Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 875

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э, С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч С.Аын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э, С.А нарт холбогдох эрүүгийн 1708005490127 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овогт Б. Э, 1973 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 4 дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух тодорхой хаяггүй гэх,

Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 561 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:...../,

2. Б овогт С.А, 1981 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны  тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 302 тоот, иргэн Д.Тгийн орон сууцны зочны өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн З.Ундрахын 9.790.000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны барааг хулгайлсан гэмт хэрэгт,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах иргэн Т.Бийн эзэмшлийн хувийн орон сууцны цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч, компьютерийн процессор, цэнхэр хар өнгийн залгуур хоёр ширхэг, ном зэрэг эд зүйлс хулгайлж, 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Э, С.А нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 10 дугаар орцны 2 давхарт байрлах иргэн Э.Бын ажлын өрөөний хаалганы цүүг эвдэн нэвтэрч, сантехникийн багаж, ТСL загварын 32 инчийн LCD зурагт зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 287.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Б.Эыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж нийт гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Б овогт С.Аыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эад дөрвөн жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Ад хоёр жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эын цагдан хоригдсон гуч хоногийг мөн хугацаагаар тооцож, түүний эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 10.053.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Тд 9.790.000 төгрөг, хохирогч Т.Бид 120.000 төгрөг, хохирогч П.От 96.000 төгрөг, хохирогч Э.Бт 47.700 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 Хохирогч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Э.Б нь С.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн авсан, гэм хор арилсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд шүүгдэгч С.Ад хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бага, нийгмийн хор аюул зэргийг харгалзан тухайн зүйлд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Миний бие ам бүл хоёулаа, эгчийн хамт амьдардаг. Эгчтэйгээ хамт хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Ийм гэмт хэрэгт холбогдож, ажиллаж, хөдөлмөрлөх насан дээрээ өргөст торны хаалга татаж, амьдралдаа нэгэн хар толбо үлдээж, ял эдэлж байгаадаа маш их харамсаж сууна.

Миний бие гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад нэг удаа боломж олгон хорих ялаас багасган ял оногдуулж өгөхийг хүсч байна. Миний бие цаашид ийм алдаа дахиж хэзээ ч гаргахгүй, алдаагаа засаж, шударга хөдөлмөрөөр амьдрах болно.

Миний бие эхнэр Ч.А, охин А.А, хүү Ч.Э нарын хамт амьдардаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Аын хувьд мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад тухайн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

С.Аын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн...” зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

С.А хувийн байдлын хувьд, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг бөгөөд эгчтэйгээ хамт барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

1. Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 302 тоот, иргэн Д.Тгийн орон сууцны зочны өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, иргэн З.У 9.790.000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны барааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  хохирогч Д.Т /1хх-58/, гэрч Т.М /1хх-38-41/, Б.Г /1хх-46-47/,  Г.Н /1хх-155/, Г.Б /1хх-116/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-6-7/, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-12/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-13-14/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-61-67/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн СХЗ-18-46 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2хх-86/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Мөн шүүгдэгч Б.Э нь  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах иргэн Т.Бийн эзэмшлийн хувийн орон сууцны цонхны хаалт төмрийг эвдэн нэвтэрч, компьютерийн процессор, цэнхэр хар өнгийн залгуур хоёр ширхэг, ном зэрэг эд зүйлс хулгайлж, 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 хохирогч Т.Б /1хх-149-150/, гэрч А.О /1хх-151/, Г.Б /1хх-152/, шүүгдэгч Б.Э нарын мэдүүлэг /1хх-164-165/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-138-142/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-144-146/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /1хх-167/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Б.Э, С.А нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 12 дугаар байрны 10 дугаар орцны 2 давхарт байрлах иргэн Э.Бын ажлын өрөөний хаалганы цүүг эвдэн нэвтэрч, сантехникийн багаж, ТСL загварын 32 инчийн LCD зурагт зэрэг эд зүйлс хулгайлж, 287.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б /1хх-203-205/, П.О /1хх-209-211/, шүүгдэгч Б.Э /2хх-6-7/, С.А нарын мэдүүлэг /2хх-4-5/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-192-199/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн СХЗ-18-171 дугаартай дүгнэлт /2хх-93/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын  мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э нь ганцаараа болон С.Атай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Б.Эад оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч С.А нь хохирогч Э.Бт учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал,  хохирогчийн “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдол зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар С.Ад  анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг багасгав.

Иймээс хохирогч Э.Б болон шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч О.Баярбасгалан нарын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “2” дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эад дөрвөн жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Ад хоёр жилийн хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй” гэснийг

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эад дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Ад нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

 

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ