Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1924

 

 

 “Говь хангай кашмер вүүл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01688 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Говь хангай кашмер вүүл” ХХК-ийн хариуцагч “Нью силк рөүд” ХХК-д холбогдуулан гаргасан барааны үнэ 2 000 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал, М.Түмэннаст, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжпэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говь хангай кашмер вүүл" компанийн захирал Б.Энхтуяа би С.Пүрэвдорж захиралтай "Нью силк роүд" ХХК-тай бүтээгдэхүүн борлуулах, үүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан БНХАУ-д борлуулахаар 5 ширхэг үхрийн ширэн дээр баралж хийсэн 200х80 см хэмжээтэй зургийг нэг бүрийн үнэ 400 000 төгрөгөөр тооцож 2016 оны 5 сарын 11-ний өдөр гэрээг баталгаажуулж тус компанийн ажилтан н.Хувьтөгөлдөр болон өвөр монгол эмэгтэй нарт хүлээлгэн өгсөн. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд "Нью силк рөүд" ХХК-ийн агуулах гэх газарт хүлээлгэн өгсөн. Улмаар гэрээний дагуу тооцоо хийхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй. 2016 оны 12 дугаар сарын эхээр тус компани дээр тооцоо хийхээр очиход бүх зурагнууд нь зарагдсан, хүлээж бай гэсээр өдийг хүрсэн. Иймд хариуцагчаас барааны үнэ 2 000 000 төгрөг, гэрээний 11.12-т заасан 0.5 хувийн алданги болох 1 200 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөгийг гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Нью силк рөүд" ХХК нь “Говь хангай кашмер вүүл" ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр бүхий бүтээгдэхүүн борлуулах ББГ-16012 тоот гэрээг байгуулсан ба тус борлуулах нэг бүрийн үнэ 400 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг 5 ширхэг арьсан зургийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай компанид нийлүүлсэн болно. Улмаар “Говь хангай кашмер вүүл" ХХК-ний захирал Б.Энхтуяа нь өөрийн биеэр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр "Нью силк рөүд" ХХК-ийн оффисийн байр болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, Юнион Бьюлдинг, А блок 805 тоотод ирэн тооцоо нийлж 2 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний баримт үйлдэн авсан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн болон Бугат хотуудад болсон "Нью силк рөүд" ХХК-ийн зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд “Говь хангай кашмер вүүл" ХХК нь оролцохоор болж бүртгүүлэхдээ тус үзэсгэлэн худалдааны павилионы түрээсийн төлбөр болох 2 966 200 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр захирал Б.Энхтуяа нь манай компанид бэлнээр тушаасан ба мөн энэ өдрөө үлдэгдэл 966 200 төгрөгийг "Нью силк рөүд" ХХК-ийн Хаан банкны төгрөгийн 5129027828 тоот дансанд Хаан банкны 5026691253 тоот данснаас шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч "Нью силк рөүд" ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Говь хангай кашмер вүүл" ХХК-д олгож, үлдэх 1 200 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Нью силк рөүд" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Говь хангай кашмер вүүл" ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннаст давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Нью силк роүд" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн борлуулах, үүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх ББГ-16012 тоот гэрээний дагуу барааны үнэ 2 000 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг нийт 3 200 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад өөр шаардлагаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэлцлээсээ татгалзсан үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар, нотлох баримтууд гаргаж өгсөн бөгөөд Бугат хотод зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох хэлцлээсээ татгалзсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үзэсгэлэн худалдааны зардал хураамжийг БНХАУ-ын зохион байгуулагч талд шилжүүлсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх хэлцлээсээ татгалзах талаар мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хэлцлээсээ татгалзаж байгаа талаар хариуцагч байгууллагад мэдэгдээгүй бөгөөд амаар мэдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Нэхэмжпэгч байгууллагад Wechat-aap уг журмыг явуулсан ба уг журмын 3.D-д "нэгэнт бүх захиалгууд хийгдсэн байхад тухайн оролцогч газар дээрээ шийдвэрээ өөрчилбөл төлбөрийг буцаан олгохгүй бөгөөд өөр нэмэлт захиалга хийх боломжгүй" гэж заасан бөгөөд уг журмыг танилцуулсны дараа үзэсгэлэн худалдаанд оролцуулдаг. Уг заалтын дагуу манай байгууллага төлбөрийг буцаан олгох үндэслэл байхгүй. Бугат хотод зохион байгуулагдах үзэсгэлэнгийн зардлыг 6 500 юан байсныг хямдруулаад 5 500 юан болгож тохиролцсон, гэтэл анхан шатны шүүх 6 500 юанаар тооцож алдаа гаргасан байна. Иймд 5 500 юанийг тухайн үеийн ханш 361 төгрөгөөр тооцоход 1 985 500 төгрөг болж байгааг дурьдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Говь хангай кашмер вүүл” ХХК нь хариуцагч “Нью силк рөүд” ХХК-д холбогдуулан барааны үнэ 2 000 000 төгрөг, алданги 1 200 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцохоор 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийг өөрөө зөвшөөрч суутгуулсан гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Бүтээгдэхүүн борлуулах, үүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс нэг бүр нь 400 000 төгрөгийн үнэ бүхий нийт 5 ширхэг арьсан урлал авч нийт 2 000 000 төгрөгөөр худалдан борлуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна. /хх.5,13,24,77/

Мөн зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний бус, харин даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна. Учир нь нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, харин нэхэмжлэгчийн эд зүйлийг цахим болон үзэсгэлэн худалдаа зэрэг хэрэгслээр дамжуулан худалдахад туслалцаа үзүүлсэн байна. Иймд анхан шатны шүүх уг хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний үүргийг сольсон гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчид шилжүүлэн өгсөн 5 ш арьсан урлалын үнэ 2 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар тодорхой заажээ. Талуудын хооронд гэрээний үүргийг сольсон, улмаар солигдсон гэрээнээс татгалзсан зэрэг асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх солигдсон үүрэг бүхий гэрээнээс татгалзсан талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөх эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэх, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3 дах хэсэгт зааснаар даалгаврын гэрээний дагуу эд зүйл хүлээн авсан даалгавар гүйцэтгэгч нь тухайн эд зүйлийг захиран зарцуулсантай холбоотой олсон орлогыг даалгавар өгөгчид буцааж өгөх үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн 5 ширхэг арьсан урлалыг нийт 2 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хэрэгт авагдсан /хх.25-26/ баримтаар тогтоогдсон тул хариуцагч 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй.

Талууд уг 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бодитоор шилжүүлж өгөх үүргээ хариуцагч биелүүлсэн эсэх асуудлаар маргаантай байна. Хэрэгт авагдсан нэг өдөр үйлдэгдсэн 2 000 000 төгрөгийн орлогын болон зарлагын баримт /хх.25-26/, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид арьсан урлалын үнэ 2 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөлгүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн болон Бугат хотуудад хариуцагч “Нью силк рөүд” ХХК-ийн зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны зардалд суутган авсан болох нь /хх.24/ тогтоогдож байна. Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийн өмнө үзэсгэлэн худалдаанд оролцохтой холбоотой төлбөр төлөх үүрэг хүлээж, уг үүргийг харилцан тооцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч “Нью силк рөүд” ХХК нь нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй.

Талуудын хоорондын гэрээний 11.12-т “хохирлын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон алдангийн талаарх тохиролцоо гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

Хэрэгт авагдсан /хх.62/ үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн нотлох баримт болох талуудын эрх бүхий этгээдүүдийн хооронд харилцсан We Chat-д “...Танайх яагаад Бугат дээр орохоо больчихов оо. Бугатад орсон тохиолдолд хямдрал байгаа...” гэсэн дуут шууданг илгээсэн талаар бичигдсэн байна. Энэхүү үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс даалгаврын гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг төлөх үүргийг БНХАУ-ын Бугатын үзэсгэлэн худалдааны зардалд тооцуулахаар зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн 2 000 000 төгрөгийн үүргийг гадаад улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах үүргээр сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг сольж дуусгавар болгосонтой холбоотой заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Талуудын хоорондын гадаад улсад үзэсгэлэн худалдаанд оролцохтой холбоотой гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг энэ шийдвэрийн хүрээнд шийдвэрлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Нью силк рөүд" ХХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Говь хангай кашмер вүүл" ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 1 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннастын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ