Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1830

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01706 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мандал даатгал” ХХК-д холбогдох        

Ш.Ням-Осор, Э.Ганзориг, Т.Ганхуяг, Б.Мөнхбаатар нарт олгосон цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөр, алдангид нийт 33 551 242,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Капитрон банк даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мандал даатгал” ХХК-тай зээлийн эрсдлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдлийг даатгуулахаар 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийг тус тус байгуулсан. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу Капитрон банк нь Ш.Ням-Осор, Э.Ганзориг, Т.Ганхуяг, Б.Мөнхбаатар нарын цалингийн зээлийг зээлийн эрсдлийн даатгалд хамруулж даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно. Гэтэл Ш.Ням-Осор “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14/45 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар, Э.Ганзориг “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14/25 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Т.Ганхуяг “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Б.Мөнхбаатар “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 3а, 3е-д заасан даатгалын тохиолдлууд үүссэн. Иймд даатгуулагч Капитрон банк нь “Мандал даатгал” ХХК-д нэхэмжлэх албан бичгээр цалингийн зээлийн даатгалын тохиолдол үүссэн болохыг мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг “Мандал даатгал” ХХК-д хүргүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл ёсоор даатгагч нь нөхөн төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх ёстой боловч өнөөг хүртэл шийдээгүй, ямар нэгэн шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандан шийдвэрлэхэд хүрээд байна.

Иймд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйл, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Мандал даатгал” ХХК-иас Ш.Ням-Осорт олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөр 4 933 864 төгрөг, алданги 2 466 932 төгрөг нийт 7 400 796 төгрөг, Э.Ганзоригт олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөр 8 389 855,10 төгрөг, алданги 4 194 927,5 төгрөг нийт 12 584 782,65 төгрөг, Т.Ганхуягт олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөр 2 942 561 төгрөг, алданги 1 471 280,50 төгрөг нийт 4 413 841,5 төгрөг, Б.Мөнхбаатарт олгосон цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн  төлбөр  6 101 215  төгрөг, алданги 3 050 607,5 төгрөг нийт 9 151 822,5 төгрөг бүгд 33 551 242,65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитрон банк болон “Мандал даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Зээлдэгч нь 2 сар дараалан зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй бол даатгуулагч тал даатгалын тохиолдол гэж үзэн даатгагчид бичгээр мэдэгдэн төлбөр нэхэмжилнэ”, мөн зүйлийн 10.3-д “Даатгуулагч буюу банк даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт Даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хугацаа хэтрүүлсэн, мөн чанаргүй зээл ихээр гаргасан байдал нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

         Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “Мандал даатгал” ХХК-аас 32 025 205,89 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 526 036,76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 133 363 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 216 307 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 85 572 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 161 380 төгрөг нийт 596 622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мандал даатгал” ХХК-аас 318 076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-д даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон. Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногын дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК хариуцагч "Мандал даатгал" ХХК-д холбогдуулан даатгалын  Ш.Ням-Осор, Э.Ганзориг, Т.Ганхуяг, Б.Мөнхбаатар нарт олгосон цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөр, алдангид нийт 33 551 242,65 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 дугаартай "Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ", 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/85 дугаартай "Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл" тус тус байгуулагдаж, “Капитрон банк” ХХК-иас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна . 

         Даатгуулагч “Капитрон банк” ХХК нь Ш.Ням-Осор, Э.Ганзориг, Т.Ганхуяг, Б.Мөнхбаатар нартай байгуулсан цалингийн зээлийг дээрхи гэрээний дагуу даатгалд хамруулж, даатгалын хураамжид 13 722 340 төгрөг, 18 555 700,32 төгрөг, 10 638 350 төгрөг, 9 539 346,39 төгрөгийг тус тус төлж даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.

Талууд зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажлаас халагдах тохиолдол нь даатгалын эрсдэл байхаар 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/85 дугаартай “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 3а, 3е заалтаар харилцан тохиролцсон, зээлдэгч Ш.Ням-Осор, Э.Ганзориг, Т.Ганхуяг, Б.Мөнхбаатар нар ажлаас халагдаж, даатгалын тохиолдол үүссэн байх тул даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг “Мандал даатгал” ХХК төлөх үүрэгтэй.

Дээрх нэр бүхий зээлдэгч нарыг ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн тушаал, шийдвэрүүд хэрэгт баримтаар авагдсан, хэлцлийн 9-ийн 3.a, 3.e-д заасан даатгалын тохиолдол бий болсныг хариуцагч үгүйсгээгүй.

Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай бүр даатгагчид мэдэгдэж, холбогдох баримтыг бүрдүүлж, нөхөн төлбөрийг шаардсан байна.

Иймд даатгагчаас хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж, даатгуулагчид олгох үндэслэлтэй.

Анхан шатны  шүүх цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөрт Ш.Ням-Осорт 4 386 240,21 төгрөг, Ж.Ганзоригт 8 264 338,9 төгрөг, Т.Ганхуягт 2 675 785,69 төгрөг, Б.Мөнхбаатарт 6 023 772,46 төгрөг нийт 21 350 137,26 төгрөгийг хариуцагч “Мандал даатгал” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт болон хэлцлийн 10-т заасантай нийцсэн байна.

Мөн хариуцагч нөхөн төлбөрийн материалыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлж барагдуулах, нөхөн төлбөрийг олгох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

"Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл"-ийн 10 дугаар зүйлд "Даатгалын тохиолдол болж даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алдангийг тооцно" гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан анз буюу алдангийн талаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, шүүх хариуцагч “Мандал даатгал” ХХК-иас алдангид 10 675 068,53 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчид цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10.3 дахь заалтаар даатгуулагч даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол бий болсноос хойш ажлын 5 хоногт даатгалд мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалуудыг бүрдүүлж өгөхөөр тохиролцсон боловч хугацаа хэтрүүлсэн байдал нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй байх тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт зааснаар даатгагчийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мандал даатгал” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ

                                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА