Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1925

 

 

"Транскапитал" ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32017/01505 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Транскапитал" ББСБ-ын хариуцагч М.Ариунбатад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16 305 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч М.Ариунбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Транскапитал" ББСБ нь М.Ариунбаттай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 115082223 дугаартай зээлийн гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг сарын 3,5 %-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 115082223 дугаар Барьцааны гэрээ байгуулж, тус гэрээний 1-р хавсралтанд заасан хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан зээлдэгчээс зээлийн гэрээний төлбөр 16 305 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан "Транскапитал" ББСБ ХХК-ны зүгээс надаас үндэслэлгүйгээр нэхэмжилж буй төлбөр гаргуулах гэсэн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй хууль бус үйл ажиллагааа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тус санхүүгийн байгууллагатай зээлийн болон фидуцийн №115082223 гэрээнүүдийг байгуулж өөрийн эзэмшлийн Ланд Крузер автомашиныг барьцаанд тавьж тус ББСБ-ын нэр дээр өмчлөлд нь шилжүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа миний машиныг тус байгууллага бусдад зарж борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан. "Транскапитал" ББСБ надтай гэрээ, хэлцэл байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн үнийг 60 000 000 төгрөг гэж үнэлгээг өөрсдөө тогтоосон бөгөөд нийгэмд үүрлэсэн санхүүгийн хямралаас болж зээлээ төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон.  Нэхэмжлэгчид зээлийн хүүд нь 12 000 000 орчим төгрөг бэлнээр төлөөд үндсэн зээлийг барьцаа хөрөнгөөр төлж барагдуулж зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Тус зээлийн гэрээний 3.8 зүйлд заасны дагуу зээлдүүлэгч "Транскапитал" ББСБ барьцаалуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад зарж борлуулж захиран зарцуулсан учраас барьцааны хөрөнгийн үнэлгээний хэмжээгээр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулсан нөхцөл байдал нь бодит амьдралд хэрэгжсэн учраас зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна.

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-ын хариуцагч М.Ариунбатад холбогдуулан гаргасан 16 305 625 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 478 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хишигжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн фидуцийн талаарх холбогдох зохицуулалтад ч гэсэн фидуцийн зүйлийг худалдан борлуулснаар үүрэг биелэгдсэнд тооцож дуусгавар болох талаар огт заагаагүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд фидуцийн зүйлийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд ийнхүү худалдан борлуулснаас олсон орлого үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэх эсэхээс үл хамааран үүргийг гүйцэтгэсэнд тооцож дуусгавар болгох талаар тохиролцож тогтоосон зүйлгүй харин ч эсрэгээр энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах өөр хөрөнгө шаардах эрхтэй байхаар тохиролцжээ. Тодруулбал, Фидуцийн гэрээний 4.1.3-т "Хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмэгдүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулах эрхтэй" гэж тодорхой заасан.

Энэ дагуу талуудын хэн аль нь гэрээний зохицуулалт, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсний улмаас фидуцийн зүйлийг худалдан борлуулснаас үүдэх үр дагавар, тэр дундаа фидуцийн зүйлийг худалдсанаас олсон орлого хүрэлцэхгүй тохиолдолд нэмж хөрөнгө барьцаалах талаарх гэрээний зохицуулалт үр дагаврыг бүрнээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр фидуцийн зүйлийг худалдан борлуулсан. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 115082223 дугаар Барыдааны гэрээ байгуулж, тус гэрээний 1-р хавсралтанд заасан хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Энэ бүгдээс фидуцийн зүйлийг худалдан борлуулснаар үүрэг дуусгавар болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болох нь тодорхой байна. Хариуцагч нь фидуцийн зүйлийн үнэлгээг 60 000 000 төгрөгөөр гэрээнд заасан явдлыг үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тохиолдолд үйлчлэх үнэ мэтээр тайлбарлаж, үүргийн гүйцэтгэлээс хасах ёстой гэх тайлбар татгалзал гаргаж буй нь үндэслэлгүй юм. ...Түүнчлэн фидуцийн зүйлийг худалдан борлуулах явцдаа энэ талаарх бүхий л мэдээллийг зээлдэгчид тухай бүрт нь мэдэгдэж, түүний оролцоог хангаж байсан. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс фидуцийн зүйлийг худалдан авсан Б.Батзаяаг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хангаагүй орхисон. Хэрвээ уг хүсэлтийг хангаж, гэрчийг асуусан бол хариуцагчийн дээрх тайлбар татгалзал үндэслэлгүй болох нь тогтоогдох байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 305 625 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх боловч давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь хариуцагч М.Ариунбатад холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх байдлаар зээлийн гэрээний дагуу үүссэн үндсэн зээлийн өр 10 017 900 төгрөг, үндсэн хүү 5 236 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 047 204 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 16 305 625 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч фидуцын гэрээгээр шилжүүлсэн 60 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг худалдаж зээлийг хаасан гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 115082223 дугаартай зээлийн гэрээ, фидуцын гэрээ тус тус байгуулагдсан байна. Уг зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээнд заасан хүү, түүний 20 хувиар нэмэгдүүлсэн  хүүг  тус тус тооцно гэж талууд тохиролцон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар гарын үсэг зурж бичгэн хэлцэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар, /хх.8-13/ нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 178 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбараар /хх.6/ тус тус тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч М.Ариунбат нь 12 000 000 орчим төгрөг төлсөн гэх тайлбараа /хх.22/ баримтаар нотолж чадаагүй боловч нэхэмжлэгч хариуцагчийг зээл төлсөн талаарх тооцооны баримт гаргасан байх тул хариуцагчийг зээлийн төлбөрт 5 938 120 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

            Түүнчлэн талууд зээлийн гэрээгээр үндсэн зээл төлөх хуваарийг тогтоосон байх бөгөөд үндсэн зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт болон гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүснэ.

Талуудын зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байх боловч фидуцийн гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгч компанийн өмчлөлд шилжүүлсэн “Тоёота Ланд Крузер 200” хар өнгийн автомашинийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 48 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, хариуцагчийн зээлийн төлбөрт суутгасан болох нь хэрэгт авагдсан баримт, /хх.64-66/, зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь уг автомашиныг 48 000 000 төгрөгөөс илүү үнэтэй байсан гэж маргасан боловч уг автомашиныг худалдан борлуулсантай холбоотой гомдол шаардлагаа нэхэмжлэгчид гаргаж байгаагүй тул уг үнэлгээгээр худалдагдсан гэж үзэв. Хариуцагч зээлийн гэрээний үндсэн зээл төлөх хугацаа болохоос өмнө нэхэмжлэгч байгууллага автомашиныг нь захиран зарцуулсантай холбоотойгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дах хэсэгт зааснаар шаардлага гаргаагүй болно.

Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө уг үүргийг баталгаажуулсан фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн зарим хэсгийг хангаснаас үзэхэд талууд хооронд зээлийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Учир нь хариуцагч зээлийн үндсэн хүүг эхний 4 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөг төлөхөөр, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх.20/ Хариуцагч нь уг хуваарийг зөрчсөн байх боловч хуваарьт заасан үндсэн хүү төлөх үүргийн зарим хэсгийг биелүүлэх хугацаа болоогүй /2016.03.20, 2016.4.20 тус бүр 1 000 000 төгрөг/ байхад фидуцийн зүйлийн үнээс уг үндсэн зээлийг тооцсон байгаагаас үзэхэд зээлийн гэрээг цуцлан зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан татсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч М.Ариунбатын хувьд зээлийн гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ цуцлагдах хүртэлх 6 сар 12 хоногийн хугацаанд үүссэн үүргийг хариуцах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд хариуцагч нь үндсэн зээл 50 000 000 төгрөг, 6 сар 12 хоногийн хүү 11 199 910 төгрөг, түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 1 000 000 төгрөгийн үндсэн зээл төлөх үүргээ хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 12 109 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. Уг үүргээс хариуцагч М.Ариунбатыг төлсөн гэж нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч, гаргасан тооцооны баримтад заагдсан 5 938 120 төгрөг, автомашиныг худалдан борлуулж үүргийг хангуулсан 48 000 000 төгрөгийг хасахад 7 273 899 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор захиран зарцуулж, өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлснээр уг фидуцийн гэрээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дах хэсэгт зааснаар дуусгавар болсон нь зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд үүссэн үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон нь зээлийн дагуу төлөгдөөгүй фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахад нь бүрэн төлөгдөөгүй үндсэн үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт гэрээний үүргийг дуусгавар болгох нөхцлийг заасан бөгөөд фидуцийн зүйлийг худалдан борлуулсан нь үндсэн үүргийг дуусгавар болгох үндэслэлд хамааралгүйг анхан шатны шүүх анхааралгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль буруу хэрэглэсэн болно.

Зохигчид 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ хийж, уг гэрээгээр 10 017 900 төгрөгийн мөнгө зээлүүлж, уг үүрэгт хариуцагчийн эд хөрөнгийг барьцаалах талаар заасан байх боловч энэхүү гэрээний дагуу 10 017 900 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид бодитойгоор шилжүүлээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээхээр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор тус тус заасан. Иймд барьцааны гэрээнд заагдсан 10 017 900 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хариуцагчид үүсэхгүй тул 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож гаргуулах үндэслэлгүй болно.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32017/01505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ариунбатаас 7 273 899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 031 726 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 478 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                 ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАЛ