Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00796

 

               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Дуурга хэмээх газар оршин суух, РФ91052817 регистрийн дугаартай, Таваан овогт Пүрэвсүрэнгийн Ариунсанаа нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн Баян-Эрхэтэд оршин суух, РЕ69111273 регистрийн дугаартай, Баянзүрх овогт Гарамын Чинбатад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 7 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ариунсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П. Ариунсанаа нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Гарамын Чинбатад нэг бүрийн үнэ 6000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг ногоон тэжээлийг нийт 1.200.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон “Ногоон тэжээл бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан юм. Ингэж худалдахдаа худалдан авагчийн саналын дагуу барааны үнийг малаар төлөхөөр тохиролцон, нийт 1.200.000 төгрөгт дүйцэх 12 эм хонь, 6 эр хонь, 6 эм ямаа, бүгд 24 бог малыг нэг бүрийн үнэ 50.000 төгрөг байхаар тохиролцон 2017 оны 6 дугаар  сарын 01-ны өдөр худалдагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч Г.Чинбат нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Бид барааг худалдахдаа “худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний 8.4-т худалдан авагч худалдагчид заасан хугацаанд буюу 2017 оны 6 дугаар 01-ны өдөр барааны үнэ болох малыг хүлээлгэн өгөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд  гэрээний үнэ болох 1.200.000 төгрөгийн 0.5 хувийн алданги тооцон авахаар заасан тул гэрээний дагуу худалдан авагчаас гэрээний үнэ болох 1.200.000  төгрөг болон алдангийг авах эрхтэй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд худалдан авагч Гарамын Чинбатыг надтай байгуулсан ”худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2-т заасан үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээний үнэ  болох  1.200.000  төгрөгийн  үнэ  бүхий  бог  мал,  алданги болох 192.000 төгрөг, нийт  1.392.000 /нэг гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Чинбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: : Миний  бие 2017 оны 3 дугаар сард П. Ариунсанаатай харилцан тохиролцож “худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 1.200.000 төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл худалдан авсан нь үнэн болно. Тэгээд гэрээний дагуу ногоон тэжээлийн үнэ болох 1.200.000 төгрөгөө төлж чадалгүй өнөөдрийг хүргэсэн бөгөөд түүний нэхэмжилсэн үндсэн төлбөр 1.200.000 төгрөг,зээлийн гэрээнд заасны дагуу алданги болох 192.000 төгрөг, нийт 1.392.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард багтаан төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч  П.Ариунсанаа шүүхэд гаргасан тайлбартаа Миний  бие нь Г.Чинбатад холбогдуулан 1.392.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Г.Чинбат нь тус нэхэмжилсэн 1.392.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сард төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд  ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд  ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч П.Ариунсанаа нь хариуцагч Чинбатад холбогдуулан 1.392.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Ариунсанаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.392.000 төгрөгийг хариуцагч Г.Чинбат нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг ирүүлсэн байна.

      Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Ариунсанаагийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37.222 төгрөгөөс улсын орлогод 18.611 төгрөгийг үлдээж, 18.611 төгрөгийг хариуцагч Г.Чинбатаас  гаргуулан нэхэмжлэгч П. Ариунсанаад олгох нь зүйтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П.Ариунсанаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Чинбатад холбогдох 1.392.000 /нэг гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Ариунсанаагийн Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.222 / гучин долоон мянга хоёр зуун хорин хоёр / төгрөгөөс улсын орлогод 18.611 / арван найман мянга зургаан зуун арван нэг / төгрөгийг үлдээж, 18.611 / арван найман мянга зургаан зуун арван нэг /  төгрөгийг хариуцагч Г.Чинбатаас гаргуулан нэхэмжлэгч П.Ариунсанаад тус тус  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА