Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, Хариад буриад овогт Манжаалайн Түвшинжаргал / РК62092302 /-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2017/00707 /и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Түвшинжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд элсэн орж аавынхаа барилгын бригадад барилгачинаар орж ажиллаж эхлэсэн юм. Тэгээд  тус нэгдэлд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад аав маань Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн барилгын техникчээр ажиллах болсон тул дагаж шилжээд 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл талхчин, барилгачинаар ажилласан юм. Тэгээд Цагаан-Уул сумын барилгын ажил  дуусч буцаад Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгачинаар тус тус тасралтгүй ажилласан юм.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас хүрсэн тул Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгачинаар 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачинаар 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгачинаар 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус  ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Түвшинжаргал нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгачинаар 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачинаар 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгачинаар 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй  ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас нь хүрсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Түвшинжаргал нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл барилгачинаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1982 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл талхчин, барилгачинаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн  захиргаанаас 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр М.Түвшинжаргалд нээж олгосон №112 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай “...1. Барилгачин ... М.Түвшинжаргал ... нарт ажлын 22 хоногоор ... 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны ээлжийн амралтыг олгосугай...” гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай “...2. Талхчин Ч.Цэнд-Аюушийн биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах бололцоогүй болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүссэний дагуу 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж худалдаа бэлтгэл ангийн мэдэлд шилжүүлэн, талхчнаар М.Түвшинг 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай ...” гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 44 дугаартай “...3. Нэгдлийн талхчин М.Түвшинг өөрийн нь хүсэлтээр 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн талхчнаас чөлөөлж, мөн өдрөөс нэгдэлд барилгачинаар ажиллуулсугай...” гэх Хүмүүсийн ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дугаартай “ Нэгдлийн барилгачин М.Түвшинжаргалын өргөдөл хүсэлтийг харгалзан Хөдөлмөрийн хуулийн 159 дүгээр зүйлийн үндэслэж ТУШААХ нь: 1. Хүүхдээ асрахад зориулж М.Түвшинжаргалд 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 3 сарын чөлөө олгосугай...” гэх Чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд  1980-1981, 1985-1988 онуудад ажилласан жил, цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн цалин хөлсний тодорхойлолт, нэгдлийн гишүүдийн цалин, хөлсний тооцооны дансны хуулбарууд,

Гэрч Ц.Оюундалайгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Г.Даваажаргал нь сургуульд сурч байгаад бага ангиасаа гарсан бөгөөд хөдөлмөрийн нас хүрэхэд буюу 1979 оноос эхлэн эцэг Манжаалайг дагаж Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгын бригадад дагалдан ажилчнаар анх ажилд оруулж байсан. Тэгээд сумандаа ажиллаж байгаад аав Манжаалай нь 1982 онд Цагаан-Уул сум руу барилгын техникчээр ажиллах болоход тэднийх гэр бүлээрээ Цагаан-Уул сум руу шилжин явсан юм. Тэгээд  Цагаан-Уул сумынхаа барилгыг барьж дуусгаад  1985 оныг Тосонцэнгэл сумандаа  буцаж ирсэн. Сумандаа ирээд мөн л барилгадаа барилгачинаар үргэлжлүүлсэн 1989 оныг дуустал ажилласан юм.  Харин Цагаан-Уул суманд яг ямар ажил хийж байсаныг сайн мэдэхгүй. Би 1875-1982 онуудад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Хүн эмнэлэгт нярав, 1982 оноос 1992 оныг хүртэл Ардын зориг нэгдлийн шуудангийн жолооч, дараа нь 1992 оноос хойш Хүн эмнэлэгийн жолоочоор 2012 оныг дуустал ажиллаж байгаад одоо өндөр насны тэтгэвэрт байдаг...” гэх,  

Гэрч Д.Дарьсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: М.Түвшинжаргал нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн аав Манжаалайн ахласан барилгын бригадад 1979 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байгаад манай бригад хоёр тасраад М.Түвшинжаргалын аав Манжаалайгаар ахлуулсан хэсэг ажилчид 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс Цагаан-Уул сумын сургуулийн байр барихаар явсан бөгөөд барилгаа барьж дуусгаад 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сумандаа ирж бригаддаа нийлж байсан. М.Түвшинжаргал нь Цагаан-Уул сумаас ирснээс хойш нэгдлийнхээ барилгын бригадад 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал барилгачинаар ажилласан юм. М.Түвшинжаргал нь нэгдлийн барилгын бригадад 1979-1989 онуудад ажиллаж байх хугацаандаа тасралтгүй барилгачинаар ажилласан. Харин дундуур нь Цагаан-Уул суманд очиж барилга барихаар явсан. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн барилгын бригадад 1979-1992 оныг дуустал барилгачинаар ажиллаж байгаад хувьчлагдан тарахад нь ажлаасаа гарсан...” гэх мэдүүлэг нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Түвшинжаргалын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд талхчин барилгачнаар, 1985 оны 1 дүгээр сарын 01ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд барилгачинаар ажиллаж байсан гэсэн нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 10/345 дугаартай “Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1979-1994 оны тушаал шүүж үзэхэд М.Түвшинжаргалыг барилгачинаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх,

  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3/265 дугаартай “Тус сумын захиргааны барилга нь 1997 онд шатсаны улмаас архивын зарим оны баримт шатаж Ардын зориг нэгдлийн тушаал, цалин хөлсний материал архивт байхгүй тул 1989 онд барилгачинаар ажиллаж байсан М.Түвшинжаргалд холбогдох оны лавлагааг гаргаж өгөх боломжгүй болно” гэх,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2.736.534 төгрөгийн хохирол учирч шатсан болохыг тодорхойлов” гэх тус тус тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хариад буриад овогт Манжаалайн Түвшинжаргал /РК62092302/-г Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл барилгачинаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1982 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл талхчин, барилгачинаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний  өдрийг  хүртэл  барилгачинаар  тус  тус  ажиллаж  байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачнаар, 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд барилгачинаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА