| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0730/И |
| Дугаар | 00789 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 00789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 21-19 тоотод оршин суух Харуул овогт Балжиннямын Отгонтуяа /МА92030705/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 26-02 тоотод оршин суух Тогоруутан овогт Алтанцэцэгийн Бямбацогт /РГ89091533/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Б.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие А.Бямбацогттой 2011 оноос үерхэж байгаад 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Дөлгөөн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Амьдарч байх хугацаанд үргэлж хэрүүл маргаантай, салж нийлэн амьдарч байсан. Охин минь хүртэл байнгын түгшүүртэй амьдардаг байсан. 2016 оны 5 сараас хойш тусдаа амьдарч байна. Мөн Бямбацогт нь өөр хүнтэй цуг амьдарч байгаа. Иймд бид цаашид хамтран амьдрах ямарц боломжгүй болсон тул 2013 оны №0178581 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би охин Дөлгөөнийг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч А.Бямбацогт шүүхэд гаргасан тайлбартаа: Бид гэр бүл болоод 3 жил болсон бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. Эхнэр бид хоёр 2016 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хоёулаа тус тусдаа өөр амьдралтай болсон тул цаашид нэг гэр бүл болж амьдрах боломжгүй болно. Хүүхэд маань ээж дээрээ байгаа учир хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн талаар маргаангүй болно гэжээ.
Хариуцагч А.Бямбацогт шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Би Өмнөговь аймаг руу уул уурхайн хувийн компанид маш удаан хугацаанд хөөцөлдсөний эцэст 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шинээр ажилд орохоор болсон, тасалж хожигдож болохгүй гэсэн тул 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонтуяа нь хариуцагч А.Бямбацогтод холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0178581 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Дөлгөөн төрсөн болох нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №0000892998-446 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч А.Бямбацогт нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Б.Дөлгөөнийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, охин Б.Дөлгөөн нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Дөлгөөнийг эх Б.Отгонтуяагийн асрамжид үлдээж, эцэг А.Бямбацогтоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 29.534 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Дөлгөөнд Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийт 99.734 төгрөгийг нэхэмжлэгч Б.Отгонтуяад олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч А.Бямбацогт нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон