| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00147/И/ |
| Дугаар | 0144 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 0144
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1-р хороо 41-24 тоотод оршин суух иргэн Хар туг овогт Алтангэрэлийн Цолмонгийн /РД:ЕЙ72071901/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 1-р баг, 7-2-10 тоотод оршин суух иргэн Дарьганга овогт Аюушдоржийн Нарандэлгэрт /РД:МК66112501/ холбогдох байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч А.Нарандэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум 1-р баг Рашаантын 7-10 тоотод оршин суух Д.Алтангэрэл 1928 оны 06 сарын 14-ний өдөр төрсөн ба отгон охин болох А.Цолмон надад 2010 оны 09 сарын 08-нд хувьчилж авч өөрийн өмчлөлд байсан 26м2 талбайтай 2 өрөө байрыг 2014 оны 04 сарын 01-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн. Ээж маань тус байрандаа 2016 оны 12 сарын сүүл хүртэл амьдарч байсан ба өндөр настай, асаргаа шаардлагатай тул миний бие нь ээжийгээ Улаанбаатар хотод аваачиж асарч тэнхрүүлсэн. Цаашид ээж маань уг байранд ганцаараа амьдарч чадахгүй тул уг байрыг цоожилж эзэнгүй байсан. Миний эгч болох Р.Чингэрэл гэгч нь уг Нарандэлгэр гэж хүнд аман гэрээ хийгээд миний өмчлөлийн тус байрыг худалдан өөр айл 2 сарын өмнө оруулсныг 7 хоногийн өмнө миний бие нь мэдээд танай байгууллагад хандаж байна. Миний нэхэмжлэлийг шалган үзээд хуулийн дагуу байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Цолмон одоо Архангай аймагт сүлжээгүй газар явж байгаа. өнөөдөр асуудлаа ингээд шийдчихье. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаа байгаа учраас хоорондоо ярилцаад болох байх. А.Цолмон эгчийн санаа нь байраа зарах сонирхолтой байгаа юм гэв.
Хариуцагч А.Нарандэлгэр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би А.Цолмонтой 14.000.000 төгрөг дээр тохиролцохгүй бол байрны засвар хийсэн 5.000.000 төгрөгөө Чингэрэлээс нэхэмжлээд байрыг нь суллаж өгөхөд бэлэн байна. А.Цолмонтой 14.000.000 төгрөгөнд авахаар болоод тохиролцвол 8.000.000 төгрөгийг нь би шилжүүлэхэд бэлэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.Цолмон нь А.Нарандэлгэрийн хууль бус эзэмшилээс байраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад А.Цолмонгийн нэхэмжилсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн 7-р байрны 09 тоот орон сууцны зориулалттай 26 метр квдрат байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Нарандэлгэр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар А.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Нарандэлгэрээс 35.100 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан А.Цолмонд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагчид хуваан хариуцуулсан болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Цолмонгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн 7-р байрны 09 тоот орон сууцны зориулалттай 26 метр квдрат байр чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч А.Нарандэлгэрийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар А.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Нарандэлгэрээс 35.100 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан А.Цолмонд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА