| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00115/И |
| Дугаар | 296 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 296
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар С.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Д.Лувсандамбад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчөөс ногдох хэсгийн гаргуулах” -ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1986 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхитын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 109 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй
Саарал овгийн Сэнгэдоржийн Нямсүрэн
регистрийн дугаар:МЮ- 86031608
Хариуцагч:
Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1978 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхитын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 109 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг
Харчин овгийн Дашцогтын Лувсандамба
регистрийн дугаар:ДО- 78101017
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: С.Нямсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...С.Нямсүрэн миний бие нь 2006 оны 07 дугаар сарын 13-нд Д.Лувсандамбатай танилцан улмаар 2006 оны 08 дугаар сарын 14-нд гэрлэлтийн 211 дугаар тоот баталгаагаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 4 дүгээр сарын 3-нд охин Энхжин, 2013 оны 01 сарын 01-нд хүү Пүрэвтогтох нар төрсөн бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 06 дугаар сарын 02-ноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеээс хойш хүү, охин 2 маань миний асрамжинд амьдарч өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!.
Хоёр хүүхдийг минь миний асрамжинд үлдээж эцэг Д.Лувсандамбаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү!. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 109 тоот хашаа байшин, “Хонда пит” маркын суудлын автомашинаас өөрт болон 2 хүүхдэдээ ноогдох хэсгийг гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч С.Нямсүрэн 2017 оны 04 дүгээр сарын 13-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... “Хонда пит” маркийн суудлын автомашинаас өөрт болон 2 хүүхдэдээ ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.
Нэхэмжлэгч: С.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
… Би Д.Лувсандамбатай 2006 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байсан. Хамт амьдраад 10 жил болсон. 2008 оны 04 дүгээр сарын 03-нд охиноо төрүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын 29-нд хүүгээ төрүүлсэн. 10 жил хамт амьдарч байхад бидний хооронд ямар нэгэн хэрүүл гардаггүй байсан. Хамт амьдарсан 10 жилийн сүүлийн хоёр жилд нь Д.Лувсандамбын ааш зан эвдэрч архи уудаг болсон. Архи ууж ирээд агсам тавьж хэрүүл байнга гардаг болсон. Хэрэлдэхдээ намайг “гэртээ очиход зайлсан байгаарай” гэж хэлж байсан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 11 цагийн үед миний утсанд мессеж ирсэн. Тэр мессежнээс болоод хэрүүл үүссэн. Тухайн үед орондоо хэвтэж байсан тэгээд ч аав, ээж хажууд байсан болохоор би хэрүүл хийхийг хүсэхгүй байсан. Тэгээд хэвтэж байтал намайг орноос чирч босгоод машиндаа суулгаад ойн бэлд авч ирээд үсдэж чирээд машинаараа “дайрч ална” гэж араас хөөсөн. 2016 оны 06 дугаар сарын 02-нд би хоёр хүүхдээ аваад Эрдэнэт явсан. Д.Лувсандамба “намайг ирэхэд бүх юм аа аваад зайлсан байгаарай” гэж хэлсэн болохоор би аав, ээжийгээ ч гэсэн аваад явсан. Тэр үед би бөөгийн шавьтай болох гэж байсан юм. Хээр 3 хоног бөөлж дуусчихаад ахынхаа хашаанд буугаад шавийнхаа цээр хоногийг дуусгаад байж байтал Д.Лувсандамба ирж хардаж сэрдээд агсам тавьсан. Сүүлдээ орой үдэш байнгын хэрүүлтэй болж ах, дүү нарыг маань ч гэсэн байнга хэл амаар доромжилдог болсон. Салаад 9 сар орчим болж байна. Энэ хугацаанд байнга утсаар дарамталдаг байсан. Одоо миний бие Д.Лувсандамбатай амьдрах ямар ч боломж байхгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдэд маань тэтгэлэг тогтоож дундын өмчийн эд хөрөнгөнөөс хүүхдүүд болон надад оногдох хэсгийг хуваарилж өгнө үү!.
...Би бодлоо хэрэв Д.Лувсандамба ямар нэгэн асуудал гаргахгүй хүүхдүүдээ асран хамгаалж чадна гэвэл түүний асрамжинд өгөхөд татгалзах зүйл алга. Харин асран хамгаалж чадахгүй байдал бий болсон тохиолдолд хүүхдүүдээ би өөр дээрээ авах саналтай байна...гэв.
Хариуцагч: Д.Лувсандамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…Нэхэмжлэгчийн ярьсанаар бид хоёр хамт амьдраад 10 жил болсон байна. Би зуны дулаан саруудад хүүхдүүдээ хажуудаа аваад ажил хийдэг байсан. Хүүхдүүдийн маань цэцэрлэг сургууль орох үеэр ээжид нь хүргэж өгчихөөд өөрөө ажлаа хийгээд үлддэг байсан. Хотод 10 сар гартал ажилладаг байсан. 10 сар өнгөрсний дараа буюу хүйтний улиралд Сэлэнгэ аймагт ирж таксинд явж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Бидний гэр бүл маш боломжийн амьдарч байсан. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр охин маань яриад “аав хүүхдийн баяр болох гэж байна, та ирнэ биз дээ” гэхэд би “аавынх нь цалин буухгүй байна цалин буувал очно” гэсэн хэлсэн. Тэгэхэд охин маань “та заавал ирээрэй ээж, дүү бид 3 таныг хүлээж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 30-31 үед Сэлэнгэд ирсэн. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхнэр хүүхдүүдээ дагуулаад гадуур жаахан явсан. Тэр өдөр би архи дарс уугаагүй байсан. Тэр өдрийн оройн 11 цагийн үед бид нар амрах гээд хэвтэж байхад эхнэрийн утсанд нэг мессеж ирсэн. Би эхнэрээсээ энэ хэн юм бэ? гэж асуухад мэдэхгүй дугаар байна гэж хэлсэн. Би тэр дугаар луу нь С.Нямсүрэнгийн өмнөөс “чи намайг таньж байгаа юм уу гэсэн мессеж явуулахад” хариуд нь “таньж байна чи Нямка л байна ш дээ, би чамайг их санаж байна, би чамайгаа гэртээ хүлээгээд хэвтэж байна, чамайгаа нүцгэн биеэр чинь тэвэрмээр байна” гэсэн хариу ирүүлсэн.
Тэр өдөр хадам аав, ээж болон С.Нямсүрэнгийн хамаатны нэг залуу манайд байсан.
Миний уур хүрээд С.Нямсүрэнг аваад гарсан. Гэхдээ би машинаараа дайрч алах гэж авч гараагүй. Хоёулаа эгч дээр чинь очъё” гэж би хэлсэн. Би амьдралаа бодоод явж байхад чи ингэж явж болж байгаа юм уу? энэ мессежийг чинь ах, эгч хоёрт чинь үзүүлнэ” гэж би хэлсэн. Тэгээд замд явж байтал мессеж бичсэн залууг “танихгүй” гэж байгаад сүүлдээ нөгөөдхөө таньдаг болоод над руу мессеж бичээд байдаг юм аа” гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд нэг удаа цохьсон нь үнэн. Нэг цохиход С.Нямсүрэн зугтаасан. Зугтааж байхад нь би машинаараа дайраад алчихна шүү! гэж хэлсэн боловч ямар нэгэн зүйл бодоогүй уурандаа л тэгж хэлсэн. Тэгээд хөөж гүйцэж барьж аваад машиндаа суулгаж байгаад ярилцаж ямар учиртай месаеж болох талаар асуусан. Энэ үйл явдлаас өмнө 7-8 жилийн бас иймэрхүү зүйл болж байсан тэр үед ямар нэгэн хэрүүл болоогүй. Гэтэл тэр хүнтэй харьцаж байсан гэж хэлсэн. Миний хувьд 7-8 жил зүгээр нэг месаежээр харьцаад байсан гэхэд итгэхгүй байна. С.Нямсүрэн утсандаа ирсэн месаежээ тэр дор нь устгасан байсан. Маргааш нь С.Нямсүрэнг дагуулаад эгч дээр нь очиж уулзах гээд явахад хадам ээж хамт явсан. С.Нямсүрэнгийн эгчийнд нь очиход хадам ээж намайг “чи эндээс яв” гэж хэлсэн би жаахан уусан байсан болохоор 2 хүүхдээ аваад Эрдэнэт рүү явсан. Эрдэнэтээс буцаад ирэхэд С.Нямсүрэн нэг залуутай унтаж байсан. Тэр үед нь ээж нь ч гэсэн байсан. Би “энэ юу болоод байна аа” гээд очоод өшиглөхөд намайг согтуу байна гээд тэр залуутайгаа нийлж зодоод эрүүлжүүлэхэд өгчихсөн. Маргааш нь би цагдаагийн дэслэгчид намайг ийм болгосон гэж хэлсэн. Гэхдээ би ямар нэгэн гомдол гаргаагүй. Түүнээс хойш би найз нөхдийгөө дагуулаад С.Нямсүрэнтэй уулзаж учраа олох гэж Сэлэнгэд 5 удаа ирсэн. Хадам аав бидний амьдралд нэг их ороод байдаггүй “та хоёр эв зүйгээр учраа олох хэрэгтэй” гэдэг талаас нь л хэлдэг. Харин хадам ээж бол “би чамтай охиноо суулгахгүй” гэж хэлдэг байсан. Тийм болохоор би С.Нямсүрэнтэй эвлэрэх бодол алга. Намайг хотод байхад охин минь надтай яриад ааваа би ээжийгээ дагах уу таныг дагах уу? Ээжийгээ дагна гэвэл та гомдох уу гэхэд нь би аав нь гомдох л байхдаа гэсэн. Тэгсэн чинь таныг “дагна” гэвэл ээжтэйгээ уулзаж байж болох уу? гэж асуусан. Тэгэхээр аав нь “охиноо ээжтэй нь хүссэн үед нь уулзуулж байна” гэдгээ хэлсэн. Өчигдөр намайг харчихаад хэнийг нь дагах талаар бодох сөхөөгүй надтай тоглож эрхлээд байсан. Өдөр хичээл тарахаар “хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Би эндээс гараад охин дээрээ очиж багштай нь уулзана. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин би С.Нямсүрэнд хүүхдүүд маань чи бид хоёрын дунд ирэн очин байж байг. Над дээр байна гэсэн үед би аваад чам дээр очъё гэсэн үед нь чам руу явуулаад байя гэсэн санал тавьсан. Гэхдээ охиноо С.Нямсүрэнтэй хамт байлгаж чадахгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл С.Нямсүрэнг өөр хүнтэй суух гэж байгаа гэж сонссон. Би охиноо хойд эцгийн гар харуулмааргүй байна.
С.Нямсүрэн одоо хүүхдүүдтэйгээ аавындаа байгаа болохоор би хашаа байшингаа эхнэртээ үлдээж, харин хүүхдүүдээ өөр дээрээ үлдээмээр байна... гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Нямсүрэн, хариуцагч Д.Лувсандамба нар нь нэхэмжлэлийн зарим шаардлага дээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээ
Нэхэмжлэгч С.Нямсүрэн нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Д.Лувсандамба миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хашаа байшинг хуваахгүй С.Нямсүрэнд өгч, хоёр хүүхдээ тэтгэвэр төлөхгүй, миний асрамжинд үлдээж, хэрэв миний бие асран хамгаалж чадахгүй тохиролдолд эхийнх нь асрамжинд шилжүүлэхээр тохиролцон эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэхэмжлэгч /гарын үсэг/ С.Нямсүрэн
Хариуцагч /гарын үсэг/ Д.Лувсандамба гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.Нямсүрэн нь Д.Лувсандамбад холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хувийг авах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2006 онд танилцан улмаар гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 03-нд охин Л.Энхжин, 2013 оны 01 дүгээр сарын 01-нд хүү Л.Пүрэвтогтох нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан С.Нямсүрэн, Д.Лувсандамба нарын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Г-211, №0054115 дугаартай “Гэрлэлтийг баталгаа”-ны хуулбар, мөн байгууллагаас охин Л.Энхжин, хүү Л.Пүрэвтогтох нарыг бүртгэж олгосон “Харчин овгийг Лувсандамбын Энхжин, 2008 оны 04 дүгээр сарын 03-нд төрсөн” гэж олгогдсон Г-139, № 0134089 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар, “Харчин овгийг Лувсандамбын Пүрэвтогтох , 2013 оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн” гэж олгогдсон Г-08, № 0000849317 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.Нямсүрэн нь шүүхэд “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хувийг авах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.Лувсандамба нь “гэрэлэлт цуцлах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг талаар харилцан тохиролцож хариуцагч нь “ дундын өмч болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 109 тоотод байршилтай С.Нямсүрэн, Д.Лувсандамба нарын өмч болох, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000028061 дугаартай, Ү-1317007015 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг С.Нямсүрэнгийн өмчлөлд үлдээж, бага насны хоёр хүүхдийг өөрийн асрамжинд авч, СНямсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй” гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид хэн аль нь гарын үсэг зурж баталгуужуулсан байна.
Зохигчид нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгсдийн хэн аль нь гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, тэдний хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчийг хуваах талаар харилцан тохиролсон, бага насны хүүхдүүд болох Л.Энхжин, Л.Пүрэвтогтох нарыг эцэг Д.Лувсандамбын асрамжинд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн хуулинд зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны хүүхдүүд болох Л.Энхжин, Л.Пүрэвтогтох нарыг эцэг Д.Лувсандамбын асрамжинд үлдээж, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 109 тоотод байршилтай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000028061 дугаартай, Ү-1317007015 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг С.Нямсүрэнгийн өмчлөлд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Нямсүрэнгийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь маргаж байгаа эд хөрөнгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж 17043 төгрөг төлөхөөс
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхийг тус тус дурдах нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ажилтай Саарал овгийн Сэнгэдоржийн Нямсүрэн, Харчин овгийн Дашцогтын Лувсандамба нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 03-нд охин Л.Энхжин, 2013 оны 01 дүгээр сарын 01-нд хүү Л.Пүрэвтогтох нарыг эцэг Д.Лувсандамбын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 109 тоотод байршилтай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000028061 дугаартай, Ү-1317007015 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг С.Нямсүрэнгийн өмчлөлд шилжүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэгийг талаар маргаангүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн оролгод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГазрын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ