Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Т.Ганбүргэд, Б.Мөнгөн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч Дөл овогт Батсүхийн Мөнгөн-Эрдэнэ, Хөх овогт Тоомойн Ганбүргэд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127001020100 дугаартай, 146/2021/0075/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, ************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дөл овогт Батсүхийн Мөнгөн-Эрдэнэ /РД:************/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, ************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөх овогт Тоомойн Ганбүргэд /РД:************/ гэв.

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Б.Алтан-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Б.Алтан-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Шүүгдэгч Т.Ганбүргэдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт байх Б.Алтан-Эрдэнийн хашаанд байх мужааны байранд модон эдлэлээр юм хийж байхад Т.Ганбүргэд ах ирсэн. Тэгээд хоёулаа нэг юм уухаар болоод ах Т.Ганбүргэд 1 шил 0.5 граммын архи авч өгсөн ба түүнийг бид хоёр хувааж уусан. Тэгээд ууж дуусгаад архины мөнгө авах санаатай Б.Алтан-Эрдэнэ ахын гэр рүү орсон. Тэгээд Б.Алтан-Эрдэнэ ах нэг шил архи аваад өгье гэхээр нь би архи ч яах вэ дүү чинь амьдралаа тохинуулж авмаар байна, дүүдээ туслах санаа байна уу? гэхэд чам шиг юм миний дүү биш манайхаас зайл гэж намайг хөөсөн ба чамайг байтугай өөрийнхөө амьдралыг яая гэж байна гэж хариу хэлсэн. Тэгснээ над руу хутга авах гэж байгаа бололтой гал тогооны хэсэг рүү ойртож очоод орон дээр гараад орилоод байсан. Тэр үед гаднаас хүргэн ах Т.Ганбүргэд орж ирээд яах гэж дүүгээ янз бүрээр хэлж байдаг юм гэж Б.Алтан-Эрдэнийг загнахад өмнөөс нь янз бүрийн яриад байхаар нь хүргэн ах Т.Ганбүргэд Б.Алтан-Эрдэнийн нуруу хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Хүргэн ах цохичхоод буцаад ахлахад араас нь Б.Алтан-Эрдэнэ сандал барьж дайрахад нь би булааж аваад Б.Алтан-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохисон. Тэгээд Б.Алтан-Эрдэнэ нь гэрээс гараад гүйсэн ба тэр үед би араас нь хөөж байгаад хашааны баруун урд өнцөг рүү гүйхэд нь араас нь очоод Б.Алтан-Эрдэнийг араас нь тэвэрч аваад унагахад халгай таарсан юм. Тэр үед газар унахад нь 2-3 удаа хөлөөрөө цээж хэсэг рүү цохисон. Тэгээд араас эхнэр нь ирээд салгасан ба Б.Алтан-Эрдэнэ нь шавхайн дундуур гүйгээд хашаагаар гараад гүйгээд явчихсан. Би тэр үед машинаар араас хөөе гэж бодоод хашаанд байсан өөрийн машинаа асаагаад араас нь гарсан. Засмал дээр Б.Алтан-Эрдэнэ нь алхаж явж байсан ба би машинтайгаа очиход засмал замаас буугаад явсан ба би машинаас буугаад өмнөөс амдаж очсон. Айлын хашаа руу орчхоод гарч ирэхгүй байхаар нь хаалгыг хүчээр онгойлгож ороод айлын хашаан дотор Б.Алтан-Эрдэнийг өргөж авч шидээд тэнд газар унагааж байгаад 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн айлын хашаанаас тэврээд гарч байхад хүргэн ах өмнөөс ирээд намайг салгасан. Тэр үед цаанаас цагдаа ирж биднийг  аваад явсан... гэжээ /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Ганбүргэдийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Тухайн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт байх Б.Алтан-Эрдэнийн хашаанд байх мужааны байранд Б.Мөнгөн-Эрдэнэтэй хамт 0.5 граммын “Эликс” нэртэй архийг хувааж уусан юм. Түүний дараа Б.Мөнгөн-Эрдэнэ нь Б.Алтан-Эрдэнийн гэр рүү нь орсон ба орохдоо яах гэж байгаа талаараа надад хэлээгүй. Тэгтэл хэсэг хугацааны дараа гэр дотор хэрүүл шуугиан болоод байсан тэгэхээр нь би юу болов гээд гэрт нь ороход гэрийн баруун талын орон дээр Б.Алтан-Эрдэнэ нь төрсөн дүү Б.Мөнгөн-Эрдэнэ рүү орилж хашхираад байхаар нь орноос татаж буулгаж байгаад Б.Алтан-Эрдэнийн ар нуруу хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд эргээд би гэрээс гарах гэж байх үед араас Б.Алтан-Эрдэнэ нь сандал гартаа барьчихсан намайг цохих гээд ирэхэд нь Б.Мөнгөн-Эрдэнэ нь сандлыг булааж аваад 1 удаа Б.Алтан-Эрдэнийг цохиод авах шиг болсон ба хаана цохисныг мэдээгүй. Тэгээд гэрээс Б.Алтан-Эрдэнэ нь зугтаад гараад явсан. Араас нь Б.Мөнгөн-Эрдэнэ хөөгөөд орилоод гарсан. Тэгээд би урагшаа гэр рүүгээ харих гээд явж байхад урд гудамжны айлын хашаанд Б.Мөнгөн-Эрдэнэ Б.Алтан-Эрдэнийг зодож байхаар нь салгах гээд очиход Б.Мөнгөн-Эрдэнэ нь Б.Алтан-Эрдэнийг айлаас чирч гаргаж ирж байсан ба тухайн үед Б.Алтан-Эрдэнийн нүүр цус болчихсон, гар хөдөлж болохгүй байна гээд орилоод байсан. Тэр үед цаанаас цагдаа ирээд бид нарыг аваад явсан... гэжээ /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Алтан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Тухайн үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Хүйтэн булаг 1202 тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт байхад гаднаас Б.Мөнгөн-Эрдэнэ согтуу орж ирсэн. Б.Мөнгөн-Эрдэнэ орж ирээд  надаас архины мөнгө нэхээд байхаар нь би төрсөн дүүгээ чи яахаараа надаас архи нэхдэг юм гээд загнаад сууж байхад тэр үед араас нь Т.Ганбүргэд согтуу орж ирээд миний хажууд сууж байхдаа чи дуугүй бай яагаад Б.Мөнгөн-Эрдэнэ рүү дайраад байгаа юм гээд Т.Ганбүргэд нь гараараа шанаа руу 3 удаа, цээж рүү 6 удаа, ар дагз руу 4-5 удаа цохисон. ...Б.Мөнгөн-Эрдэнэ цаанаас босож ирээд ар дагзнаас гараараа барьж байгаад нөгөө гараараа 3 удаа, мөн хажуугаас Т.Ганбүргэд гараараа 3 удаа цээж рүү цохисон. Тэгж байснаа Т.Ганбүргэд, Б.Мөнгөн-Эрдэнэ нар намайг дамжлаад гэрээс гаргаад тогтмол усанд нүүрээр дүрж байгаад ар дагз руу цохиод байсан ба хэн нь цохиод байгаа нь мэдэгдээгүй. ...Намайг тэр хоёр, хоёр талаас сугадаад хашааны буланд байх халгай өвсөнд түрүүлгээ харуулаад намайг дээрээс дарж байгаад толгой цээж рүү хоёр талаас зэрэг өшиглөөд байсан. ...Тэгээд намайг дайрах гээд хөөгөөд байхаар нь би айлын хашаа руу ороход машинаа гадна тавьчхаад Б.Мөнгөн-Эрдэнэ араас явган гүйгээд ирээд намайг бариад авсан ба би тэр үед айлын хашааны хаалга онгойлгох гээд гараа шургуулахад миний гарыг хашааны гадна талаас барьж аваад миний гарыг өчөөд байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Доржхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт гэртээ байж байхад гаднаас Мөнгөн-Эрдэнэ орж ирээд манай нөхөр Алтан-Эрдэнээс архины мөнгө нэхээд байсан. Архинд яваад ир гээд шахаад Алтан-эрдэнээ чиний амьдралыг зөндөө л тэтгэлээ одоо чи миний амьдралыг тэтгэх цаг болсон гээд хэрүүл өдөөд байсан. хүргэн Т.Ганбүргэд орж ирээд Б.Алтан-Эрдэнийг чи муу дуугүй бай гээд гараараа 2 удаа толгой руу нь цохисон. Тэгээд Т.Ганбүргэд нь Б.Алтан-Эрдэнийг орон дээр дарж байгаад ар дагз руу нь гараараа 4-5 удаа цохисон. Тэр үед Б.Мөнгөн-Эрдэнэ босож ирээд Б.Алтан-Эрдэнийг гараараа толгой руу нь цохисон. Тэгээд Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нар манай нөхрийг 2 талаас нь дамжлаад гарсан. Хашаан дотор тогтмол усан дээр манай нөхрийг Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нар элбэж байгаад хамт зодож байсан. Тэр үед би очиж салгахад манай нөхрийг хөөгөөд хашаанаас гараад явсан. Би гэртээ цагдаа дуудах гээд үлдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 8726 дугаартай: “...1 Б.Алтан-Эрдэнийн биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2, 6-7 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 65 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нар нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Б.Алтан-Эрдэнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Д.Доржхандын мэдүүлэг, шинжээчийн 8726 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нарын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байх бөгөөд уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнгөн-Эрдэнэ, Т.Ганбүргэд нар нь хохирогч Б.Алтан-Эрдэнэд эмчилгээний зардал, хохиролд 6,000,000 төгрөгийг төлсөн нь шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтээр тогтоогдож байх  тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дөл овогт Батсүхийн Мөнгөн-Эрдэнэ, Хөх овогт Тоомойн Ганбүргэд нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Дөл овогт Батсүхийн Мөнгөн-Эрдэнэ, Хөх овогт Тоомойн Ганбүргэд нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч нарт шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА