Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 268

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: “Хэ” ХХК

Хариуцагч: АМГТГ КХД

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэ” ХХК-ийн ЗМ аймгийн М сумын нутагт орших М нэртэй XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хэ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 08-р сарын 10-ны өдрөөс эхлэн З аймгийн ЗМ сумын М нэртэй газар 3567.81 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд Х\/-01******* дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай эзэмшиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж, гүйцэтгэсэн ажлын тайлан болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж ирсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдах дээд хугацаа 3 жил байдаг бөгөөд манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 08  дугаар сарын 10-ны өдөр дууссан байсан. Дахин хайгуулын зөвшөөрлөө сунгуулах гэсэн боловч тухайн үед “Хэ” ХХК-ний захирал Г.З миний бие 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд өвчтэй байсан бөгөөд “Г” эмнэлэгт эмчлүүлж байсан ба улмаар 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “С” эмнэлэгт хөлний мэс заслын хагалгаанд орж эмчлүүлсэн.

Харин манай компанийн бизнес хөгжлийн менежер Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах амралтаа авсан байсан юм.

Ийнхүү 01/06 тоот албан бичгээр Ашиг малтмал, газрын тосны газарт хандсан боловч 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 7/5826 тоот албан бичгээр “...ашигт малтмалын хайгуулын Х\/~01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болж хаалттай талбайд шилжсэн...” гэсэн хариуг манай компанид өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй” гэсэн байдаг.

Иймд дээр дурдсанаар “Хэ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул манай З аймгийн ЗМ сумын нутагт орших М ашигт малтмалын хайгуулын Х\/-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгахгүйгээр бүртгэлийн системд дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлийг хүчинтэй болгож бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

З аймгийн ЗМ сумын нутаг М нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хэ” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба “Хэ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба “Хэ” ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагаас тус компанид ХҮ-01******* тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн эрх бүхий ажилтан Г.З-т гардуулсныг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болгох дотоод хяналтын хуудас нээх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Хэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Хэ” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Г.З шүүхэд хандаж “Хэ” ХХК-ийн З аймгийн ЗМ сумын нутагт орших М нэртэй XV-01******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эмнэлэгт хэвтэн мэс засалд орж эмчлүүлж байсан..., тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлж, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах гэсэн боловч дуусгавар болсон гэж хүлээж аваагүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Хэ” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс З аймгийн ЗМ сумын М нэртэй газарт 3567.81 гектар талбайд хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрөл олгогдсон, уг тусгай зөвшөөрлийн анхдагч огноог 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс тооцсон, 3 дахь жилийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлөх ёстой боловч 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 5,173,324.50 /таван сая нэг зуун далан гурван мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг тавин мөнгө/, 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацаа хэтрүүлсэн 4 хоногийн алдангид 1,031,040 /нэг сая гучин нэгэн мянга дөч/ төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд төлсөн үйл баримтууд тогтоогдов.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн хэдий ч төлбөр болон хугацаа хэтрүүлсэн хоногт төлбөл зохих алдангийг журмын дагуу төлсөн  байх ба энэ нь алданги төлөх боломжтой 30 хоногийн хугацааны дотор хамаарч байх тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч “Хэ” ХХК-ийн захирал Г.З-аас төлбөр төлсөн баримтуудаа хавсарган 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хандаж хугацаа сэтгээлгэх хүсэлтээ гаргасан боловч Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/5826 дугаар албан бичгээр “...төлбөр төлөх хугацаа хоцроосон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Уг албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж 2018 оны 08 дугаар сарын 14, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус гомдол гаргасан байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/7701 тоот албан бичгээр “...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй”-г  мэдэгджээ.

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байхад ийнхүү төлбөр төлснөөс хойш нэг хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системд нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосноор бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 24.5-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн захирал Г.З нь дурдсан хугацаанд эмнэлэгт хагалгаанд орж, эмчлүүлж байсан эсэхийг уг эмнэлгийн магадлагааг бичсэн эмчээс тодруулга авах замаар тогтоох, улмаар нотлох баримт цуглуулах, үнэлэх  боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны журмыг бүхэлд нь зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

            Иймд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг үндэслэн “Хэ” ХХК-ийн З аймгийн ЗМ сумын нутагт орших М нэртэй XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 4, 24 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хэ” ХХК-ийн З аймгийн ЗМ сумын нутагт орших М нэртэй XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН