Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

    2021        12          28                                  2022/ШЦТ/47

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Хулан,                            

Улсын яллагч Л.Галав,

Хохирогч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2106 03426 2620 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1992 оны 12 дугаар сарын 21-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар гудамжны 273 тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  /РД: /

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 273 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрмаагийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт онгорхой байх үед нь сэм орж эмэгтэй хүний монетон гинж 8.9 грамм, монетон бөгж 3.6 грамм, монетон бөгж 1 грамм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.755.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, Бид нэг хашаанд гурван гэрээрээ байдаг бөгөөд эгчийг байхгүй үед нь хөргөгчнөөс нь ээмэг бөгжийг нь авсан юм” гэв.

Хохирогч Д.Дэлгэрмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүгдэгч нь миний төрсөн дүү Дэлгэртуяагийн нөхөр байгаа юм. Бид хөдөө яваад нөхөр болон 13 настай хүүхэд маань гэрээ хараад үлдсэн. Ер нь бол эзгүй байсан. Бид хашаандаа гурван гэрээрээ амьдардаг. Хөдөө яваад ирэхэд эд зүйл маань байхгүй болсон байсан. Аыг авсан гэж мэдээгүй. Цагдаагийн байгууллагад хандсан чинь танай хамаатан авсан байна гэж хэлсэн. Аыг авсан гэж мэдсэн бол өдийд ийм байдалд хүрэхгүй байх байсан. Гэр бүлийнхээ дотор шийдэх байсан. Яагаад гэвэл А нь миний ганц дүүгийн нөхөр. Дүү маань ажилгүй, 1 нас 5 сартай хүүхдээ хардаг. Одоогийн байдлаар хүүхэд нь өвдөөд удаж байна. А нь хар бор ажил хийж ар гэрээ авч явдаг. А шоронд явчихвал ар гэрээ тэжээж чадахгүй байдалд хүрэх гээд байна. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан” гэв.

Хохирогч Д.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би явахдаа хөргөгчинд монетон гинж, бөгж зэргийг хөргөгчний дотор талд хамгийн дээд талын нүдэнд таглаад орхисон байсан. Гэхдээ манайх эзэнгүй үлдээгүй, том хүү болох Г.Ган-Эрдэнэ 13 настай үлдсэн. Тэгээд өнөөдөр хөргөгчиндөө ааруул, сүү хийхдээ хараад байхгүй болохоор нь нөхрөөсөө асуухад мэдэхгүй гээд, ээж болох Ж.Батсайханаас асуухад манай хүргэн Оргодлын А 50.000 төгрөг бэлнээр бас алга болсон гэж ээжид бас хэлсэн байсан. Гэхдээ хүргэн ******* нээх тоохгүй байсан гэж хэлсэн. Манай хашаа бол эзэнгүй байгаагүй, хашаандаа манай хүргэн *******, аав Ш.Даваадоржийнх цуг байдаг юм. Намайг хөргөгчиндөө монетон эдлэлээ хийж хадгалдагийг манай нөхөр П.Ганхуяг мэднэ. Өөр хүмүүс бол мэдэхгүй. Өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би кофе уух зорилгоор хөргөгчийг нь онгойлгоход хөргөгчний хаалганы дотор талд байсан монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг байсныг авч Баянгол дүүрэг 3, 4 дүгээр хороолол ахуй үйлчилгээний орчимд байх ломбарданд 150.000 төгрөгийн барьцаанд тавьж 2 хоногийн буцааж аваад Хархорин зах дээр үл таних хүнд 665.000 төгрөгөөр зарж мөнгийг бэлнээр авсан. Тэгээд 665.000 төгрөгөөр архи ууж, шоудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/, Дамно ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг 1.755.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчид хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв. Тухайлбал шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар гудамж 273 тоотод гурван өрхийн хамт оршин суух бөгөөд эхнэрийн эгч Д.Дэлгэрмаагийн гэрийг эзгүй үед нь орж хөргөгчнөөс нь гинж, ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шүүх шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар гудамж 273 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрмаагийн эмэгтэй хүний монетон гинж 8.9 грамм, монетон бөгж 3.6 грамм, монетон бөгж 1 грамм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.755.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Дэлгэрмаагийн: “...Би явахдаа хөргөгчинд монетон гинж, бөгж зэргийг хөргөгчний дотор талд хамгийн дээд талын нүдэнд таглаад орхисон байсан. Гэхдээ манайх эзэнгүй үлдээгүй, том хүү болох Г.Ган-Эрдэнэ 13 настай үлдсэн. Тэгээд өнөөдөр хөргөгчиндөө ааруул, сүү хийхдээ хараад байхгүй болохоор нь нөхрөөсөө асуухад мэдэхгүй гээд, ээж болох Ж.Баттсайханаас асуухад манай хүргэн Оргодлын А 50.000 төгрөг бэлнээр бас алга болсон гэж ээжид бас хэлсэн байсан. Гэхдээ хүргэн ******* нээх тоохгүй байсан гэж хэлсэн. Манай хашаа бол эзэнгүй байгаагүй, хашаандаа манай хүргэн *******, аав Ш.Даваадоржийнх цуг байдаг юм. Намайг хөргөгчиндөө монетон эдлэлээ хийж хадгалдагийг манай нөхөр П.Ганхуяг мэднэ. Өөр хүмүүс бол мэдэхгүй. Өөр эд зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Дэлгэрмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч ******* нь хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман дээшгүй цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР