Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0128

 

Ө.Өгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ө.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ө.Өгийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч иргэн Ө.Ө би 2013 оны 12 дугаар сарын 09, 10-нд Төрийн албаны салбар зөвлөлийн олон нийтэд зарласан Хэнтий аймгийн орон нутаг дахь улсын бүртгэгчийн ажлын байрны сул орон тоонд тэнцэж орсон. Жирэмсний амралттай байх хугацаанд иргэн Ө.Өг намайг ажлаас чөлөөлсөн байсан. Иргэн Ө.Ө би сонгон шалгаруулалтын материал болох Д.Г болон өөрийн материалыг эх хувиар шүүхээр мөрдөн шалгуулах, хянуулах хүсэлтэй байна. Иргэн Ө.Ө би Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ажил хөдөлмөрөө эрхлэх байтал Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.П хууль зүйн үндэслэлгүй акт гарган ажлаас чөлөөлж, сонгон шалгаруулалтанд тэнцээгүй Д.Гийг миний оронд авч, томилж, ажил үүргийг гүйцэтгүүлж байгаад би гомдолтой байна. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч Болдын Ганцэцэг нь сонгон шалгаруулалтанд тэнцээгүй Д.Гийн үеэл эгч болно. Б.Гийн ээж С.О болон Д.Гийн ээж Б нар нь төрсөн эгч дүүс болно. Иймээс шүүхээс Д.Гийн ээж Т.Б түүний төрсөн эгч С.Оы төрөл садны лавлагааг хийлгүүлмээр байна. Төрийн албанд төрөл садан нь захирах, захирагдах албан тушаалд томилогдон ажиллахдаа, Төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдгийг мэдсээр байж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пийн гаргасан эрх зүйн акт хууль зүйн үндэслэлгүй тул шүүхээс миний албан тушаалд эргүүлэн тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Аймаг, сум, тосгон, хорооны иргэний бүртгэлийн ажилтнууд Засгийн газрын 2011 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 20 дугаар тогтоолоор тус газрын харьяанд шилжин ажиллах болсон. Ийнхүү шилжин ажилласнаар

улсын бүртгэлийн байгууллагын нэгдмэл тогтолцоо хангагдаж төвлөрсөн удирдлага бэхэжсэн. Улсын бүртгэлийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдыг холбогдох хуулийн дагуу тус газрын дарга томилж, чөлөөлөхөөр заасан байдаг. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх гэж заасан. Тус газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчээр Д.Гийг томилсон. Улсын бүртгэгч Д.Г 2014 оны 01 дүгээр сард Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж хүүхэд асрах чөлөө авсан. Ийнхүү эзгүй байгаа албан хаагчийн оронд улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд тасралтгүй хүргэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ыг үндэслэн тус газрын даргын 2014 оны 17 дугаар тушаалаар Ө.Өг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд дээрх тушаалд Д.Гийн хүүхэд асрах чөлөөг дуусгах хүртэл хугацаанд Ө.Өг томилох тухай тодорхой заасан. Д.Г нь 2014 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгон үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ тус газарт гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн Д.Гийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, Ө.Өг чөлөөлсөн болно.

Ө.Өгийн нэхэмжлэлд дурдсан Мөрөн сумын улсын бүртгэгчийн сонгон шалгаруулалтыг тус газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс албан ёсоор зарлаагүй байна. Аймгийн болон сум, тосгоны улсын бүртгэгчийн ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд захиалгыг салбар зөвлөлд хүргүүлдэг. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам-ын 2.1-д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган, Төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага-д нийцүүлэн боловсруулсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын хамт энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлд хүргүүлнэ гэж заасан байдаг.

Гэтэл тус газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтын албан ёсны захиалгыг Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлээгүй байтал дур мэдэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хууль дүрмийг зөрчсөнөөс тухайн сонгон шалгаруулалтанд оролцсон иргэд хохирсон байна. Иймд тус газрын даргын 2014 оны Ажлаас чөлөөлөх тухай 1054 дүгээр тушаал хуульд нийцсэн захиргааны акт бөгөөд Ө.Өгийн нэхэмжлэлд дурдсан хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газар биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Г шүүхэд гаргасан тайлбартааБи Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байгаад 2013 оны 07 дугаар сарын 01-нээс жирэмсний амралт авсан. Миний оронд түр орлон гүйцэтгэгчээр Э.Нг ажиллуулж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 09-өөс Ө.Өг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Миний эрхэлж байсан улсын бүртгэгчийн албан тушаалд манай

Улсын бүртгэлийн ерөнхий газраас сул орон тоо гарсан гэж сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөөгүй, намайг амаржсан байх хугацаанд буюу 2013 оны 12 сард сонгон шалгаруулалт зарласан нь хууль тогтоомж зөрчсөн байсан, мөн би жирэмсний амралтаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу авсан бөгөөд энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар би ажлаас халагдах ёсгүй. Би 2014 оны 07 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газраас захиалга өгч зарласан сонгон шалгаруулалтад шалгалт өгч тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагч юм. Харин би төрийн албаны шалгалт өгсөн боловч шүүхэд маргаантай гэсэн шалтгаанаар тангараг өргүүлээгүй байгаа болно. Иймд: 1. Ө.Ө нь намайг жирэмсний амралттай байх хугацаанд түр томилогдсон, 2. Өнөрөө нь хууль бус шалгаруулалтад орсон тул төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Өгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, тайлбарласан гэж үзэж байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл гэж заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д ... төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж заасан учир Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус болж байна гэж дүгнэсэн. Үүний зэрэгцээ Ө.Өг түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаалын үндэслэх хэсэгт сонгон шалгаруулалт болон түүнтэй холбоотой эрх зүйн баримтыг дурдаагүй байхад Ө.Өг сонгон шалгаруулалтыг үндэслэн томилсон мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Ө.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус баримтлан, Д.Г нь хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1054 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ө.Өг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ө.Ө нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Миний бие Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн сул орон тоонд зарлагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2014 оны 06 дугаар сараас жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна гэж тодорхойлон маргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1054 дүгээр тушаал хуульд нийцсэн байна. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнөТөрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана, 4 дүгээр зүйлийн 4.6-д Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна, 4 дүгээр зүйлийн 4.8-д Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлнэ гэж тус тус заасан байна.

Анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчээр Д.Гийг томилж, 2013 оны 07 дугаар сараас жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгожээ. Гуравдагч этгээд Д.Гийн эзгүй хугацаанд албан үүргийг Э.Н түр орлон гүйцэтгэж байгаад 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай 17 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ө.Өг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Улмаар гуравдагч этгээд Д.Г нь 2014 оны 08 дугаар сард хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч Ө.Өгийн түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгож, маргаан бүхий 1054 дүгээр тушаалаар түүнийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн албан тушаалаас чөлөөлж, гуравдагч этгээд Д.Гийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1091 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Ө.Өгийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Учир нь хариуцагч 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай 17 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ө.Өг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнг харгалзаж бус, харин Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу түр орлон гүйцэтгэх хугацааг Д.Гийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг дуусах хүртэл гэж тодорхой зааж түр хугацаанд тус албан үүргийг гүйцэтгүүлэхээр томилжээ. Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаагүй байна.

Иймд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хүүхэд асрах чөлөө дууссан тохиолдолд ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийнхээ дагуу гуравдагч этгээд Д.Гийн хүүхэд асрах чөлөөгөө дуусган үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч Ө.Өг албан үүргээс нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.6-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ө.Ө нь Хариуцагч намайг мөн жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Д.Г нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй, төрийн албан хаагч биш юм гэж маргах боловч албан үүргийг түр орлон гүйцэтгэгч жирэмсний болон амаржсаны амралт авсан үед эзгүй байсан албан хаагчийн чөлөөний хугацаа дуусгавар болж үргэлжлүүлэн ажиллах болсон тохиолдолд хариуцагч түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй юм.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээд Д.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Мөрөн сумын улсын бүртгэгчээр томилогдон, цалин хөлс авч, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч мөн байх ба 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Тахилгат тосгоны улсын бүртгэгчийн ажлын байранд зарлагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Өгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Өгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1054 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА