| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000091 дугаартай, 146/2021/0081/Э индекстэй хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ************* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД:**********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Хавцгайн ам гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг “Зэвгэ” буюу /Lenok/ загас агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Гантулгын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дүүтэйгээ хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байх “Улаан цутгалан” үзэхээр Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн өдөр би Орхон голоос загас барихаар уургаа шидтэл загас баригдсан. Бид хоёр орой сэрүүн болчихоор нь Бат-Өлзий сумын төв орж хонохоор сумын төв рүү орж байтал гүүрэн дээр цагдаа зогсоогоод шалгасан. Би тухайн загас барьсан газрыг улсын тусгай хамгаалалттай газар гэж огт мэдээгүй. Тусгай хамгаалалттай газраас загас барьсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.
Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг бөгөөд би тус газрыг хариуцан хамгаалдаг байгаль хамгаалагч нь байгаа юм. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учир загас огтоос барьж болохгүй. ...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Торгуулиа төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Бат-Өлзий суманд ирээд Орхон голын шинэ баригдсан гүүрний урдуур гараад ертөнцийн зүгээр баруун хойшоо чиглэлтэй гол өгсөж яваад 2-З км зайтай яваад голын эрэг дээр очоод манай ах ******* загас барьсан. 13 ширхэг загас барьсан. 3 загасаа барьж дуусаад Бат-Өлзий сумын төв рүү бид 2 буцсан. Тэгээд сумын төв рүү орж төв зам дагуу жижиг гүүрэн дээр явж байхад цагдаа зогсоогоод шалгасан. Тэгээд арын суудал дээр тавьсан байсан хайрцагтай загасыг үзээд саатуулсан. Зөвшөөрөл аваагүй байх зөвшөөрөл авсан үгүйг нь манай ах мэдэж байгаа байх. Ах өөрийнхөө эзэмшлийн загас барих 3 ширхэг уурга ашигласан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...62-45 УНД улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоон шалгасан. Жолоочийн бичиг баримтыг шалгахад ******* гэх иргэн байсан бөгөөд мөн ******* гэх иргэний хамт явж байсан. Тус иргэн машиныхаа ар талд цагаан өнгийн хуванцар хайрцаг тавьсан байсан. Хайрцгийг онгойлгож үзэхэд дотор талд 10 гаран ширхэг загас хийсэн байсан мөн загас барих 3 ширхэг уурга хийсэн байсан тул саатуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг М46°50’54.0”, Е102°09’.01.1” солбилцол бүхий Хавцгайн ам гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх 119 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “...1.3эвгэ загасны ерөнхий хэв шинж нь: Бие хажуугаасаа хавчгардуу, Ам тэгш жижиг. Дээд эрүү богино, нүдний дунд хэсэгт хүрнэ. Биеийн зүс алтлаг бор буюу алтлаг бараавтар. хайрс жижиг, биеийн хажуу, толгой, нурууны болон сүүлний сэлүүрүүд дугуйвтар том хар толботой. Биеийн хажуугаар 5-6 зэсэн улаан судалтай. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Сүүлний сэлүүрийн ухлаадас бага. Нурааны сэлүүрт салаалаагүй III-V салаалсан 10-11, сүвийн сэлүүр салаалаагүй III-V, салаалсан 9-12 гуурстай. Хажуугийн шугамд 107-152 хайрстай. Эрүү тагнайд тах хэлбэртэйгээр шүд үргэлж байршдаг. 2.Дээрх Зэвгэ загас нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн болон ховор амьтны төрөлд орохгүй. З.Орхон голд байдаг. 4.Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25 өдрийн 23 тоот тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэлгээ-17000 төгрөг, нийт-13. 5 ширхэг зэвгэ загас *17000 үнэлгээ=221000 төгрөг болж байна” гэсэн 39-04-078-03 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-09 дугаартай акт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/.
Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Хавцгайн ам гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг “Зэвгэ” буюу /Lenok/ загас агнасан үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч *******, Н.Загарзүсэм нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг, эд мөрийн баримт болох 13 ширхэг загас, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, улсын байцаагчийн акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гантулгыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт уурга ашиглан зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг “Зэвгэ” буюу /Lenok/ загас агнасан гэх гэмт хэргийг үйлдэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 221000 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул шүүгдэгчид 442000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нөхөн төлбөр 442000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 3 м урттай, урд хэсэгтээ эвдрэлтэй, скочоор ороосон 1 ширхэг загасны уурга, 3.5 м урттай, бор эрээн өнгийн 1 ширхэг загасны уурга, 2.8 м урттай хар эрээн өнгийн 1 ширхэг загасны уурга нийт 3 ширхэг уурга, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасагт хадгалагдаж буй 13 ширхэг загасны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Гантулгыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Гантулгыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3 м урттай, урд хэсэгтээ эвдрэлтэй, скочоор ороосон 1 ширхэг загасны уурга, 3.5 м урттай, бор эрээн өнгийн 1 ширхэг загасны уурга, 2.8 м урттай хар эрээн өнгийн 1 ширхэг загасны уурга нийт 3 ширхэг загасны уурга, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасагт хадгалагдаж буй 13 ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА