| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00711/и |
| Дугаар | 00785 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 00785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Зүүн баянгийн 22 тоотод оршин суух, Тосон овогт Дашдэндэвийн Отгонтариа / РЮ63011702 /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2017/00711 /и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Отгонтариа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонтариа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дашдондовын Отгонтариа би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Тансаг ББХК-д үйлчлэгчээр 1991 оны 11 дүгээр сарын 01-ний 1994 оны 02 дугаар сарын 20-ны хүртэл ажиллаж ирсэн юм. Тухайн үед миний үеийн тушаал, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хийгдэж байсан баримт архивт байхгүй байгаа тул миний Тансаг ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний 1994 оны 02 дугаар сарын 20-ны хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонтариа нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Тансаг ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний 1994 оны 02 дугаар сарын 20-ны хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын
1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай “...1. Ажилд авсан хүмүүсийн хавсралт 1, ажлаас чөлөөлсөн хүмүүсийг хавсралт 2-оор баталсугай ... “ гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай “ ... овог нэр- Дашдэндэв Отгонтариа, ямар ажилд- конторын цэвэрлэгч, орсон он, сар, өдөр- X/18, тайлбар- ногоонд түр ажиллаж байсан... “ гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралт 1-ийн хуулбар,
Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Отгонтариад нээж олгосон №042830 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай “...1. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтсан өндөр бүтээлийн уралдаанд тэргүүний амжилт гаргасан хамт олон ба ажилчдыг хариуцлагатаны хурлын 15-р протоколыг үндэслэн хавсралт 1-ээр 805 төгрөгөөр шагнасугай...” гэх Шагнах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай “ нэр- Д.Отгонтариа, албан тушаал-контор, шагнал-7 төгрөг 50 мөнгө ... “ гэх Шагнах тухай тушаалын хавсралт 1-ийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай “... 1. Хөдөлмөрийн хуулийн 159, Сайд нарын зөвлөлийн 1977 оны 165 дугаар тогтоол, хариуцлагатаны зөвлөлийн хурлын протоколыг үндэслэж дор дурдсан эхчүүдэд чөлөө олгох. Үүнд: Үйлчлэгч Дашдэндэвийн Отгонтариа 18/VI-18-IX, тэтгэмжтэй …” гэх Эхчүүдэд чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай “ Мөрөн худалдаа бэлтгэлийн трест татан буугдсан учир 210 ажилчдыг нийтийн хоолны ангид, 110 ажилчдыг ХАА-н ангид хавсралт №1, 2-оор баталж шилжүүлсүгэй...” гэх Ажилчдыг шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1072 дугаартай ” Дашдэндэв овогтой Отгонтариа /РЮ63011702/ , Тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн Нийтийн хоолны анги 1991 онд, Тансаг ББХК 1992, 1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов” гэх Архивын лавлагаа,
Гэрч Ц.Сувдмаагийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Д.Отгонтариа нь 1983 онд Мөрөн хотын 8-н жилийн нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсөөд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр анх ажилд орсон юм. Тэр цагаас хойш Худалдаа бэлтгэлийн трестийг 1991 онд хувьчлал явагдаж тарах хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд тус Худалдаа бэлтгэлийн трест нь 1000 гаруй ажилтантай, худалдаа,
нийтийн хоол, бой, ногоо гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аймгийн томоохон байгууллага байсан юм. Тэгээд хувьчлалаар нийтийн хоолны 16 салбарыг нь трестэд нийтийн хоолны инженер технологичоор ажиллаж байсан Амгалан удирдан, эд, хөрөнгө болон 200 гаруй ажилчины хамтаар тусдаа үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд тэдгээр хүмүүс дунд Д.Отгонтариа шилжин ажиллаж байсан юм. Тэгээд энэ нийтийн хоолны салбар нь нээх удаан ажиллаагүй 1991 оныхоо өвөл нь тарсан. Тарсаны дараагаар миний санахын нийтийн хоолын салбарын 4 дүгээр гуанзыг Магван нь хувьчлалаар авч “Тансаг” нэртэй ББХК байгуулахад Д.Отгонтариа мөн л үйлчлэгчээр ажиллах болсон. Д.Отгонтариа нь 1991 оны 11 сараас 1994 оын 2 сарын дуустал буюу Тансаг ББХК-ийг үүсгэн байгуулагдаад тарах хүртэл хугацаанд үйлчлэгчээр тасралтгүй ажилласан юм. Би 1976 оноос 1988 он хүртэл Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестэд барааны ахлах мэргэжилтэн, 1988-1994 оныг дуустал боловсон хүчний даргаар тус тус ажилласан бөгөөд Худалдаа бэлтгэлийн трест тарсан ч гэсэн захиргаа, аж ахуйн хэсгийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж ажилчидаа удирдан зохион байгуулж байсан гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10/220 дугаартай “Тус аймгийн Мөрөн хотын Нийтийн хоолны анги, Тансаг компаний даргын тушаал манай архивт байхгүй бөгөөд Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тушаалын ажилчдын нэртэй хоёрдугаар хавсралт нь байхгүй тул Д.Отгонтариад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломгүй байна” гэх,
Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10/362 дугаартай “Тус аймгийн Мөрөн хотын Нийтийн хоолны ангийг татан буулгасан болон Тансаг компанийг байгуулсан шийдвэр манай архивт байхгүй тул Д.Отгонтариад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тус тус тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тосон овогт Дашдэндэвийн Отгонтариа / РЮ63011702 /-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Тансаг ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний 1994 оны 02 дугаар сарын 20-ны хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгонтариагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА