| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/01747/И |
| Дугаар | 2417 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 10 айл гудамж, тоотод оршин суух Олхонууд овогт Билэгтийн Мангалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлэгийн гудамж, 14/426 тоотод оршин суух Эмчийнхэн овогт Олонбаярын Оюунболдод холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2.849.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар, иргэдийн төлөөлөгч Г.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 02 дугаар сард өөрийн эзэмшлийн авто машины моторыг солиулах зорилготой Баянгол дүүргийн 8 дугаар хороо Авто плаза-2 худалдааны төвийн доод давхарт байрлах “Hybrid” авто засварын газарт УНМ 27-41 улсын дугаартай Тоёота Истима маркийн авто машины моторыг нь сольж суурилуулах зорилгоор моторын доод анги худалдан авахаар “Да хүрээ” зах дээр явж байгаад №20 дугаартай чингэлэгт өөрийгөө “МB моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг гэх Оюунболд гэгч иргэнтэй уулзсан болно. “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн худалдааг ажилуулдаг Оюунболд нь хэлэхдээ .... Машины моторыг засаж боож тавьж байхаар шинээр солиод тавьчихвал хамаагүй сайн. Сольж тавихдаа мотороо кроптой нь хамт сольчихвол бүр илүү сайн байдаг юм. “Манайх Тоёота Истима” хайбрид маркийн авто машины “ямарч асуудалгүй 6 шинэ моторыг кроптой нь Япон улсаас оруулж ирсэн” гааль дээр байж байгаа. Тэндээс шилээд авч болно. Хэрэв манайхаас мотор авбал манай засварын газраар машиндаа тавиулах шаардлагатай. Тэгэж байж бид баталгаа гаргаж өгнө. Тэгээгүй тохиолдолд баталгаа өгөхгүй. Манайх өөрийн засварын газартай. Мөн мотороо сольж байгаа бол кропоо ч бас сольчихвол дээр шүү. Илүү машинд сайн байдаг. Хосоор нь авбал илүү хямд өгнө. Гэхдээ та 2-3 хоног хүлээх хэрэгтэй. Бид эхлээд гаалиас мотор, кропоо авах хэрэгтэй байна. Тэгээд таньд утсаар хэлье... гэж ярьж хэлсний дагуу нэрийн хуудсыг нь авч, утасныхаа дугаарыг үлдээж тухайн моторыг гаалиас авсаны дараа үзэж сонголтоо хийж, мотор болон кропыг хамтад нь худалдан авч, тэдний засварын газраар тавиулахаар хэлэлцэн тохиролцож утсаар холбоо барихыг хүлээхээр буцсан болно. “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажиллуулдаг Оюунболд нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчим холбогдон ..... Мотор ирсэн тул машинаа манай засварын газар одоо аваад ир.... хэмээн ярьж миний бие ачигч машин хөлслөн ачуулж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд зах дагуу байрлах “МВ авто засварын газар авто машинаа хүлээлгэн өгөхөөр хүрэлцэн очсон боловч тус засварын газарт машин хүлээж авах хүн байхгүй байсан бөгөөд утсаар холбогдон .... мотор кропоо маргааш засвар дээрээ аваачихаар боллоо, энөөдөр оройтчихлоо, дүү нь гааль дээрээс мотор кропоо авах гэж яваад жаахан уучихлаа ойлгоорой. Одоо манай эхнэр очно. Манай эхнэрт машинаа үлдээгээд явчих... гэсний дагуу эхнэр нь 20 цагийн орчим ирж машиныг авч үлдсэн болно.
Харин маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 03-нд “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболд холбогдон ...за ах санаа зовох хэрэггүй дүү нь мотор, кропноосоо шилж шалгаж байгаад хамгийн сайныг нь тавиулж байна. Дуусангуут нь хэлье тэгээд хүрч ирээд авчихаарай... гэж хэлсний дагуу миний бие “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболдод итгэл үзүүлэн дуусахаар нь очиж машинаа авах болсон билээ.
2016 оны 03 дугаар сарын 05-ны орой Оюунболд утсаар холбогдон ... маргааш ирж машинаа аваарай. Гэхдээ хайбрид автомашины зориулалтын моторын тос, кропны тос, радиотарын шингэн, моторын шүүр зэргийг “Ecco” төвөөс авч ирэхийг зөвлөж бид маргааш нь буюу 2016.03.06-ны өдөр “Ecco” төвөөс тэдгээрийг нь 290.500 төгрөгөөр худалдан авч “МВ авто засвар” дээр очиход машины засварын ажил дуусаагүй байсан бөгөөд машинаа тойрон харахад урд нүүрний шилэнд хатуу зүйлээр цохигдон цав гарсан байсныг засварчинд хэлж үзүүлэн засварын ажил дуустал хүлээсэн болно. Засварын ажил дууссаны дараа засварчид нь асаах гэж оролдсон боловч машин асахгүй байсан бөгөөд “МВ авто засвар”-ын засварчид ... мотор болон кроп бол асуудалгүй цахилгаанд асуудал байна. Компьютер оношилгоо дуудаад ир... гэсний дагуу бид хайж явсаар “Дако” авто худалдааны төвийн баруун талд зам дагуу байрлах “Toyota Hybrid” авто засварын газраас компьютер оношилгоог дуудан ирүүлж 50.000 төгрөгийн төлбөр төлөн компьютер оношилгоо хийлгэхэд “кропны холболт буруу хийгдсэн байна” гэсэн онош тавин холболтийг хэрхэн зөв хийхийг зөвлөөд буцсан болно. Ингээд тухайн өдөр машин гарах боломжгүй болсныг засварчид нь тайлбарлан 2-3 хоногийн дараа ирж авахыг зөвлөснөөр миний бие буцаж явсан болно. 2016.03.09-н “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболд машинаа ирж авахыг утсаар хэлснээр миний бие машинаа авахаар очиход миний машин “МВ моторс” япон авто засварын газрын гадаа асаалттай байж байсан бөгөөд 2.400.000 төгрөгийн тооцоог хийн нэг сарын баталгаа өгнө гэснийх нь дагуу баталгаа гаргаж өгөхийг нэхэхэд “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрын танилцуулга нэрийн хуудсан дээрээ гараар 1 сарын баталгаа бичиж өгөөд... зүгээр бид биеэсээ мэдэж байгаа юм чинь энэ болно. Асуудал байвал буцаад ирээрэй. Дүү нь ямарч асуудалгүй шийдээд өгнө. Харин бусад асуудлыг дүү нь шийднэ... гэсний дагуу машинаа унан явах гэтэл машины мотор асар их дэргээтэй, зогсож байхад моторын нормал өндөр, хөдөлж явахад хаз өндөртэй байсан бөгөөд яагаад ийм байгааг асуухад ... дөнгөж тохируулж тавьсан мотор учраас жигдэртлээ ийм байдаг юм. Сайн яваад бай тэгээд зүгээр болно... гэсний дагуу тус засварын газраас тухайн өдрийнхөө 15 цагийн орчим хөдлөн түгжрэл дунд зөөлөн явсаар 2 км орчим замыг туулсны дараа машин унтарч асахгүй болсон бөгөөд бид хамгийн ойрын засварын газарт хандан 50.000 төгрөгийн төлбөр төлөн компьютер оношилгоо хийлгэхэд ... цахилгаан мотор нь шатсан байна. Хөргөгч шингэнийг дутуу хийснээс болж цахилгаан мотор дээр хэт халалт үүсэн шатсан байна... хэмээн оношилсон бөгөөд энэ тухай “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболдод мэдэгдэн “Toyota Hybrid” засварын газраас цахилгаан мотор 850.000 төгрөгөөр худалдан авч тавиулж, цахилгаан моторын ражаторыг дахин өөр хөргөгч шингэнээр цэнэглэн 2016.03.11-ны өдөр “Toyota Hybrid” засварын газраас оройн 17 цагийн орчим машинаа асаан хөдөлсөн болно. Гэвч дахин 2 км орчим газар яваад машин дахин унтарсан тул “Toyota Hybrid” засварын засварчдыг дуудан ирүүлэхэд компютер оношилгоо хийж үзэн дахин цахилгаан мотор дээр асуудал үүссэнийг оношлон, энэ гэмтэл нь кроптой холбоотой үүссэн гэмтэл болохыг хэлээд кропоо засуулахыг сануулсанаар 23 цагийн орчим хөдөлсөн болно. Ингээд бид 2016.03.12-нд машинаа огт асуугаагүй өнжөөд 2016.03.13-ны өдөр машинаа асаах гэсэн боловч асаагүй тул “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газар болон “Toyota Hybrid” засварын газруудад буцаж очин тэдгээрийн төлөөллийг дагуулан ирж шалтгааныг нь тодруулахад үзлэг хийн кропны генератор шатсан байна гэсэн дүгнэлтэд хүрснээр кропны генераторыг солиулж тавиулахаар “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газар машинаа хүргэн өгч кропны генераторыг солиулж тавиулахад 2016.03.15-ны орой 22 цагийн орчим буцаан авсан болно. Гэвч 2016.03.16-ны өдөр худалдаж авсан мотороос тос хаяж байгааг харж 2016.03.17-ны өдөр Оюунболдтой уулзаж худалдан авсан мотороо буцаах болсон мөн моторын хэт их дэргээнээс шилэнд суусан цав нэмж цуурсаар шил бүхэлдээ цуурсан тухай хэлж сольж өгөхийг шаардсан боловч “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газар зөвхөн моторыг буцаан авна, шил бидэнд хамаагүй хэмээн маргаж 2016.03.27-нд “Toyota Hybrid” засварын газарт машинаа оруулан худалдан авсан моторыг машинаас салган авч, моторын тос болон моторын шүүрийн хамт “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газарт хүргэж өгсөн боловч Оюунболд өөрөө байлцаж байж авна гэсэн шалтгаанаар ажилчид нь хүлээж аваагүй бөгөөд 2016.03.29-ны өдөр “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболдтой утсаар холбогдож байж моторыг ажилчидад нь буцаан хүлээлгэн өгсөн болно.
Гэвч өдөр “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболд нь 2016.04.05-ны өдөр буцаан авсан моторыг зарсан тухай хэлсэн боловч мөнгө болох 1.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй бөгөөд тус засварын газарт засуулахаар өгсөн миний машинд учируулсан хохирол болох нүүрний шилэнд цав гаргаж хагалсаныг солиулахаар нүүрний шил худалдан авсан 170.000 төгрөг, моторын тос худалдан авсан 76.000 төгрөг, моторын тосны шүүр худалдан авсан 13.000 төгрөг, хөргөгч шингэн буюу аптиприз худалдан авсан 37.500 төгрөг, компютер оношилгооны 110.000 төгрөг, цахилгаан мотор худалдан авсан 850.000 төгрөг нийт 2.756.500 төгрөгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгаа тул “МВ моторс” япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг Оюунболдоос гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. “МВ моторс япон сэлбэг худалдааны газрын эзэн гэх О.Оюунболдоос 1.500.000 төгрөгөөр тоёота истима машины мотор, 700.000 төгрөгөөр кроп худалдан авч түүний зөвлөснөөр өөрийнх нь ажиллуулдаг МВ моторс япон автомашины засварын газарт 200.000 төгрөг төлж худалдаж авсан мотор, кропоо машиндаа суурилуулан хэвийн ажиллагаанд оруулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч тус засварын газар нь ажил гүйцэтгэх явцдаа 1.256.500 төгрөгийн хохирол учруулж, худалдаж авсан мотор кроп нь гэмтэлтэй мөн таарч тохирохгүй байснаас моторыг нь буцаасан боловч моторын үнэ 1.500.000 төгрөг буцааж олгоогүй бөгөөд нийт 2.756.500 төгрөгийн нэхэмжилсэн эхний нэхэмжлэл дээр нэмэгдүүлж мотор кропны үнэ дээр маргаж эхэлсэн тул мотор кропны зах зээл дээрх үнийг тогтоолгох зорилгоор хийлгэсэн үнэлгээний үнэ 92.750 төгрөг нийт 2.849.250 төгрөгийг О.Оюунболдоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдөр тргэн Мангал гэгчээс машиныг манай засварын газар хүлээж авахад мотор, кропгүй, урд салхины шил цуурсан, машинаа бүрэн бүтэн бус ачуулсан хамаг, юм нь задгай кавин дотор нь хийсэн байдалтай байсныг засварын газрын хашаанд оруулж тавиад явсан. Ингээд 5 хоногийн дараа машиныг нь Мангал болон бусад 4 хүнд бүрэн бүтэн асдаг явдаг болгоод хүлээлгэн өгсөн болно. Иргэн Мангал нь 2016 оны 03 дугаар сарын 17-нд мотороо буцаахаар боллоо гэж ирэхэд нь болноо кроп буцаахгүй гэсэн шаардлага тавьсан. Иргэн Мангал нь 2016 оны 03 дугаар сарын 27-нд машины мотороо өөр засварын газраар тайлуулан 2016 оны 03 дугаар сарын 29-нд буцаан авчирсан бөгөөд зарсан хойно нь мөнгийг нь өгнө гэж хэлэхэд маргааш нь хар өнгийн Land-тай хүүхэд нь гэх залуу 3,4-н залуучуудтай манай ажлын газар ирж ална, шулна гэж хэрэлдэж байгаад явсан. Тэрнээс хойш өдийг хүртэл нэг ч удаа холбоо бариагүй болно. Иймд буцаасан моторын мөнгө болох 1.000.000 төгрөгийг Оюунболд би буцаан өгөх болно. Харин илүү зардлууд гэх 1.756.500 төгрөгийг ямар ч үндэслэлгүй төлөх шаардлага надад байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мангал нь хариуцагч Оюунболдод холбогдуулан 2.849.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 1.849.250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол 2.679.250 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 170.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага түс бүрээр нь задалвал моторын үнэ 1.500.000 төгрөг, мотрын тос, шүүр, хөргөгч шингэний үнэ 126.500 төгрөг, компьютер оношилгооны төлбөр 110.000 төгрөг, цахилгаан мотор худалдан авсан 850.000 төгрөг, цонхны шилний үнэ 170.000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 92.750 төгрөг нийт 2.849.250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.Мангал нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Да хүрээ” захын 20 дугаартай “МВ моторс” япон сэлбэгийн худалдааны газрыг хариуцсан О.Оюунболдоор 27-41 УНМ улсын дугаартай Тоёота истима маркийн автомашины мотор кропыг худалдан авч, угсарч суурилуулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас гэрээний агуулгыг тодорхойлж үзвэл нэг талаас япон улсаас оруулж ирсэн автомашины мотор, кропыг шилжүүлж, угсарч сууриулуулах, нөгөө тал барааны үнэ болон суурилуулалтын хөлс төлөх тохиролцоо нь Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах”, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хуульд худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг моторыг хариуцагчид буцаасан тул моторын үнэ 1.500.000 төгрөг, мотор кропыг суурилуулахдаа хөргөгч шингэнийг дутуу хийснээс 236.500 төгрөгийн зардал, кропыг буруу угсарсаны улмаас 850.000 төгрөгөөр худалдан авсан цахилгаан мотор шатсан, автомашиныг засварлахдаа салхины шилийг хагалж 170.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж тайлбарлаж, хариуцагч моторыг буцаан авсан тул моторын үнэ 1.000.000 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Монгол улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу худалдах-худалдан гэрээний дагуу моторын үнийг нэхэмжлэгч Б.Мангал нь хариуцагч О.Оюунболдоос шаардах эрхтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь моторын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байх боловч хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн “автомашины техникийн үнэлгээний тайлан”-р моторын үнийг тодорхойлох боломжгүй./х.х-ийн 51-52 дугаар тал/
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний үнэ болон гэрээнд оролцогчдын хүсэл зоригийн илэрхийлэлийг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох боломжгүй юм.
Иймд моторын үнэнд 1.000.000 төгрөгийг төлнө гэх хариуцагчийн тайлбар, зөвшөөрлийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх утхай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзалыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Хариуцагч О.Оюунболд нь мотор кропыг суурилуулахдаа хөргөгч шингэнийг дутуу хийснээс 236.500 төгрөгийн зардал, кропыг буруу угсарсаны улмаас 850.000 төгрөгөөр худалдан авсан цахилгаан мотор шатсан үйл баримтын талаар маргаагүй боловч уг хохирлыг төлж барагдуулах үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч татгалзалын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учруулсан хохирлоо шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох моторын тос, тосны шүүр, хөргөгч шингэн худалдан авсан 126.500 төгрөг, компьютер оношилгооны зардалд 110.000 төгрөг, цахилгаан моторын үнэ 850.000 төгрөг нийт 1.086.500 төгрөгийг хариуцагч О.Оюунболдоос гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Харин шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 92.750 төгрөгийн зардал нь хариуцагч үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаагүй болно./х.х-ийн 10-16, 50 дугаар тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн гэм бурууг тодорхойлох боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч хууль болон журам зөрчсөний улмаас нэхэмжлэгчид 170.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч О.Оюунболдоос 2.086.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мангалд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 762.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх нэхэмжлэгч Б.Мангалын нэхэмжлэлд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй болно.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч О.Оюунболдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Оюунболдоос 2.086.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мангалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 762.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мангалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оюунболдоос 48.334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мангалд олгосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол журмаар гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД, З.БАЯРМАА
Б.МАНДАЛБАЯР