Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0073

 

 

 

"Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч "Т" ХХК-ийн захирал Д.Байгалсүрэн, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 628 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, "Т" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах.

Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дахь Намир нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж өргөдлийн бүртгэлийн /ХА-18066/ дугаарт бүртгүүлсэн юм. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох өргөдөл хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Манай компани энэ шийдвэрийг нь буруу гэж үзээд холбогдох хуулийн заалтыг үндэслэн, тодорхой тайлбартайгаар дахин хянуулахаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга н.Чинбаатарт болон Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа нарт өргөдлөөр олгох боломжгүй болсон шалтгааныг шалгах хүсэлтийг шат дараалан тайлбар мэдэгдэлтэйгээр өгсөн боловч дараах хариултыг өгдөг бөгөөд эдгээр шийдвэрийн хариу нь манай өргөдлийн шаардлагыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасантай нийцүүлээгүй, талбайн тодорхой хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.5 дахь заалтуудыг дурдсан нэг л утга бүхий хариулт өгдөг юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.5 дахь заалтууд нь манай өргөдлийн талбайд хамрагдах үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д улсын хилээр хиллэсэн бол, 17.3.5-д хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц бүхий газар гэж заасан байдаг. Эдгээр заалтууд нь манай өргөдлийн талбайд ямар ч хамааралгүй ба харин манайд хамаарах хуулийн заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалт бөгөөд энэ нь энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй байх, энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбайтай гэж заасан заалтыг нийцүүлэн өргөдлөө гаргасан.

Манай өргөдлийн талбайн зүүн талын хязгаар нь 5, 6 дугаар цэгүүдээр хязгаарлагдаж байгаа ба талбайг дөрвөн өнцөгтөөр бодож авахаар бол дөрвөн өнцөгтөд 5 дугаар цэгийн хойд талд багтаж байгаа гурвалжин хэсэг, талбайн орон зай нь өргөдлийн талбайгаас тусдаа талбай болох учир энэ нь харин Ашигт малтмалын тухай хуулийг зөрчих тул энэ гурвалжин талбайг авах ямар ч боломжгүй.

Энэ гурвалжин хэсэг талбайг заавал дөрвөн өнцөгтөд багтааж авах талаар Ашигт малтмалын тухай хуульд ямар ч заалт байдаггүй бөгөөд харин 5 дугаар цэгээс ядаж 001 секундээр илүү гаргаж авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д нийцүүлэн тэгш дөрвөн өнцөгтөд багтааж авах заалтыг зөрчих байсан юм. Гэтэл манайх талбайн баруун талын 5 дугаар цэгийн хязгаарыг 00001 секундээр илүү гаргалгүйгээр 6 дугаар цэгтэй уртрагийн дагуу шууд холбосон тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс талбайг дөрвөн өнцөгтөд багтааж авахуулахаар шахаад байгаа талбайг мэргэжилтнүүдийн шаардлагад нийцүүлэх ямар ч боломжгүй гэж үзээд эдгээр удаа дараагийн тайлбарыг шат дараалан гаргасан боловч хүлээж аваагүй. Манай компанийн удаа дараагийн тайлбарыг шат дараатайгаар хянаж үзэхдээ нэг загварын тайлбар өгөөд байгаа нь:

Энэ гурвалжин талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д нийцүүлэн авахуулахын тулд Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлтийн мэргэжилтнүүдийн зүгээс өргөдлийн талбайг томсгож эсвэл багасгаж ав гэсэн шаардлагыг зохицуулсан ямар ч хуулийн заалт байхгүй тул уг шаардлагыг манай зүгээс зөвшөөрөх үндэслэл байхгүй ба тухайн мэргэжилтнүүд шаардах ч эрхгүй гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын арга барил, туршлагагүй байдал, зураг зүйн байршлыг тогтоох байр зүйн зураг дээр ажиллахдаа хуулийн үндэслэлийг ойлгохгүй байгаагаас шалтгаалан олон компани, аж ахуйн нэгжүүд хохироод байгаагийн нэг жишээ нь энэ юм. Мөн дөрвөн өнцөгтөд багтана гэж байгаа бол хойд талын жижиг дөрвөлжин талбай багтах ба үүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нийцүүлэх гэж байгаа бол яаж авч болохыг мөн тайлбарлаж өгч чаддаггүй. Хэрэв өргөдлийн талбайг хассан ч томсгосон ч ялгаагүй энэ дөрвөлжин талбай үлдэж байгаа тул энэ нь хуулийн заалтад аль ч талаараа зөрчилдөж байгааг мөн тайлбарлаж чаддаггүй.

Шалтгаан нь: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга н.Чинбаатар болон зураг зүйн шүүлтийн мэргэжилтнүүд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалтыг зөрчиж байгаа бөгөөд өөрсдийн байр суурийг хамгаалах зорилгоор ийм шийдвэрүүдийг гаргаж байгаад манай байгууллагын зүгээс гомдолтой байгаа тул тус шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрээд байна. Бид өмнө нь Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Болормаа, зураг зүйн хэсэгт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан н.Дагвадорж гуай нараас энэ талаар зөвлөгөө авсан бөгөөд эдгээр мэргэжилтнүүд манай энэ тайлбарыг бүхий л талаас нь зөв болохыг нотолсон юм... гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: "Т" ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ХА-18066 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Увс аймгийн Өмнөговь сумын Намир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 25302 дугаартай өргөдөлд зураг зүйн шүүлтийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийж тухайн талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт зааснаар ... дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн... байна гэсэн хуулийн заалтад нийцээгүй тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т өргөдөлд дурдсан хайгуулын талбай ямар шаардлагыг хангасан байх талаар тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 ... Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно ... гэж заасан ба давхцалыг гаргахгүйн тулд түүнтэй шулуун биш шугамаар хиллүүлэн өргөдөл гаргаж болохыг зохицуулсан болно. "Т" ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд "Т" ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.1, 17.2.2, 17.2.3, 17.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Тэнгис тэнгэр ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн Тэнгис тэнгэр ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Тэнгис тэнгэр ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: "Т" ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ХА-18066 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 628 тоот шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1, 162.1, 162.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Увс аймгийн Өмнөговь сумын Намир нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-018066 /NE025302/ дугаартай өргөдөл зураг зүйн шүүлтийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хийж тухайн талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт зааснаар ... дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн... байна гэсэн хуулийн заалтанд нийцээгүй тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 өргөдөлд дурдсан хайгуулын талбай ямар шаардлагыг хангасан байх талаар тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 ... Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно... гэж заасан ба давхцалыг гаргахгүйн тулд түүнтэй шулуун биш шугамаар хиллүүлэн өргөдөл гаргаж болохыг зохицуулсан байхад шаардлага хангаагүй. /тасархай шулуун шугамаар хүрээлэгдсэн талбай дотор өргөдлийн талбайдаа хамруулаагүй үлдээсэн байна./

"Т" ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй байсан тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

Тухайн талбайд АСУМО ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ХА-018310 /NE-025527/ тоот өргөдөл гаргасан бөгөөд 18310 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр олгосон байна.

Шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ... Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. ... гэж хуульчлан заасан байхад АСУМО ХХК-ийн төлөөллийг гуравдагч этгээдээр оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ ... гэж заасан бөгөөд хариуцагчаас АСУМО ХХК-ийн талаарх нотлох баримтыг шүүх гаргуулаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймд "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 628 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч "Т" ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Т" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Манай компани Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дахь Намир нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн байхад хариуцагчаас ямар ч хамааралгүй хуулийн заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм гэж маргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Т" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан тухайн талбайд АСУМО ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ХА-018310 /NE025527/ тоот өргөдөл гаргасан бөгөөд 18310 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр олгосон. Шүүх АСУМО ХХК-ийн төлөөллийг гуравдагч этгээдээр оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй хууль ёсны эрх ашгийг нь зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас өөр компанид тусгай зөвшөөрөл олгоогүй гэсэн тайлбар гаргаж байсан, шүүхэд маргаантай үед уг талбайд тусгай зөвшөөрөл олгох ёсгүй гэж, хариуцагчаас АСУМО ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг асуудлыг шүүгчийн туслахад хэлж байсан. Туслах нь Би шүүгчид уламжилна гэж хэлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад Тухайн талбай дээр нэхэмжлэл гаргаснаас хойш тусгай зөвшөөрөл авсан газар байгаа юм уу гэж асуухад нь нэхэмжлэл гаргаснаас хойш байхгүй талаар тайлбарласан гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэрээр "Т" ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн тухайн талбайд АСУМО ХХК-д 18310 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон болох нь тогтоогдлоо.

Иймд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байгаа, тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэх АСУМО ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, тус компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэзээ гаргасан, тус компанид хэзээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, тусгай зөвшөөрөл олгосон талбай нь маргаан бүхий талбайтай давхацсан эсэх, хариуцагчаас нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэнийх нь эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгаа зэргийг тодруулж хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 628 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА