Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/922

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ат холбогдох эрүүгийн 2108 ..... .... дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ......... дугаар ангид гагнуурчин ажилтай, ам бүл 6, охин, хүргэн, зээ нарын хамт ........ дүүргийн 4 дүгээр хороо, ........... дүгээр гудамжны ......... тоотод оршин суудаг, урьд:

- Ардын армийн шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын ардын тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 198 дугаар зарлигийн 3 дугаар зүйлийн А-д зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын тал хувь буюу 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

- Багануурын районы ардын шүүхийн 1982 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 109-б-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулж үлдсэн 10 сар 23 хоногийг нэмж нэгтгэн нэмж нийт 2 жил 10 сар 23 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

- Төв аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн шүүхийн 1983 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар хөрөнгө хураах, нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 153 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 30 дугаар зүйлийг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түрүүчийн тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 12 хоногийн ялаас 1 жилийг нэмж 6 жилийн  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

- Хэнтий аймгийн 6 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 6/14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

Х овогт Шгийн А /РД:.................../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ........................... тоотод хохирогч Г.Бтай “хямдхан муу архи авлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний хөл, цээж, толгой, нүүрэн тус газруудад нь модон сандал, DVD тоглуулагч болон гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 838 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ш.Аыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Баас гаргаж өгсөн модон сандал, DVD тоглуулагч зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд  /хх5-7/,

2. Хохирогч Г.Бын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх34-45/,

3. Хохирогч Г.Бын “...2021 оны 7 дугаар сарын 16-ны 16 цагийн орчим А өвөртөө Экс нэртэй 0.5 литрийн архи хийчихсэн манай гэрт орж ирсэн. Найз болохоор би ч бас нэг шил Их Монгол нэртэй 0.75 литрийн архи аваад Атай хамт хувааж уусан. ...Бид хоёр нэлээн согтчихоод муудалцсан. Юунаас болсон гэдгээ санахгүй байна. Тэгээд бид хоёр барилцаж аваад ноцолдсон. Тэгээд А нь архи, аягаа тавьчихсан байсан сандал барьж аваад миний толгой цээж рүү олон удаа цохисон. Тэгээд би орны хажууд унахад зурагтын DVD уншуулагчаар миний эрүү хэсэгт цохисон. Тэгээд би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх12-13/, “...Тэгээд архиа ууж байгаад А нь намайг хямдхан муу архи авлаа гээд үг хаяад байсан. Тэгээд бид 2 маргалдах болсон. Тэгээд бид хоёр бие биедээ хорон үг хэлж эхлээд хэсэг хугацааны дараа А уурлаад босож ирээд намайг зодсон. А нь угаасаа их түргэн ууртай хүн юм...” гэсэн мэдүүлэг /хх15/,

4. Гэрч Б. “...2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 30 минутын үед гэртээ ирээд хоолоо идчихээд унтах гэж байхад манай эхнэр надад аавын найз нь ирсэн байгаа гэж хэлсэн. ...Аавын гэрт тэр найзаас нь өөр хүн байхгүй байсан гэсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр 21 цагийн үед хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгтэл 22 цаг 30 минутын үед манай гэрийн хаалгыг хүчтэй нүдсэн. Тэгээд би “хэн бэ” гэхэд нэг эрэгтэй хүн “аав чинь  амиа хорлочихлоо Арслан ах нь байна” гэсэн. Тэгээд би аавын гэр рүү ороход аав шалан дээр дээшээ хараад хэвтсэн. Нүүрэн тус газар нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгээд би эмнэлэг цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх28-29/,

5. Гэрч Г. “...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо ...........................  тоот өөрийн гэртээ 21 цагийн орчим банштай ногоотой шөл хийчхээд Б, А нар архи ууж байхаар нь хийсэн хоолноосоо 2 нь аягалж өгөөд гэрт нь оруулж өгсөн. ... А, Б нар нь архиа уугаад үлдсэн. ...Тэгээд 22 цаг 30 минутын үед А нь манай хаалгыг нүдээд аав чинь амиа хорлочихлоо гэсэн. Тэгээд би аавынх руу ороход аав болох Б ухаангүй нуль цус болчихсон байхаар нь би түргэн тусламж дуудсан. ....А, Б нар л байсан. Өөр хүн орж гараагүй. Тэр хоёр л архи уугаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх31-32/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6522 дугаар “...Г.Бын биед баруун дээд 2, 3 зүүн доод 1, баруун доод 1, 2 дугаар шүдний булгарал, түүшин сэртэнгийн хугарал, доод уруул, эрүүнд шарх, зулайн зүүн урд хэсэг, духны гол баруун хэсэг, зүүн нүдний гадна дээд хэсэгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, эрүү, хүзүү, өвчүү, баруун цавь, гуяны урд ба дотор дээд хэсэгт цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үүдэн таван шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх47-48/,

7. Шүүгдэгч Ш.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ...........................  тоотод Г.Бын гэрт архи уух гэж очсон. Би 0.5 Экс нэртэй архи аваад очсон. Тэгтэл Г.Б нь “найз ирлээ” гэж дэлгүүр яваад 5000 төгрөгийн 0.5 литрийн хямдхан архи авсан байсан. Тэгэхээр нь би Г.Бад хөндөж “чи ийм новшийн архи битгий авч ууж бай” гэж хэлээд бид 2 маргалдаад нүүр, толгой, цээж хөл рүү нь модон сандал, DVD тоглуулагч болон гараараа хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор ямар дарааллаар цохиж зодсоноо санахгүй байна. ...Би хохирогч Г.Бтай сайн дураараа эвлэрээд уучлалт гуйж эмчилгээний зардал болох ор хоногийн мөнгө 106.000 төгрөг өгсөн. эмчилгээнд нь 45.000 төгрөгөөр эм шархны лент боолт зэргийг авч өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг өгч хохирол нөхөн төлбөрөө бүрэн барагдуулсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоо гомдол саналгүй болгосон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх59/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ш.А.

Шүүгдэгч Ш.А нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.А, хохирогч Г.Б нар нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо ...........................  тоот буюу Г.Бын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар Ш.А нь Г.Бын нүүр, толгой, цээж хэсэг хүү модон сандал, DVD тоглуулагчаар болон гараараа цохиж зодсон үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Бын “...Бид хоёр нэлээн согтчихоод муудалцсан. Юунаас болсон гэдгээ санахгүй байна. Тэгээд бид хоёр барилцаж аваад ноцолдсон. Тэгээд А нь архи, аягаа тавьчихсан байсан сандал барьж аваад миний толгой цээж рүү олон удаа цохисон. Тэгээд би орны хажууд унахад зурагтын DVD уншуулагчаар миний эрүү хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бямбахүү, Г.Азжаргал нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Ш.Аын шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Бын биед “...баруун дээд 2, 3 зүүн доод 1, баруун доод 1, 2 дугаар шүдний булгарал, түүшин сэртэнгийн хугарал, доод уруул, эрүүнд шарх, зулайн зүүн урд хэсэг, духны гол баруун хэсэг, зүүн нүдний гадна дээд хэсэгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, эрүү, хүзүү, өвчүү, баруун цавь, гуяны урд ба дотор дээд хэсэгт цус хуралт, дух, хамарт зулгаралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6522 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн /хх112/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  Шүүгдэгч Ш.А нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат 1500 нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР