Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Дийн Ц-д холбогдох 2116000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн 9 дүгээр баг, Сутай хорооны 0 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 34 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт  амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПИ000 регистрийн дугаартай, З овогт Дийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц нь  2021 оны 11 дүгээр сарын 08-ны 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай хороо 11 дүгээр гудамны 1 тоот хашааны ойролцоо иргэн Г.М-О-н өмчлөлийн 31-98 ГАА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн Toyota primo маркийн мөнгөлөг өнгийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, дүрмийн 12 дугаар бүлгийн 12.5 “Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-г мөргөн эрүүл мэндэд нь “...зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, зүүн сүүж ясны зөрөөгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8-рт/,

 

Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-9-рт/,

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх10-рт/,

 

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Буянтогтохын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай ослын магадалгаа /хх-51-рт/,

 

Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би төрсөн дүүгийнхээ хүүхдийг эргэчхээд гэр рүүгээ явж байсан. Би засмал зам чиглээд явж байтал миний өмнөөс хурдтай цагаан өнгийн машин байсан байх чиглээд хүрээд  ирсэн. Нэг мэдсэн чинь машинд мөргүүлчихсэн байсан. Тэгээд намайг мөргөчхөөд яваад өгөхөөр нь яанаа ингээд мөргүүлчхээд үлдлээ гэж бодоод байж байтал миний хажууд хүн явж байж таарсан. Намайг мөргөсөн машинаас эмэгтэй хүн эгчээ рүль хүчрэгдсэнгүй гээд хүрээд ирсэн. Би өөрийнхөө утсаар 7048102 дугаарт залгаж ярьж чадахгүй байхад намайг мөргүүлэхийг харсан эмэгтэй мэдээллийг нь хэлж өгсөн. Машин барьж явсан эмэгтэй эрүүл байсан... Байгаагаас 118,700 төгрөгийн баримт байна. 3-4 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 41-43-рт/,

 

Гэрч Т.Уийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цаг өнгөрч байсан байх аймгийн Нэгдсэн эмнэлэг орчхоод гэр лүүгээ осол болсон газар буюу Сутай хороо 11-1 тоотын дээд талын засмал зам дээр явж байтал хойноосоо шороон замаас засмал замруу саарал өнгийн 31-98 гэсэн дугаартай машин хурдтай гарч ирснээ засмал орох гэж байснаа эргээд огцом дарснаа эргэж байгаад утсаар яриад явж байсан эмэгтэйг машиныхаа урд талаар мөргөчхөөд тэр чигээрээ хурдтай явж байснаа газрын өөд явж байгаад зогссон. Тэр машинаас эмэгтэй хүн бууж ирээд эгчээ миний буруу уучлаарай гээд хүрээд ирсэн. Машин барьж явсан эмэгтэй утсаараа 103 дуудаж байсан. Мөргүүлсэн эгч 7048102 дугаарт залгаад өөрөө ярьж чадахгүй болохоор нь би осол болсон газрын хаягийг хэлж өгсөн. Тэгээд байж байтал эмнэлгийн тусламж ирээд мөргүүлсэн эмэгтэйг аваад явсны дараа цагдаагаас хүмүүс ирсэн. Би тэр 2 эмэгтэйг огт харж байгаагүй. Машин барьж явсан эмэгтэй эрүүл байсан. Эхлээд хүн мөргөхөд согтуу юм байна гэж бодсон боловч буугаад хүрээд ирсэн чинь эрүүл байх шиг байсан. Тэр өдөр цаг агаар цэлмэг нартай, халтиргаа гулгаа байхгүй байсан. Хаанаас гарч ирснийг хараагүй. Хурдтай яваад засмал зам дөхөж ирэхэд нь харсан. Машин барьж явсан эмэгтэй машин дотроосоо миний машин тоормосгүй болчихлоо гээд хэлсэн чинь энэ эгч сонссонгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх47-рт/,

 

Зам тээврийн ослын улмаас Б.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх65-66-рт/,

 

Д.Цийн жолоодож явсан 31-98 ГАА дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Toyota primo” маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л.Амгаланбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “...4. MNS 4598:2020 стандартын шаардлага хангасан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-58-59-рт/,

 

Хохирогч Б.Н нь гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 11 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 3752 тоот өвчний түүх /хх-18-31-рт/

 

Хохирогч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Б.Намхай миний бие нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авто осолд орсон. Түүнээс хойш хэвтэрт байгаа өөрөө гарч явж чадахгүй болохоор нотлох баримтуудаа авч чадаагүй. Цэцэгдэлгэр нь намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмчилгээний мөнгийг өгсөн. Би өөрөө хэвтэрт байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр очиж оролцох боломжгүй тул цаашид эмчилгээний зардал хохирлын нэхэмжлэлийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Цийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс сонсгож байгаа зүйлчлэл, эрүүгийн хариуцлага дээр маргаан байхгүй. Мөн цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байгаа. Д.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид гэмтэл учруулсан даруйдаа эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Хохирлыг баримт гэхгүйгээр тусалж гэрт нь очиж эм тариаг нь дөхүүлж явж байгаа. Энэ бол хөнгөрүүлэх нөхцөл байдал. Прокурорын саналыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг сутай хороо 11 дүгээр гудамны 1 тоот хашааны ойролцоо иргэн Г.М-Оын өмчлөлийн 31-98 ГАА улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн Toyota primo маркийн мөнгөлөг өнгийн авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, дүрмийн 12 дугаар бүлгийн 12.5 “Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-г мөргөж эрүүл мэндэд нь “...зүүн хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, зүүн сүүж ясны зөрөөгүй хугарал” бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Нийн биед учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байх тул уг үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж явган зорчигч Б.Намхайг мөргөн түүний биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан  “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Буянтогтохын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай ослын магадалгаа, хохирогч Б.Н, гэрч Т.Уг нарын мэдүүлэг, Зам тээврийн ослын улмаас Б.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.Цийн жолоодож явсан 31-98 ГАА дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн “Toyota primo” маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л.Амгаланбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “...4. MNS 4598:2020 стандартын шаардлага хангасан байна” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Н нь хүндэвтэр гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 11 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 3752 тоот өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Цийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б.Н нь 118,700 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Д.Ц нь 1,379,500 төгрөгийн хохирол төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирогч Б.Н нь “ослын улмаас хүндэвтэр гэмтэл авч хэвтэрт байгаа нотлох баримт бүрдүүлж чадаагүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн тул түүний хүсэлтийг хүлээн авч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна .

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч А.Оргилбаяр нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж шүүгдэгч Д.Цийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх” саналыг шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалттай байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд шүүхээс улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1,379,500 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З ургийн овогт Дийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1,379,500 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.МӨНХТУЯА