Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2127001030102 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, “**********” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогтой *******ийн ******* /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойтын цагаан чулуут” гэх газар Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч *******тэй “...мод бэлтгэх бичиг байгаа болох эрхийн бичиг байхгүй бол мод бэлтгэж болохгүй...” гэж шаардлага тавьсны хариуд албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдаж баруун 1 дүгээр хурууны 1 дүгээр үений хагас мултрал, зүүн хөлний гуяанд цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

           

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би хэрэг болдог өдөр Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Могойтын Цагаан Чулуу” гэх газар хяналт шалгалтаар явж байсан бөгөөд модонд цахилгаан хөрөө дуугарахаар нь би хөрөө дуугарч байгаа газарт яваад очсон. Намайг очиход *******, ******* нар Даюун маркийн мотоциклтой явж байсан. Тэгээд тэр 2 иргэнээс түлээний мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэж асуухад гэрт байгаа гэж хэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгаас тээвэрлэлтийн түлээ хийж болохгүй, босоо мод унагаж болохгүй унанги хаягдал авч болно гэж хэлтэл бусдыг нь чадахгүй байж яахаараа бид хоёрыг ингээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ах нь намайг цохиод авсан тэгээд бид хоёр барилцаад аваад газар өнхрөөд дээр доороо орсон. Би тэгээд тавихгүй байхаар нь би бичлэгийг чинь хийж байгаа шүү гэсэн тэгээд ардаас ******* татаад бид 2-ыг салгасан. Тэгээд би мотоциклоо аваад тэр хоёртой хамт уулнаас буугаад гэрийнх нь гадаа зогссон. Тэгээд гэрийн гадаа зогсоод мотоциклоосоо буутал ******* над руу цахилгаан хөрөөгөө шидсэн. Тэр нь бол намайг оноогүй. ******* хөрөөгөө шидсэний дараа над руу дайрч ирээд өшиглөөд гараараа цохисон. Тэгээд аав ээж нь гараад бид хоёрыг салгасан. Тэгээд би гэр лүүгээ яваад ирсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгээд манай эхнэр Пүрэвтогтох болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Модон дотор байхад миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. ******* нь намайг цохиогүй ******* миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Мөн зүүн хөлийн зузаан гуяны хэсэгт 1 удаа өшиглөсөн. Миний хурууг модон дотор *******той ноцолдож байхад ******* миний эрхий хуруунаас арагш эргүүлж дарсан юм тухайн үед л энэ гэмтлийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №404 тоот:

“...1. Үзүүлэгч *******гийн биед баруун гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений хагас мултрал, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15  дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, мөрдөгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53, 55, 57, 63-64, .... дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойтын цагаан чулуут” гэх газар Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч *******тэй “...мод бэлтгэх бичиг байгаа болох эрхийн бичиг байхгүй бол мод бэлтгэж болохгүй...” гэж шаардлага тавьсны хариуд албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдаж баруун 1 дүгээр хурууны 1 дүгээр үений хагас мултрал, зүүн хөлний гуяанд цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №404 тоот: “...1. Үзүүлэгч *******гийн биед баруун гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений хагас мултрал, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15  дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч ******* нь “Орхон хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд хохирогчийг шүүгдэгч нь эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч ******* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ******* нь 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА