьж аваад тонгороод шидэхэд хар зам дээр танхраадаад тавьчихсан байсан Б.Нямаагийн мотоциклиос татаад, мотоцикльтой хамт хар замаас унасан юм. Б.Нямаагийн мотоцикль унасан тул Б.Нямаа хар замаас буугаад мотоциклио татаад босгож байхад Б.Нямаа миний хөлийг хугалчихлаа гэж хашгирч, Д.Батбаяраа наад хүнээ бариад аваарай. Гартаа чулуу барьчихсан байна гэж хэлэхээр нь би хар зам дээр зогсож байснаа очиж Т.Эрдэнэбаатарыг барьж аваад нүүр рүү нь цохиж доороо хийж дарж авсан. Би Т.Эрдэнэбаатарыг дарж сууж байхдаа “та яагаад миний ахын хөлийг хугалж байгаа юм” гэж асуухад Эрэдэнэбаатар “би түүний хөлийг хугалаагүй” гэж хэлэхэд хажууд зогсож байсан Б.Баттулга ах “чи тэр залуугийн хөлийг хугалчихлаа” гэж загнаж байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-26, 27-р тал/,

4. Гэрч Л.Батболдын  мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 05 дугаар сарын 23-ны өглөө Б.Нямаа хөлөө хугалаад эмнэлэг дээр ирчихсэн байна гэхээр нь очиж хөлнийхөн зургийг авахуулж эмнэлэгт хэвтүүлсэн. Би Б.Нямаагаас хөлөө яагаад хугалчихсан талаар асуухад манай сумын харъяат Төмөрнохойн Эрдэнэбаатар гэх залуу миний хөлийг чулуугаар цохиж хугалсан гэж хэлсэн. Б.Нямаагийн зүүн хөлний шилбэ нь хавдсан, хөлийг хөдлөгөхөд зовиуртай, хөхөрсөн байсан. Эмч нар  энэ хүний шилбэний хоёр яс хугарсан байна. Ийм учраас мэс засал хийж эмчилнэ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
5. Гэрч Т.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 05 сарын 22-ний шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад гар утас дугараад утсаа авахад Б.Нямаа хөл хугарлаа, та машинтайгаа хурдан ирж ав гэхээр нь Жамъяндорж ахыг аваад өөрийн машинаар очиход Сагил сумын төвөөс зүүн өмнө зүгт хар зам дээр Б.Баттулга суучихсан нэг мотоцикль байсан. Хар замын урд талд замаас холгүй Б.Нямаа хөлөө барьсан суусан. Хажууд нь мотоцикль нь байсан. Мөн Д.Батбаяр Т.Эрдэнэбаатарыг барьчихсан зогсож байсан. Б.Нямаа дээр яваад очиход хөлөө барьчихсан ёолсон хашгирч байсан. Би Д.Батбаярыг наад Т.Эрдэнэбаатараа хая, энэ хүнийг эмнэлэг авч явы гэж хэлээд Б.Нямааг Д.Батбаяр, Т.Жамъяндорж бид 3 өргөж машинд суулгаад аваад явсан. Сүүлд асуухад Т.Эрдэнэбаатар миний хөлийг хатуу зүйлээр цохиж хугалсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/,

    6. Гэрч А.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой Б.Нямаа 22 цаг өнгөрч байхад мотоцикльтой ирээд Д.Батбаярыг аваад авсан. Би 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Батбаярыг хонь хариулаад явж байхад нь уулзахад Д.Батбаяр “танайхаас яваад тэр шөнө хүмүүст зодуулаад Б.Нямаагийн хөлийг чулуугаар цохиод хугалчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 33-р тал/,

7. Гэрч Т.Жамъяндоржийн  мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 05 дугаар сарын 22-ны  шөнө гэртээ унтаж байтал манай гэрийн ойролцоо гэр нь байдаг Б.Нямаа утсаар залгаж, хөл хугарлаа, хурдан ирж аваач гэж уйлж ярьсан. Бадамсүрэн бид хоёр очоод Б.Нямаа дээр очиход түүний хөл хугарсан гэдэг нь илт мэдэгдэж байсан. Хөл нь матийчихсан байсан. Машинд суугаад эмнэлэг рүү авч явах замдаа юу болсон талаар асуухад Т.Эрдэнэбаатар юмаар цохиод хугалчихлаа” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

    8. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 240  дугаартай  Шинжээч эмчийн:  “Үзүүлэгч Б.Нямаагийн биед гэмтэл учирсан байна. Зүүн шилбэний хоёр яс дунд хэсгээрээ хөндлөн хугаралтай, хугалгаа хийгдэж хадуулсан, хагалгааны дараах байдалтай байв. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 44-р тал /,
    9. Шүүгдэгч Т.Эрдэнэбаатар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 66-р тал /,
    10 . Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 86, 93, 205-р тал/,
    11. Шүүгдэгч Т.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Энэ хэрэгт холбогдон шалгагдах 90 хоногийн хугацаанд их зүйлийг ойлголоо. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Энэ хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Хөхөлдэйнхөн овогт Төмөрнохойн Эрдэнэбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 22-наас 23-нд шинжих шөнө Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Нямаагийн зүүн хөлийг чулуугаар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь хохирогч С.Нямаа, гэрч Б.Баттулга, Д.Батбаяр, Л.Батболд, Т.Бадамсүрэн, А.Хосбаяр, Т.Жамьяндорж, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 240  дугаартай  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
            Хохирогч Б.Нямаа нь 1.900.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Т.Эрдэнэбаатар төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “ Т.Эрдэнэбаатараас хохирол 1.900.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан нь үнэн болно. Цаашид ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэсэн хохирогчийн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.
            Шүүгдэгч  Т.Эрдэнэбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
    Шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэх нь зүйтэй  гэж үзэв.

  Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55  дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д  “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзан үзээд Т.Эрдэнэбаатарт оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.
              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөхөлдэйнхөн овогт Төмөрнохойн Эрдэнэбаатарыг  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн  98.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт  1 / нэг / жил хорих  ял  шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5- д зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт оногдуулсан  1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Эрдэнэбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус  тус дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Эрдэнэбаатарын дундын өмчлөлийн 3 үхэр  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт  оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбаатарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах ба улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ