Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 118/2015/0024/З |
Дугаар | 221/МА2016/0079 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0079
Д.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Э нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын давж заалдах гомдлоор, Д.Эгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга болон тус аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолыг илт хууль бус актаар тооцож, уг тогтоолыг хүчингүй болгохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ: Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Засаг даргаас огцруулах тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/18 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу гаргуулах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих дансанд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга Ж.Ж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/18 дугаар ажлаас чөлөөлөх тухай захирамж нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар хуралдааны тогтоолыг үндэслэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлын 5 хоногт багтаан саналыг хянаж үзээд Д.Эг чөлөөлсөн. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн гуравны нэг нь сумын Засаг даргаа огцруулах санал гаргаж хурлын Төлөөлөгчдийн ирц бүрдсэн, тооллогын комиссынхоо тогтоолыг үндэслэж гаргасан Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар хуралдааны тогтоол нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хууль эрх зүйн хувьд шаардлага хангаж байсан. Дээрх тогтоолд хориг тавиагүй шалтгаан нь: 1. Д.Э нь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийг зөрчсөн асуудлууд болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн мөнгийг үр дүнгүй, танил талдаа өгч байсан байдал, 2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил, 3. Ажил үүргээ хангалтгүй, санаачлагагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байдал, 4. Улс төрийн албан тушаалтан, улс төрийн намын анхан шатны байгууллагын даргын хувьд сөрөг хүчинтэй үгсэн хувилдаж ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэсний дагуу 11 төлөөлөгчид өргөн барьсан байна. Энд 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг хамаарахгүй, 15 хоногийн дотор гэж заасан тул тэр 15 хоног үйлчлэхгүй, 1 хоног ч байж болно. 16-ны өдөр хурал зарласан нь хуульд нийцэж байна. 16-ны өдөр Хурлын Тэргүүлэгч нар зарласан, 17-ны 12 цагт хурал болно гэж над дээр ирсэн. Энэ хүн надаас чөлөө аваагүй, амралтгүй байж ажлын цагаар дураараа ажил тасалж Отгоны амралтанд амарсан байсан.
Өөрийг нь оролцуулж хий гээд хурлыг 18-ны өдөр хийсэн учраас хоног хугацаа, материал тараах бүх юм хангалттай хийгдсэн. Би энэ асуудалд оролцоод байгаа. Яагаад гэхээр сумын намын дарга улс төрийн албан хаагчийн асуудал яригдаж байгаа учраас аймгийн Засаг дарга, аймгийн намын даргын зүгээс ямар нэгэн байдлаар оролцох ёстой. Би намын бүлэгт хэлсэн. Эхлээд бүлэг дотроо санал хураацгаа, бүлэг дээрээ санал хурааж олонх нь эсэргүүцэж байвал энэ асуудлаа цуцал гэсэн. Бүлэг дээрээ санал хураалгүй нийт төлөөлөгчдийнхөө дунд санал хурааж огцруулах саналаа өргөн барихаар шийдсэн байсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар олонх нь хүрэлцэн ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно. 31 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч ирсэн, энэ бол хурал хүчинтэй. Улиастайд хурал зарлаад, цуглуулаад ядаад байх юм байхгүй. Хурлын материалаа 1 хоногийн өмнө тараасан, огцруулна гэж санал өргөж байгаа тохиолдолд нэмэлт материал тараах шаардлага бол байхгүй, огцруулна гэж өргөн барьсан санал нь материал болчихож байгаа. Хурлаа хуралдуулан зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тооллогын комиссоо ном дүрмийн дагуу байгуулсан, дэгийнхээ дагуу нууцаар санал хураалтаа явуулсан. Санал хураалтынхаа тогтоолыг уншсан. Дүн гарсан 21 төлөөлөгчийн 11 буюу 52% огцруулах саналтай байгааг баталж санал хураалтынхаа тогтоолын дүнг баталсан байсан. Энэ зохион байгуулалтын асуудал чинь өмнө нь санал хураадаг, тооллогын комисс байгуулаад энэ хүнийг огцруулах уу үгүй юу гэдэг процесс нь явагдчихаж байгаа юм. Тэр тооллогын комиссын тогтоолоор үр дүн нь гарчихаж байгаа. 11 төлөөлөгч итгэл хүлээлгэхүй гэж гарсан. Процесс нь явагдаж бүх юм нь тов тодорхой, тооллогын комиссын огцруулах тогтоолоо батлаад гаргаж байгаа юм. Тэр тооллогын комиссынхон өөрсдөө хүн албадаж гарын үсэг зуруулаагүй, өөрсдийнхөө өгсөн тогтоолынхоо үндэслэлийг тооллогын комисс тогтоолыг баталж байна...
Над дээр 20-ны өдөр ирээгүй 18-ны өдрөө ирсэн. Би 20-ны өдөр хүртэл хянасан. Хамгийн эхлээд хянах зүйл бол хууль журмын дагуу хурал явагдсан уу гэдгийг хянасан, тамга, тэмдэг бүрэн байна уу, гарын үсэг зурсан байна уу, огноо, дугаар, албан бичгийн стандартад нийцсэн байна уу, утга агуулгын алдаа байна уу гэдэг бүх зүйлийг хянахад ном журмын дагуу байсан...
Захиргааны хуульд зааснаар хяналт тавих эрх дээд шатны Засаг даргад байдаг. Тэр 8 үндэслэл дотор үндэслэлтэй бодитой юм харагдаж л байсан, дутуу гоомой юм байсан л байх. Тэрийг утга агуулгаар нь үндэслэлтэй бол тэгнэ, үндэслэлгүй бол тэгнэ гэдгийг шүүх үнэлээд байх асуудал байхгүй, мэтгэлцлээрээ явна. Энэ хурлын процесс хууль зүйн дагуу явагдсан байна уу гэдгээр явагдана гэж бодож байна. Би энэ асуудал, хурлын процесс хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Нямхүү шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Г, М.Р, Л.Ч нар сумын Засаг даргыг огцруулах саналыг хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж хурлын даргад мэдүүлсэн бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт хуралдуулахаар товлож хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагаас өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.О биечлэн хүргэсэн. 07 дугаар сарын 17-ны өдрийн 12.00 цагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сумын Засаг дарга, хотын захирагч Д.Эг өөрийг нь Хурлын хуралдаанд оролцуулан шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж 07 дугаар сарын 18-ны 09:00 цагаас хуралдааныг үргэлжүүлэхээр түр завсарлага авсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 07 дугаар сарын 18-ны өдрийн 9:30 цагт хуралдаж Засаг даргыг огцруулах асуудлаар санал хураахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч санал хураалтанд оролцож, огцруулах, саналыг 11 төлөөлөгч дэмжиж, 10 төлөөлөгч дэмжээгүй болно. Засаг даргыг огцруулах тогтоолын төслийг батлах санал хураалтанд 19 төлөөлөгч оролцсоноос 4 төлөөлөгч тогтоолын төслийг баталж, 15 нь тогтоолын төслийг батлаагүй. Хурлыг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр товлон зарласан бөгөөд төлөөлөгчдөд материалыг 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагаас өмнө буюу нэг хоногийн өмнө хүргүүлсэн болно. Иймд хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд Засаг дарга, хотын захирагч Д.Э нь өөрийн биеэр оролцоогүй болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Г нь Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлого хариуцсан түшмэлээр түр ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргааны албан тушаалд албан ёсоор орж ажиллаагүй, тангараг өргөөгүй, өөрөө хүсэлтээ гаргаагүй, хурлын төлөөлөгчөөс албан ёсоор чөлөөлөгдөөгүй тул төлөөлөгчийн бүрэн эрх нь хэвээрээ хэрэгжиж байгаа болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд хурлыг орхин гарсан 2 төлөөлөгч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийг зөрчсөн учир 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн. Хуралд нэр бүхий 21 төлөөлөгч оролцсон болно. Аймгийн Засаг дарга Ж.Ж нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Г, М.Р нарын хамт 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт ирсэн нь үнэн. Сумын Засаг даргыг огцруулах талаар шахаж дарамталсан зүйл байгаагүй. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч М.Р, А.Г нар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 10 төлөөлөгчийн гарын үсэгтэй Засаг даргыг огцруулах саналыг үзүүлж энэ саналаа өргөн барих талаар мэдэгдсэн. Миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд төлөөлөгч та бүхнийг албан ёсоор саналаа хүргүүлсний дараа уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн. Амралтын өдөр манайд олон хүмүүс байсан, тэдний дотор манай ажлын газрын хүн ч байсан учир бид хоорондоо тодорхой асуудлыг ярилцаагүй болно. Сумын Засаг даргыг огцруулах саналд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 11 төлөөлөгч гарын үсэг зурсан нь нэг хүний асуудал биш учраас зохион байгуулалтын шинжтэй гэж үзэж болох юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага учир сумын Засаг даргыг огцруулах үндэслэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Сумын Засаг дарга Д.Э нь Засаг даргыг огцруулах тухай хэлэлцэх хуралдаанд оролцож огцруулах үндэслэлүүдэд тухай бүрт нь тайлбарыг өгч байсан. Төлөөлөгчид өөр өөрсдийн дүгнэлтийг дор бүхнээ хийж санал хураалтанд оролцсон байх.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Улиастай суманд 2014 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтанд иргэний танхимыг засварлан тохижуулах ажлыг 20 сая төгрөгийн өртөгтэйгээр хийхээр батлагдсан юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар сумын Засаг даргын орлогч Ч.Б орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах болон хасалт хийх арга хэмжээний талаар хэлэлцүүлсэн юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан Улиастай хотод 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 1046.0 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн ажлын жагсаалтын 25 дугаарт Улиастай хотын Ёслол хүндэтгэлийн өргөөг түшиглэн усан оргилуур, ногоон байгууламж, явган хүний зам, талбай, чулуун хашаа бүхий байгууламжийг хийхээр батлагдсан. Сангийн яамнаас ирүүлсэн чиглэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ирүүлсэн чиглэлийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дахин хуваарилалт хийж 655.2 сая төгрөг болгон өөрчлөлт хийснээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 26 төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдахад дээрх ажил нь дахин хэлэлцэгдэж батлагдсан болно гэжээ.
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоол, Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн ажилгүй байсан 92 хоногийн олговор болох 5 552 384 /таван сая таван зуун тавин хоёр мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, дээрх олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмаар тооцож зохих байгууллагын дансанд шилжүүлэхийг Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: Аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамж нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар хуралдааны тогтоолыг үндэслэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлын 5 хоногт багтаан саналыг хянаж үзээд Д.Эг ажлаас чөлөөлсөн.
Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн гуравны нэг нь сумын Засаг даргаа огцруулах санал гаргаж хурлын төлөөлөгчдийн ирц бүрдсэн, тооллогын комиссоо байгуулан нууц санал хураалт явуулж, тооллогын комиссынхоо тогтоолыг үндэслэж гарсан Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар хуралдааны тогтоол нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хууль эрх зүйн хувьд шаардлага хангаж байсан.
Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгч нь Д.Эг чөлөөлөх саналыг гаргасан бөгөөд нийт төлөөлөгч нарт уг саналыг танилцуулан гарын үсэг зурах эсэх талаар асуусан хугацаанд буюу хэд хоногийн өмнө мэдээлэл тарсан, энэ талаар бүгд мэдээлэлтэй болсон байсан. Хурлын төлөөлөгч нарт уг саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гаргахад хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Улиастай сум нь бусад сумдыг бодвол харьцангуй нягтаршил ихтэй сумынхаа төвд бүх төлөөлөгч нар нь оршин суудаг тул заавал 24 цагийг хүлээх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан иргэний эрх зүйн харилцаан дахь хугацаа тоолох журмыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан 1 хоногийн хугацааг тоолоход хамааруулан тоолох боломжгүй юм.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт ...хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах гэж заасан бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 16-ны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал хуралдаад 2015 оны 07 дугаар сарын 17-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах байсан боловч хойшлуулан 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаан болсон байдаг. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэлэлцэх асуудлын талаар ямар нэгэн хэлэлцүүлэг явагдаагүй, хэлэлцээгүй байгаа юм. 2015 оны 07 дугаар сарын 16-ны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болсноос хойш 2 хоногийн дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт хуралдаан болсон бөгөөд хуулинд хуралдаан болохоос 1 хоногийн өмнө гэсэн байгааг анхаарч үзнэ үү.
Хуралдааныг бүтэн хоног хойшлуулсан байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг хангах боломжийг илүү сайн бүрдүүлсэн гэж үзэж болно.
Сумын Засаг даргыг огцруулах асуудлаар тооллогын комиссоо байгуулж, нууцаар санал хураалт явуулсан байдаг. Нууцаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн асуудлыг илээр санал хурааж баталгаажуулах нь бусдын сонгох, сонгогдох эрхийг зөрчиж нууцаар өгсөн саналыг ил болгох эрсдэл гарч болзошгүй тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоолоо гаргаад оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар дахин нэмж хураах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь нууцаар санал хураагаад олонх нь сумын Засаг даргыг огцруулахаар дэмжсэн тооллогын комиссын тогтоолоо баталчихсан байсан. Тооллогын комиссын тогтоол нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолын гол үндэслэл болохоор огцруулах эсэх тухай тогтоолын төслийг урьдчилан боловсруулах боломжгүй юм. Хурлын төлөөлөгч нар бүрэн эрхийнхээ хүрээнд нууц санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлыг тогтоолоо баталгаажуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгох нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл, учир дутагдалтай шийдвэр юм. Хэрэв шүүхээс тогтоолоо баталгаажуулаагүй байна гэж үзэх юм бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дэх хэсэгт зааснаар даалгах шийдвэр гаргаж болохоор байсан.
Нууц санал хураалтаар шийдвэрлэсэн тогтоолыг дахин нэмж санал хурааж батлах шаардлагагүй бөгөөд энэ нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчимд нийцэж байгаа үйлдэл юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Э нь Завхан аймгийн Засаг дарга болон тус аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу гаргуулах, цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих дансанд шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх маргаан бүхий захиргааны актуудаар Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж, улмаар аймгийн Засаг дарга үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх хамтын удирдлага бүхий байгууллага хэдий ч түүний шийдвэр гаргах процесс ажиллагаа нь хуулийн дагуу байх ёстой. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах байдлаар шийдвэр гаргах журмыг зөрчсөнөөс уг хурлаас гарсан тогтоол хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал,
Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий 11 төлөөлөгч сумын Засаг даргыг огцруулах саналыг өргөн мэдүүлж, сумын Засаг даргыг огцруулах болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх ээлжит бус 11 дүгээр хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагт хийхээр товлосон болох нь мөн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудлыг батлах тухай 29 дүгээр тогтоолоор тогтоогдож байх ба 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засаг даргыг өөрийг нь оролцуулан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд 11 дүгээр хуралдааныг хойшлуулж, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж Засаг даргыг огцруулах тухай 05 дугаар тогтоолыг гаргажээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заажээ. Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг-ийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой материал /илтгэл, төлөвлөгөө, төсөл, төсөв, шийдвэрийн төсөл, холбогдох тооцоо, судалгаа, дүгнэлт/-ыг 7-оос доошгүй хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлсэн байхаар зохицуулжээ.
Гэтэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхдээ саналд холбогдох судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуульд заасан хугацаанд Хурлын төлөөлөгч нарт хүргүүлэлгүй асуудлыг шийдвэрлэж дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргыг ямар үндэслэлээр огцруулах санал гаргасан талаарх материалыг Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй болох нь хэрэгт авагдсан Хурлын төлөөлөгч Д.Гын Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хуралдаан хийх өдөр, цагийг бичсэн нэг хуудас баримт өгсөн. Сумын Засаг даргыг огцруулах үндэслэл, шалтгаантай холбоотой ямар нэг материал хуралдаан болохоос өмнө надад ирээгүй. Хуралдаан дээр харин энэ талаарх баримтыг дамжуулж танилцуулж байсан, тус Хурлын нарийн бичгийн дарга Ц.Оийн Хурлын төлөөлөгч нарт ээлжит бус хуралдааны товыг хурлын дарга бид хоёр хамт явж биечлэн мэдэгдсэн. Ингэж явахдаа ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, уг хуралдааны дотоод журмын хамт тараасан. Түүнээс сумын Засаг даргыг огцруулах саналыг нэг бүрчилэн тараагаагүй гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Ингэснээр сумын Засаг даргыг огцруулах үндэслэлийн талаар иргэдийн төлөөлөгч нарыг үг хэлэх, хувийн бэлтгэл хангах, асуудлыг судлах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь хуулийн дээрх шаардлага, зорилгод нийцэхгүй байна.
Иймд шүүх Хурлаар хэлэлцүүлэх саналд холбогдох судалгаа, материалыг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд урьдчилан тараах шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчиж гарсан Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаар тогтоол, түүнд үндэслэж гарсан Завхан аймгийн Засаг даргын Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА