Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/688

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цт холбогдох эрүүгийн 2008 ......... ......... дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түгээлтийн машин барьдаг ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт ......... дүүргийн ...... дугаар хороо, .................... дугаар хэсэг, ......... тоотод оршин суудаг, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 859 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Б овогт Цы Ц /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ................. тоот хохирогч О.Хгийн түрээсэлж амьдардаг нийтийн байранд “насанд хүрээгүй хохирогч Ц.Бын биеийг илсэн" гэх асуудлаас үүдэн насанд хүрээгүй хохирогч Ц.Бтай маргалдаж улмаар түүнийг хөлөөрөө жийж унагах, өшиглөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн хацар, баруун шанаа, ооч, баруун мөр, баруун тохойд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Ц.Цийн насанд хүрээгүй хохирогч Ц.Быг зодох үед тухайн цаг хугацаанд зодооныг салгах зорилгоор “болиоч хүүхэд аллаа” гэж хэлсэн хохирогч О.Хг заамдаж, хамар, шанаа хэсэгт нь цохисны улмаас түүний биед хамрын нуруу, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд санаатай учруулсан,

Мөн Ц.Цийн хохирогч О.Хг зодох тухайн цаг хугацаанд зодооныг болиулахаар “боль чи яаж байна” гэж хэлэн хохирогч О.Хгийн өмнүүр орсон орсон хохирогч С.Нямжаргалыг тогоогоор нуруу руу нь цохих, эрүү рүү нь гараараа цохих хэвлий рүү нь өшиглөхийг завдах зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, зүүн баруун даланд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулж, насанд хүрээгүй хохирогч Ц.Б, О.Х, С.Нямжаргал нарын эрүүл мэндэд олон тооны шарх гэмтэл учруулах байдлаар онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хоёр түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.Цийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

2. Насанд хүрээгүй хохирогч Ц.Бын “...Х эгчийн гэрт иртэл Х эгчийнд Нямжаргал, Х, Хгийн нөхөр Гантулга ах нар байсан юм. Тэгээд бид нар хоол идээд хажуугаар нь Ц, Гантулга бид архи, пивоноос хольж уусан. Харин Х эгч, Нямжаргал хоёр ганц хоёр аяга пиво уусан юм. Тэгээд нэлээн согтсоны дараа Х эгчид Ц миний бие хаа илээд байсан гэж хэлтэл Ц “би тэгээгүй шүүдээ, худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун хацар руу нь гараараа нэг удаа алгадсан юм. Тэгсэн хажуугаас Х эгч Цт хандаж “чи яахаараа миний дүүгийн бие хааг илдэг юм бэ” гэж хэлж байсныг санаж байна. Тэрнээс хойш яг юу болсныг санахгүй байна. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх16-20/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3548 дугаар “...Ц.Бын биед зүүн хацар, баруун шанаа, ооч, баруун мөр, баруун тохойд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх67-68/,

4. Хохирогч О.Хгийн “...Тэр үед манай гэрт нөхөр Гантулга, найз Нямжаргал бид гурав байж байсан юм. Тэгээд бид дөрөв Бын авч ирсэн пивыг хувааж уусан юм. Удалгүй Б найз залуу Цтэй маргалдаад Ц Бын хэвлийн хэсэг рүү хөлөөрөө нэг удаа жийх үед Б хойшоо их хүчтэй унасан юм. ...Тэр үед Нямжаргал, Б, Ц нарыг боль гэж хэлтэл Ц ирээд Бын нүүр, хэвлий хэвлийн хэсэг газар руу нь олон удаа хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байхаар нь би босоод Цийг чи болиоч хүүхэд аллаа шүү дээ. Чиний буруу юм байгаа биз дээ эмэгтэй хүүхдийг битгий зодоод бай гэхэд Ц намайг заамдаж байгаад баруун гараараа миний хамар руу 3 удаа цохих үед Нямжаргал Цийг боль чи яаж байна гэж хэлээд миний урдуур ортол Нямжаргалыг Ц толгойгоор нуруу хэсэг рүү нь цохиж байгаад зүүн талын эрүү орчим гараараа нэг удаа цохичхоод Нямжаргалын хэвлийн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх гэтэл би дундуур нь боль гэж хэлэхэд миний хоёр талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон юм. Тэр үед Б Цт цохиулаад ухаан алдчихсан байхаар нь би очоод босоорой гэж хэлтэл сэрэхгүй байсан юм. Тэр үед Ц гадаа байж байгаад буцаж орж ирээд Быг дахин зодож эхэлсэн юм. Удалгүй Ц манай гэрээс гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх31-33/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3611 дугаар “...О.Хгийн биед хамрын нуруу, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх72-73/,

6. Хохирогч С. “...Хгийн танил дүү Б, Бын найз Ц нар нь 1 шил Хараа архи, 2,5 литрийн 2 ширхэг том пиво бариад Хгийн гэрт орж ирсэн юм. Тэгээд Хгийн найз залуу Гантулга, Бын найз залуу Ц нар Хараа нэртэй архи хувааж уугаад хоорондоо танилцаж байсан юм. Тэр үед Ц гэх залуу надад 2 удаа пиво аягалж өгөөд дахиад пиво аягалж өгөхөөр нь би уугаагүй юм. Тэгсэн Б нь Ц гэх залуугийн нүүр рүү нь гараараа алгадах үед Ц гэх залуу Быг хөлөөрөө жийгээд унагаачихсан. Тэр үед Х тэр хоёрыг боль гэж хэлээд салгасан юм. Удалгүй Б, Ц гэх залуутай дахин хоорондоо маргалдаад байхаар нь Х дахиж очиж салгах гэтэл Ц гэх залуу Хг үсдээд доош дарах үед Б Ц гэх залуу дээр очтол Ц гэх залуу Бын толгой хэсэг рүү нь цохих үед Б ухаан алдсан юм. Тэр үед би буйдан дээр утсаа оролдоод сууж байтал Ц гэх залуу Хгийн нүүр хэсэгт гараараа цохиод унагасан юм. Тэгэхээр нь би Ц гэх залууд хандаж чи болиоч гэж хэлээд дундуур нь ортол миний эрүү рүү хөлөөрөө өшиглөх үед нь би эрүүгээ дараад доошоо суутал цахилгаан тогоо аваад миний ар нуруу зүүн дал хэсэгт 2-3 удаа цохиод авахаар нь би айгаад нийтийн байрнаас гараад нийтийн байрны дотор байх нойлд нь орж сууж байгаад буцаад Хгийн гэрт орсон чинь тэр залуу зугтаачихсан байсан. ...Ц гэх Бын нүүр, бие хэсэг рүү нь гараараа олон удаа цохиод байсан. Яг хаана хэдэн удаа, юугаар цохисон гэдгийг нь би санахгүй байна. Ц нь Хгийн нүүр, шанаа орчим гараараа 7-8 удаа цохисон юм. Б, Х нарын биед учирсан хөнгөн гэмтлийг Ц гэх залуу зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх51-53/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3612 дугаар “...С.Нямжаргалын биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, зүүн баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх77-78/,

8. Гэрч А. “...манай охин Х 89471626 гэсэн дугаараас яриад ээж намайг Бтай хамт ирсэн нэг залуу Нямжаргал бид хоёрыг зодоод байна гэсэн. Тэгэхээр нь нөхөр Бат-Очирын хамт шөнө 04 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо ................. тоотод байх нийтийн байрны гадаа нь ирээд машинаасаа буусан чинь нийтийн байрны хашааны гадаа Б байсан. ... нийтийн байрны өрөөнд орж охин Хгийн өрөөнд орсон чинь өрөөний хаалганы түгжээ эвдсэн, гадна талын модон хаалганы цонхыг хагалсан, Хгийн гар утсыг эвдээд цахилгаан тогоо эвдсэн, өрөөний дотор тал нь эмх замбараагүй байсан. ...Манай охин Хгийн хамар нь хавдаж хөхөрсөн, баруун, зүүн шанаа нь хөхөрсөн байдалтай байсан. ...Нямжаргалын эрүү нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх56/,

9. Шүүгдэгч Ц.Цийн яллагдагчаар өгсөн “...Хгийн нөхөр Гантулга гэх хүн согтож эхлээд над руу дайраад агсам тавиад байхаар нь би Гантулгад чи согтчихсон байна. Яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Гантулга гэх залуу намайг уурчлаарай гэж хэлсэн юм. ...Х чи манай нөхрийг яагаад байгаа юм бэ гэхээр нь би танай нөхөр чинь намайг зүгээр байхад агсам согтуу тавиад дайраад байсан биз дээ гэсэн юм. Тэгсэн хажуугаас Б чи манай эгчийг яагаад байгаа юм бэ гэж хэлээд миний толгой, нүүр, хүзүү хэсэг рүү гараараа олон удаа цохиод чимхээд байсан юм. Тэгэхээр нь би Быг гараараа түлхээд цохиж авсан юм. Тэр үед Х, Нямжаргал хоёр чи манай дүүг яагаад цохиод байгаа юм бэ гэж хэлээд над руу дайраад нүд рүү гараа хийх гээд байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд нүүр толгой хэсэг рүү нь гараараа түлхэж байх үедээ тэр хоёрыг гараараа цохиж авсан юм. Тэгээд байж байтал миний толгой руу нэг хүн юмаар цохих шиг болсон юм. Тэр үед Б халуун тогоо барьчихсан намайг цохихоор нь би гараас нь татаж авах үедээ Нямжаргалын нуруу хэсэг рүү нь цохичихсон юм. Тэгээд би гэрээс нь гарах гэтэл намайг явуулахгүй байлгаад надтай хэрүүл маргаан хийх үед би хаалгыг нь дотроос нь онгойлгоод гутлаа өмсөөгүй гэрээс нь гарсан юм. Тэгсэн Хгийн аав, ээж болох Бат-Очир, Орхон гэх хүмүүс ирчихсэн Бат-Очир нь над руу дайраад байхаар нь зүүн гараараа зүүн хацар руу нь гараараа савчихсан юм. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч ирээд намайг гэмтэл согог судлалын үндэсний төвд ирүүлсэн юм. ...Би хийсэн хэргээ хүлээж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх174-180/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц. .

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 9-өөс 10-нд -нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ................. тоотод хохирогч Ц.Б, О.Х, С.Нямжаргал нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Улмаар үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч Ц.Цогбадрах нь хохирогч Ц.Б нар нь маргалдаж улмаар түүнийг хөлөөрөө жийж унаган, цохиж зодсон, мөн хохирогчийг цохиулснаас болж ухаан алдаад сэргэхэд дахин цохиж зодсон,

мөн түүнийг болиулах гэж байсан О.Хг хамар, шанаа хэсэг рүү нь гараараа цохиж зодсон,

мөн салгах гэсэн С.Нямжаргалын эрүү рүү нь гараараа цохиж, нуруу руу нь цахилгаан тогоогоор цохиж зодон хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Энэ нь хохирогч Ц.Бын “...Тэгээд нэлээн согтсоны дараа Х эгчид Ц миний бие хаа илээд байсан гэж хэлтэл Ц “би тэгээгүй шүүдээ, худлаа яриад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун хацар руу нь гараараа нэг удаа алгадсан юм. Тэгсэн хажуугаас Х эгч Цт хандаж “чи яахаараа миний дүүгийн бие хааг илдэг юм бэ” гэж хэлж байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг,

хохирогч О.Хгийн “...Ц Бын хэвлийн хэсэг рүү хөлөөрөө нэг удаа жийх үед Б хойшоо их хүчтэй унасан юм. Тэр үед Нямжаргал, Б, Ц нарыг боль гэж цохиод байсан юм. Тэр үед Нямжаргал, Б, Ц нарыг боль гэж хэлтэл Ц ирээд Бын нүүр, хэвлий хэвлийн хэсэг газар руу нь олон удаа хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байхаар нь би босоод Цийг чи болиоч хүүхэд аллаа шүү дээ. Чиний буруу юм байгаа биз дээ эмэгтэй хүүхдийг битгий зодоод бай гэхэд Ц намайг заамдаж байгаад баруун гараараа миний хамар руу 3 удаа цохих үед Нямжаргал Цийг боль чи яаж байна гэж хэлээд миний урдуур ортол Нямжаргалыг Ц толгойгоор нуруу хэсэг рүү нь цохиж байгаад зүүн талын эрүү орчим гараараа нэг удаа цохичхоод Нямжаргалын хэвлийн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх гэтэл би дундуур нь боль гэж хэлэхэд миний хоёр талын шанаа хэсэг рүү 1 удаа цохисон юм. Тэр үед Б Цт цохиулаад ухаан алдчихсан байхаар нь би очоод босоорой гэж хэлтэл сэрэхгүй байсан юм. Тэр үед Ц гадаа байж байгаад буцаж орж ирээд Быг дахин зодож эхэлсэн юм...” гэсэн мэдүүлэг,

хохирогч С. “...Тэгсэн Б нь Ц гэх залуугийн нүүр рүү нь гараараа алгадах үед Ц гэх залуу Быг хөлөөрөө жийгээд унагаачихсан. Тэр үед Х тэр хоёрыг боль гэж хэлээд салгасан юм. Удалгүй Б, Ц гэх залуутай дахин хоорондоо маргалдаад байхаар нь Х дахиж очиж салгах гэтэл Ц гэх залуу Хг үсдээд доош дарах үед Б Ц гэх залуу дээр очтол Ц гэх залуу Бын толгой хэсэг рүү нь цохих үед Б ухаан алдсан юм. Тэр үед би буйдан дээр утсаа оролдоод сууж байтал Ц гэх залуу Хгийн нүүр хэсэгт гараараа цохиод унагасан юм. Тэгэхээр нь би Ц гэх залууд хандаж чи болиоч гэж хэлээд дундуур нь ортол миний эрүү рүү хөлөөрөө өшиглөх үед нь би эрүүгээ дараад доошоо суутал цахилгаан тогоо аваад миний ар нуруу зүүн дал хэсэгт 2-3 удаа цохиод авахаар нь би айгаад нийтийн байрнаас гараад нийтийн байрны дотор байх нойлд нь орж сууж байгаад буцаад Хгийн гэрт орсон чинь тэр залуу зугтаачихсан байсан. ...Ц гэх Бын нүүр, бие хэсэг рүү нь гараараа олон удаа цохиод байсан. Яг хаана хэдэн удаа, юугаар цохисон гэдгийг нь би санахгүй байна. Ц нь Хгийн нүүр, шанаа орчим гараараа 7-8 удаа цохисон юм. Б, Х нарын биед учирсан хөнгөн гэмтлийг Ц гэх залуу зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Цийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын биед “зүүн хацар, баруун шанаа, ооч, баруун мөр, баруун тохойд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3548 дугаар дүгнэлтээр,

Хохирогч О.Хгийн биед “хамрын нуруу, зүүн шанаа, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, баруун шууны цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3611 дугаар дүгнэлтээр,

Хохирогч С. биед “тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун бугалга, зүүн баруун даланд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3612 дугаар дүгнэлт зэргээр тус тус нотлогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Б, О.Х, С.Нямжаргал нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх192-195/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг 2-оос дээш хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мөн хохирогч нарыг зодож цохисон үйлдэл удаан хугацаанд үргэлжилсэн байдлыг харгалзан онц харгис хэрцгийгээр гэж хүндрүүлсэн нь хэргийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хоёр ба түүнээс дээш хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгч Ц.Цийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цы Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хоёр ба түүнээс дээш” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР