Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ын *******д холбогдох эрүүгийн 2127000000099 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар  сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэтолгой баг, *************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ******* овогтой *******ын ******* /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

           

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон цогцолбор сургуулийн дотуур байрны 3 дугаар давхарт байрлах насанд хүрээгүй хохирогч *******ийн өрөөнд буюу хүн амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг А21 загварын гар утсыг нь авч 476 600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

            “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс л өөрийн ухаанаа алдаж ийм үйлдэл хийсэндээ би харамсаж байна. Би яллагдагчаар татаж буй зүйл хэсгийг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Өчигдөр 18 цаг өнгөрч байхад хоолондоо ороод байж байсан чинь дээд давхарт хүүхдүүд орилоод байхаар нь дотуур байрны багш ******* дээд давхар руу гарсан. Тэгээд удалгүй хоол идэж дуусаад өрөөндөө орсон чинь цэнэглээд орхисон байсан миний гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь нэг өрөөнд цуг байдаг ******* гэх охины утсаар өөрийнхөө дугаар луу залгасан чинь нэг эрэгтэй хүн миний утсыг авсан би энэ утас хэн гэдэг хүн байна гэж асуухад ах нь энэ утсыг олсон юм чи үнэ хөлсийг нь өгөөд гар утсаа ав гэхээр нь би тэгье хэдийг өгөх үү гэсэн чинь 50 000 төгрөг өгөөд утсаа ав би “*******” дэлгүүр дээр байна гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгөөд дэлгүүр дээр очоод бүгд хамт ороод өөрийнхөө дугаар руу залгасан чинь намхан нуруутай, цагаан өнгийн малгайтай цамц өмссөн ахын өмдний зүүн талын халаасанд миний гар утас дугарсан. Тэгээд би гар утсаа тухайн хүнээс аваад цагдаа дээр ирсэн. Манай дотуур байр гадны хүмүүсийг оруулдаггүй. Тухайн үед хүүхдүүд хоолонд орж байхад бужигнаан болоод тэр хооронд л жижүүрт харагдалгүй дотогшоо орсон байх. Манай дотуур байрны үүдэнд байнга жижүүр гардаг гадны хүнийг дотогш огт нэвтрүүлдэггүй болохоор хоолонд орох үедээ хаалгаа онгорхой орхиод өөрийн гар утсаа өрөөндөө цэнэглээд орхисон. Би утсаа бүрэн бүтэн олж авсан болохоор надад өөр гомдол гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

           

             Гэрч Ч.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...09 дүгээр сарын 27-ны өдөр дотуур байрны хүүхдүүдээ хоолонд оруулаад 19-20 цагийн хооронд түр хоолны заалнаас гарсан чинь цагаан өнгийн цамцтай намхан эрэгтэй гарч явахаар нь би ямар учиртай хүн явж байна вэ гадны хүн орох ёсгүй шүү дээ гэсэн чинь дүүтэйгээ уулзсан юм аа гээд над руу харахгүй гүйгээд гараад явсан. Дараа нь дотуур байрны хяналтын камерийн бичлэгийг үзсэн чинь үл таних цагаан цамцтай үүдээр гарч явж байхдаа надтай таардаг эрэгтэй 2-3 давхарын өрөөнүүдээр шагайгаад яваад байсан. Тэгж явж байгаад 309 тоот өрөөнөөс Түвшинхишигт гэх охины цэнэглээд орхисон гар утсыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

       

             Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Удалгүй байрны багш гэх хүн залгаж нөгөө утас авсан хүн нь “*******” гэх дэлгүүрт байна 50 000 төгрөг авч ирж өгөөд утсаа ав гэж хэлсэн байсан. Хохирогч утас руугаа залгахад намхан нуруутай цагаан өнгийн цамцтай хар өмдтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн залуугийн өмдний зүүн талын халаасанд дуугарч байсан утас авсан залуу утсыг гаргаж ирээд охинд өгсөн. Тухайн утас хулгайлсан эрэгтэй согтолт өндөр байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

       

             Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тус өдөр би томилгооны дагуу хэв журмын оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн хэлтсийн 70327102 утсанд Орхон сургуулийн дотуур байрнаас гар утас хулгайд алдагдсан байна гэх дуудлага ирсэний дагуу очиж шалгахад Орхон сургуулийн дотуур байрны жижүүр нь цагаан өнгийн цамцтай иргэн авч зугтаасан байж болзошгүй гэж хэлсэн. Түвшинхишигт гэх охины утас руу залгасан чинь нэг эрэгтэй аваад “*******” гэх дэлгүүрт байна 50 000 төгрөг авчраад гар утсаа ав гэж хэлсэн талаар эргүүлээд мэдэгдэн хохирогчийн хамт Сансар хороонд байрлах “*******” дэлгүүр дээр хохирогч утас руугаа залгахад намхан нуруутай цагаан өнгийн цамцтай хар өмдтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуугийн өмдны зүүн талын халаасанд хохирогч гэх охины утас дуугарч тухайн эрэгтэй охинд гар утсыг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

       

 

             Гэрч Ш.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “...1991 онд би сургуулиа төгсөөд ажилчин болно. хүнтэй 1992 онд танилцаад бид хоёрын дундаас 1995 онд ******* хүү минь төрсөн. Тэгээд гэх хүнтэй би гэр бүл болж хамтран амьдралгүй салаад 1995 онд хүртэл өөрийн аав ээжийэ хамт амьдарч байгаад 1995 онд одоогийн нөхөр той танилцан нэг гэрт амьдрах болсон. Зан төлөвийн хувьд төлөв даруухан үг дуу цөөнтэй хүүхэд байгаа юм. Эхнэр хүүхэд байхгүй. Архи дарс уудаггүй гэрээс ч гаргадаггүй хүүхэд байгаа юм. Хэрэгт холбогдож шалгагдах болсон өдөр л хүнтэй нийлж архи уугаад л ийм хэрэг үйлдсэн юм шиг байсан. Миний том хүү архинаас л болж ийм хэрэг тарьсан байх нөхөр бид хоёр 3 хүүхдээ хүн болгочих гээд л таарсан ажил бүрийг хийж яваа хүмүүс...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51  дүгээр хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 24-25, 35, 36, 37-39 дүгээр хуудас/,  

 

            *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон цогцолбор сургуулийн дотуур байрны 3 дугаар давхарт байрлах насанд хүрээгүй хохирогч *******ийн өрөөнд буюу хүн амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг А21 загварын гар утсыг нь авч 476 600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

            Насанд хүрээгүй хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, гэрч Ч.*******, , нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 13, 11 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

            Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

             Шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******эд 476 600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд талууд маргаагүй, хохирогчийн утсыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэгтээ мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

           

            Шүүх, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

            Иймд шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар *******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар *******гийн   цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5. ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА