Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/934

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 2108 00000 1260 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжилтэй, “.............” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......... дүүргийн ......... дүгээр хороо, ........ дугаар хороолол, ......... дугаар байр, .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Л овогт Цын М /РД:............./

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станцын орчим Т.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар “нунчак”-аар цохиж, хоорондоо харилцан зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, хүзүү, баруун зүүн дал, мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 857 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

2. 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-6/,

3. Хохирогч Т.Дий “...2021 оны 02 дугаар сард С.Туяачимэг гэх эмэгтэйтэй танилцаад хамт амьдрах болсон юм. Тухайн үед Туяачимэг надад хэлэхдээ би нөхрөөсөө салсан гэж байсан. Тэгээд 2021 оны 6 дугаар сард Туяачимэг бид хоёр, хоёр тийшээ болцгоосон. Туяачимэг бид хоёр тэрнээс хойш утсаар яриад хааяа нэг уулздаг байсан юм. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Туяачимэг рүү утсаар ярихад “би нөхөртэйгөө хамт явж байна” гэхээр нь би Туяачимэгт хандан “чи нөхөртэйгөө буцаад суучихсан юм уу” гэхэд Туяачимэг “чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би “тэгвэл нөхөртэй чинь ярья гэхэд Туяачимэгийн нөхөр болох Галаа гэх залуу утас аваад ярихаар нь “та хоёр эргээд нийлж байгаа юм уу, хэрвээ тийм бол би дахиж та амьдралд оролцохгүй” гэхэд Галаа “би Дарханаас Улаанбаатар хот руу явж байна. Хот руу ороод уулзъя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 01-ний 01 цагийн үед өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын авто машины зогсоол дээр машинтайгаа зогсож байтал удалгүй Галаа гэх залуу ирээд бид хоёр уулзсан. Гэтэл Туяачимэгийн нөхөр болох Галаа гэх залуу нь учиргүй над руу дайраад миний толгойн зүүн хэсэгт нунчак буюу голдоо гинжтэй хоёр талдаа богино төмөртэй зүйлээр цохиод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх17-19/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6987 дугаар “...Т.Д-н биед чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, хүзүү, баруун зүүн дал, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх24-25/,

5. Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн “...Тэгээд би эхнэрийн хамт МТ шатахуун түгээх станц дээр яваад очсон. Тэгсэн нөгөө залуу машинтайгаа МТ шатахуун түгээх станцын урд талыг автомашины зогсоол дээр зогсож байхаар нь би машинтайгаа очиж зогсоод машинаасаа бууж очоод нөгөө залууг “за юу байна” гэж мэндэлсэн нөгөө залуу машинаасаа бууж ирж надтай гар бариад “чи эхнэрээсээ салчихсан байж яасан амьдралд гай болсон пизда вэ” гэж хэлээд намайг шууд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаж аваад хавсраад унагасан. Тухайн үед би Д гэх залуугийн дээр нь гарсан байсан тул Д “за больё” гэхээр нь би дээрээс нь боссон. Тэгсэн нөгөө залуу над руу чулуу барьж дайрсан. Тэгэхээр нь би хойшоо зугтах үедээ бүдэрч газар унахдаа баруун гарынхаа чигчий хурууг эвгүй дараад булгалсан. Тэгээд босоод зугтаад машиныхаа ард байсан нунчакыг аваад тэр Д гэх залуугийн толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд би зугтаад машиндаа суугаад явж байх үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд очиж мэдүүлэг өгсөн. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм асуудал гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх100-102/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц.М.

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын орчим  хохирогч Т.Дтэй маргалдан түүний толгой хэсэг рүү нь “нунчак” буюу голдоо гинжээр холбосон модоор цохиж зодсон болох нь дээр дурдсан хохирогч Т.Дий мэдүүлэг, болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Мын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Дий биед “чамархайн хуйханд няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, хүзүү, баруун зүүн дал, мөрөнд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7491 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Т.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх107/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгч Ц.Мыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “нунчак” буюу тулааны хэрэгсэл болох гинжээр холбосон модыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахаар зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цамбын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “нунчак” буюу 23см урттай шаргал өнгийн, төмрөөр бөгжилсөн 2 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР