Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00794

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар,   

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух, РМ59031717  регистрийн дугаартай, Хатгин овогт Ширбазарын Баттогтоход холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 3.922.786 / гурван сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын  20-ны өдөр хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Баттогтох нь Монгол улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлээс гахайн фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно.

 Иймд 3.922.786 төгрөгийг хариуцагч Ширбазарын Баттогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Ш. Баттогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний  бие нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус зээлийг хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн. Одоо Түнэл сумын ЗДТГ-аас нэхэмжилж байгаа 3.922.786 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ онд 922.786 төгрөгийг, үлдсэн 3 сая төгрөгийг 2018 оны эхний хагаст төлж барагдуулна гэжээ.

    Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 6 дугаар багийн иргэн Ш. Баттогтох нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 3.922.786 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч  Ш. Баттогтоход холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөр 3.922.786 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 3.922.786 төгрөгийг хариуцагч Ш. Баттогтох нь төлөхийг зөвшөөрсөн  тухай тайлбарыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  шүүхэд ирүүлсэн байна.

     Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

      Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Ш. Баттогтохоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 3.922.786 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 77.715 төгрөгийн тал хувь 38.857 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ш. Баттогтоход холбогдох 3.922.786 /гурван сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Ш. Баттогтохоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д3.922.786 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 77.715 /далан долоон мянга долоон зуун арван тав/ төгрөгийн тал хувь 38.857 /гучин найман мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА