| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00638/и |
| Дугаар | 00795 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 00795
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух, РМ73081418 регистрийн дугаартай, Хонин онход овогт Бадарчийн Мягмардорж холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 4.819.101 / дөрвөн сая найман зуун арван есөн мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мягмардорж нь Монгол улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлээс тахианы жижиг фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно.
Иймд 4.819.101 төгрөгийг хариуцагч Бадарчийн Мягмардоржоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мягмардорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь сум хөгжүүлэх сангаас 2013 онд 5.000.000 төгрөгийн зээлийг тахианы аж ахуй эрхлэх чиглэлээр авсан нь үнэн. Тэгээд зээлээ авсанаас хойш зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлж байсан ба 2014 оноос хойш зээлээ төлж чадалгүй, санхүүгийн хямралд орж авсан зээлээ төлж чадалгүй орон нутгийг хохироож байгаа нь үнэн юм. Дээрх хугацаанд манай өрхийн бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүйд хүрсэн юм. Түнэл сумын ЗДТГ-аас нэхэмжилж байгаа 4.819.101 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2017 оны 10 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сард 1.500.000 төгрөгийг, үлдэгдэл 1.819101 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 6 дугаар багийн иргэн Б.Мягмардорж нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 4.819.101 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Мягмардоржид холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөр 4.819.101 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага болох 4.819.101 төгрөгийг хариуцагч Б.Мягмардорж нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Б.Мягмардоржоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 4.819.101 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 92.056 төгрөгийн тал хувь 46.028 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Түнэл сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мягмардоржид холбогдох 4.819.101 /дөрвөн сая найман зуун арван есөн мянга нэг зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Б.Мягмардоржоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 4.819.101 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 92.056 / ерэн хоёр мянга тавин зургаан/ төгрөгийн тал хувь 46.028 /дөчин зургаан мянга хорин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА