| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: П.Нарантуяа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127001090111 дугаартай, 146/2021/0088/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ********* аймгийн “***********” ХХК-д оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:************/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай 2-29 тоотод хашааны *******гийн эрх чөлөөнд халдаж чулуугаар шидэж толгойг нь хагалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа буугаад Өвөрхангай аймгаас гэртээ ирсэн. Би Өвөрхангай аймгаас ирэх замдаа архи уусан. Гэртээ ирээд 2 литр айраг уусан. Манай эхнэр намайг согтуу ирлээ гэж надад уурласан. Үүнээс болж эхнэр бид хоёрын дунд маргаан үүссэн. Би эхнэрийнхээ араас айлгах гээд чулуу авч шидсэн боловч толгойг чулуу онож хагалсан. Миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагт гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ архи ууцан согтуу 300 граммтай “Хараа” нэртэй архи барьцан, хамт яваа хүмүүс гээд 2 хүнтэй орж ирсэн. Орж ирээд айраг уучхаад барьж явсан архинаасаа хамт явсан хүмүүстээ хийж өгч хувааж уусан. Хамт явсан хүмүүс нь явахаар болж бид хоёр гаргаж өгсөн. Гэртээ хамт орж ирээд ******* архинаасаа 2-3 татаад унтаад өгсөн. Тэгээд 2-3 цаг унтаж байгаад сэрээд янз бүрийн юм ярьж хэрүүл гуйгаад босож ирээд дэр шидээд, зуух тойруулж цохих гээд хөөгөөд байхлаар нь гараад зугтаасан. Араас гарч ирээд байшингийн баруун талд овоолготой байсан чулуунаас авч шидээд байсан. Би хашаанаас гараад гүйтэл араас гарч ирээд гудамжнаас чулуу аваад араас шидтэл миний толгойн ар хэсэг рүү онож толгой хагарч цус гараад байсан. Би унтуулчхаад сэрэхлээр нь унт гээд байж байсан. Согтуугаараа намайг загнаад, хуучин нөхрийн талаар яриад тэр хүнтэйгээ суухгүй яасан юм гээд хашгичаад байсан. Эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Насан хүрээгүй гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ээжтэйгээ гэртээ ирж байхад ******* ах ажлаасаа ирсэн. Архи уучихсан согтуу жижиг шилтэй хараа нэртэй архи гартаа барьчихсан орж ирсэн. Тэгээд ******* ах авч орж ирсэн архиа задалж хүмүүст хийж өгөөд байсан. Хамт явсан хүмүүс нь явахаар болж ээж, ах 2 гаргаж өгөөд гэрт орж ирсэн. ******* ахыг ээж бид 2 унтуулсан. Тэгсэн 2 цаг унтаж байгаад босож ирээд дэрлэж байсан дэрээ ээж рүү шидээд, зуухны урд байсан дөрвөлжийг өшиглөөд бид хоёрыг гэр тойруулж илдээд байхаар нь гараад зугтаатал ээжийн араас хогийн шүүр шидсэн. Хашаан дотор байсан овоолготой чулуунаас ээжийн араас шидээд байсан. Би ард талын цоорхой хашаа руу ороод нуугдсан. Ээж зугтаагаад хашаанаас гарсан чинь араас нь гарч гудамжинд байсан том чулууг шидэж ээжийн толгойны ар луу оносон. ...Би ард талын хашааны хаалгаар давж гараад очтол толгойны араас нь цус гоожоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “...*******гийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 412 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай 2-29 тоотод хашааны гадна хохирогч ******* руу чулуу шидэж толгойг нь хагалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан шүүхийн хээллцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *******гийн мэдүүлэг, 412 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохиролын хувьд:
Хохирогч ******* нь ...Миний бие ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэж бичгээр хүсэлт гаргажээ. /хх-ийн 50 дугаар хуудас/
Мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч ******* нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулав.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА