| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00671/и |
| Дугаар | 00799 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 00799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт оршин суух, Тайтан овогт Сандагийн Эрдэнэчимэг / РВ62022004 /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2017/00671/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.Эрдэнэчимэг нь Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн захиалга гутлын ангийг 1980 онд төгсөж, улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Аж ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар орж ажиллаж байгаад Баянзүрх сумын ахуйн үйлчилгээний цэгт гуталчнаар орж 1989 оныг дуустал буюу ахуйн үйлчилгээг тартал нь ажилласан. Би 2017 оны 02 дугаар 20-нд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоод байж байтал ажлаас гарсан тушаал байхгүй байна гээд тэтгэвэрийг минь зогсоох гээд байна.
Иймд намайг Мөрөн хотын Ахуйн үйлчилгээний комбинатын харъяа Баянзүрх сумын ахуйн үйлчилгээний цэгт 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ахуйн үйлчилгээний комбинатын харъяа Баянзүрх сумын ахуйн үйлчилгээний цэгт 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С.Эрдэнэчимэгт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай “ ... 1. Гадаад дотоодын техник мэргэжлийн сургууль төгсч ирсэн ажилчдыг зохих мэргэжлийн ажилд нь томилон тэтгэмж болон ээлжийн амралтыг олгосугай. ... 2. Сандагийн Эрдэнэчимэгийг гуталчнаар ... 1980 оны 7 дугаар сарын 07-ноос эхлэн тус тус ажиллуулсугай ... “ гэх Ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай “ овог нэр-Сандагийн Эрдэнэчимэг, албаг тушаал-гуталчин, мэргэжлийн зэрэг-2, амрах хоног/ ажлын өдрөөр/-18...” гэх Ажилд томилох тухай тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Сандагийн Эрдэнэчимэгийн Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1984-1989 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ирүүлсэн цалингийн тодорхойлолт,
Сандагийн Эрдэнэчимэгийн Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1980-1983 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ирүүлсэн цалингийн тодорхойлолт,
Гэрч Д.Цэцэгээгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...С.Эрдэнэчимэг бид хоёр 1979-1980 онд Улаанбаатар хотын ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд гуталчнаар хамт суралцаж байгаад С.Эрдэнэчимэг нь 1980 оны хавар сургуулиа төгсөөд явсан. Тэгээд дараа жил нь буюу 1981 онд би техник мэргэжлийн сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн НАААҮ-ний комбинатын гуталчнаар томилогдон ажиллаж байгаад 1983 онд Баянзүрх сумын ахуйн үйлчилгээнд шилжин очиход С.Эрдэнэчимэг тус сумын ахуйн үйлчилгээнд гуталчнаар ажиллаж байсан. Тэр үеэс хойш 1989 оныг дуустал бид хоёр хамт ажиллаж байгаад намайг Сэлэнгэ аймаг руу шилжин явахад С.Эрдэнэчимэг нь тэндээ ажиллаад үлдсэн. Би Хөвсгөл аймгийн НАААҮ-ний комбинат болон түүний харъяа Баянзүрх сумын ахуйн үйлчилгээний цэгт 1981-1989 онуудад гуталчнаар тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг,
Баянзүрх сумын АДХГЗахиргаа, Баянзүрх сумын Ахуйн үйлчилгээний цэгээс 1982 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, МАХН-ын үүр, Ахуйн үйлчилгээний комбинатын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1981 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, Баянзүрх сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Баянзүрх сумын Соёл нэгдлийн чанарын албанаас 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, Ахуйн үйлчилгээний төвийн захиргаа, Үйлвэрчний эвлэлийн хорооноос 1988 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, Ахуйн үйлчилгээний төвийн захиргаа, МАХН-ын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хороо, ХЗЭ-ийн хорооноос 1988 он 12 дугаар сарын 30-ны өдөр, Улаан-Уул сум дахь Ахуйн үйлчилгээний явуулын төвийн захиргаа, Улаан-Уул сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1989 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, МАХН-ын үүр, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ахуйн үйлчилгээний явуулын захиргаа, ХЗЭ-ийн хорооноос 1990 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус олгосон Баярын бичгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайтан овогт Сандагийн Эрдэнэчимэг / РВ62022004 /-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ахуйн үйлчилгээний комбинатын харъяа Баянзүрх сумын ахуйн үйлчилгээний цэгт 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА