Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 296

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.М

Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Б дүүргийн засаг даргын “Газар чөлөөлөх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, захирамжийн дагуу дүүргийн газрын албаны явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, надад учирсан хохирол болох 12918000 төгрөгийг Б дүүргийн засаг дарга болон дүүргийн газрын албанаас хувь тэнцүүлэн гаргуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гэрч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийтийн зориулалттай орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн  /СӨХ-ийн тухай хууль/ 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “...орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасан байдаг. Засаг дарга энэ бол нийтийн зориулалттай гэсэн захирамж гаргасан нь утгагүй зүйл. Өмнө нь Б дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан н.О гэдэг хүн миний граш байсан талбайг Л.С гэдэг хүнд 2020 оныг хүртэл эзэмшүүлсэн байсан. Одоо Б дүүргийн Засаг дарга С.О-ийн гаргасан хавтаст хэрэгт авагдсан байгаа захирамжтай ямар ч хамааралгүй гэдгийг батлан хэлж байна. Миний грашийг зөвшөөрөлгүй байрлуулсан гэж ачсан ба граш дотор байсан 35-36 зүйлийн эд зүйлийн үнэ болон грашийн нэмээд нийт 12 280 000 төгрөгийг нэхэмжилж байна. Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “...хувийн өмчийг дайчлан хурааж авахыг хориглоно. Дайчлан хурааж авбал төр нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. Дүүргийн Засаг даргын захирамж дээр нийтийн зориулалттай гэсэн үг өгүүлбэр байна. Нийтийн зориулалттай биш СӨХ-ийн өмч, хүнд эзэмшүүлсэн газар учир хууль бусаар хурааж авсан грашийн үнийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Улаанбаатар хотын дүүрэг бүрт чингэлэг, воган овоолж хадгалсан газар байна. Хураалгасан чингэлэг, воганыг 20 жил болсон ч буцааж авдаггүй. Эргүүлээд тэдгээрийг тавих газар байдаггүй учир авдаггүй. Мөн ачилт болон тээвэрлэлтийн 1 сая гаран төгрөг нэхдэг. Түүнийг нь өгч чадахгүйн улмаас бас авч чаддаггүй. Грашаа буцааж авлаа гэхэд би хаана тавих юм.. Алга болсон мөнгө төгрөг болон буцааж тавих газрыг шийдээд өгөх юм бол маргах шалтгаан байхгүй.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б дүүргийн Засаг даргын 2017 оны А/248 тоот “албадан нүүлгэж, газар чөлөөлөх тухай” захирамж нь ганц иргэн Ц.М-д бус газрын хууль тогтоомж зөрчигч, нийтийн эзэмшлийн газар, зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 103 ширхэг төмөр гараш, чингэлгүүдийг эзэмшигчид хамаарч гарчээ. Нэхэмжлэгч иргэн тэдгээр иргэдийг бүгдийг төлөөлж байгаа тухай баримт авагдаагүй нь нэхэмжлэгчдийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.

Газрын албанаас захиргааны шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авч ажиллахдаа дээрх иргэнд төмөр чингэлгээс бусад эд зүйлийг өөрт нь үлдээн, хүлээлгэн өгч дараа, дараагийн зөрчлийг арилгах, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлэхээр явсан бөгөөд ор үндэслэлгүй мөнгөн дүн нэхэмжилсэн байна. Харин албадан буулгасан төмөр чингэлгийг буцаан авах нь нээлттэй.

Захирамжийн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасныг үндэслэсэн. Дээрх заалт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэх, гомдол гаргах эрх нь нээлттэй байна.

Дүүргийн Засаг дарга хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийнхээ дагуу захиргааны шийдвэр гаргажээ.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.М тус шүүхэд хандаж “Б дүүргийн засаг даргын “Газар чөлөөлөх тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, захирамжийн дагуу дүүргийн газрын албаны явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, надад учирсан хохирол болох 12918000 төгрөгийг Б дүүргийн засаг дарга болон дүүргийн газрын албанаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “...Үндсэн хуульд иргэний хувийн өмчийг дайчлан хурааж авахыг хориглоно гэж заасныг зөрчиж миний өмч хөрөнгийг дайчлан хурааж авсан,...хувийн өмчийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлөх ёстой, гэтэл хохирлыг төлөөгүй атлаа зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсүгэй гэж заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж гэснийг зөрчсөн...Б дүүргийн засаг даргын захирамжид тус дүүргийн 4 дүгээр хороо, 2А, 3А байрны орчимд байгаа гараашийг нүүлгэхээр заасан байхад түүнд хамаарахгүй миний гараашийг нүүлгэсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Б дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар  бүхий “Албадан нүүлгэж газар чөлөөлөх тухай” захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтуудыг үндэслэн Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор тус дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 2А, 3А дугаар байрнуудын орчимд нийтийн эзэмшлийн газар, зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 103 ширхэг төмөр гарааш, чингэлгүүдийг албадан нүүлгэж газар чөлөөлөхөөр шийдвэрлэн, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Газрын алба, 4 дүгээр хорооны засаг даргад даалгаж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх...-ээр шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл  нэхэмжлэгч Ц.М-ийн өмчлөлийн төмөр гарааш нь тус дүүргийн 4 дүгээр хороонд байрлаж байсан, тэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, түүнчлэн тус дүүргийн газрын албатай газар эзэмших ашиглах талаар гэрээ байгуулаагүй, Б дүүргийн Засаг даргын А/248 дугаар захирамжийг биелүүлэх ажиллагааны явцад түүний өмчлөлийн гараашийг нүүлгэсэн, одоо уг гарааш нь 4 дүгээр цахилгаан станцын ойролцоох хашаанд байгаа үйл баримтууд тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.” 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараах үүрэгтэй” 59.1.1-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.М нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, эрх бүхий этгээдтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй, газрын хууль ёсны эзэмшигч биш атлаа Б дүүргийн 4 дүгээр хорооны дэвсгэр газар дээр төмөр гарааш байрлуулан ашиглаж байсныг албадан нүүлгэж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тус дүүргийн Засаг даргын А/248 дугаар захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан дүүргийн засаг даргын эрх хэмжээ болон түүний газрын харилцааны талаар хүлээх, эрх үүргийн хязгаарт нийцсэн, нийтийн эрх ашигт чиглэсэн хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Захиргааны байгууллагаас газар чөлөөлөх ажиллагааны явцад нэхэмжлэгчид учирсан хохирол гэх 12918000 төгрөг нэхэмжилсний тухайд:

Нэхэмжлэгч Ц.М нь Б дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/248 дугаар бүхий “Албадан нүүлгэж газар чөлөөлөх тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирол гэж 12918000 төгрөгийг Б дүүргийн засаг дарга болон дүүргийн газрын албанаас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг хохирлоо “1600 000 төгрөг бэлнээр, монетон бөгж 7,5 гр 320000 төг, аккумлятор цэнэглэгч 390000 төг, машин засварын багаж 60000 төг, магнитофон 30000 төг, дугуйн гэр 30000 төг, 13-тай шинэ дугуй-60000 төг, 15-тай шинэ дугуй-120000 төг, 13-тай обуд-10000 төг, хуучин дугуйнууд 30000 төг, төмөр гарааш 10 000 000 төгрөг... зэрэг нийт 35 нэр төрлийн 12918000 төгрөгийн хохирол учирсан гэж тооцоолон нэхэмжилжээ.

Газар чөлөөлөх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.М нь өөрөө хүрэлцэн ирж улмаар уг үйл ажиллагаанд холбогдуулан гомдол гаргаснаар нэр бүхий этгээдүүдээс тайлбар авч ажиллагаа явуулахад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч Ц.М-гаас гаргасан гомдлыг Б дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Э хянаад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 996 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар “гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй” гэж хариу өгчээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн хохирлын асуудлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх ба нэгэнт гэм буруутай нь тогтоогдоогүй тул хариуцагч Б дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын албанаас уг хохирлыг гаргуулах хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн гарааш нь байршлын хувьд өөрчлөгдсөн хэдий ч бодитоороо байгаа устаж үгүй болоогүй, хариуцагч дүүргийн Газрын албанаас гагцхүү ачилтын зардлаа төлөөд авах боломжтойг мэдэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ц.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН

           ШҮҮГЧИД                                  Ц.МӨНХЗУЛ

                                                               С.ТӨМӨРБАТ