Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/935

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дид холбогдох эрүүгийн 2108 00000 1217 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.......................”-н гүйцэтгэх захирлын зөвлөх ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ............. дүүргийн ........... дүгээр хороо, ......... дугаар хэсэг, ................... байрны ............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

С овогт Сийн Д /РД:.............................../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Д нь 2021 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим “эхнэрийг уйлуулдаг хэн бэ” гэх шалтгаанаар А.Өг гар, хөлөөрөө цохиж зодон эрүүл мэндэд нь “...зүүн доод зовхи, хөмсөг, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, зүүн хацар, дал, эгэм, бугалга, баруун эгэм, бугалга, шуу, цээжинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 852 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч С.Дийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/,

2. Хохирогч А.Өий “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот орох замд Д нь найз бүсгүйтэйгээ маргалдаж байснаа гэнэт над руу дайрч “Би чамайг сайхан амраалаа. Танай нөхөр болон та нар бол хэзээ ч амжихгүй, мөнгөгүй гуйлгачид, миний мэдэлд банкнууд байдаг.” Тэгэхээр нь би “Та ямар сонин ааштай жудаггүй хүмүүс вэ? Та нар намайг ингэж доромжилж дээрэлхэж авч явах байсан юм бол яах гэж авч явсан юм бэ” гэхэд найз бүсгүй Янзага нь над руу хандаж над руу ус цацаж нулимж, “Чамайг яасан ч яадаг юм. Бид нар мөнгөтэй хүмүүс юу ч үйлчлэхгүй, явдаг газраараа яваарай, хохь нь чи” гэж хэлэхээр нь би Янзагад хандан, “Чи намайг гомдоож байна, би чамд юм хэлэх юм бол чи уйлна. Тиймээс би дуугүй байя” гэж хэлсэн. Тэгэхэд Д чи яахаараа хүн уйлуулдаг юм гэх зэргээр элдвээр хэлж хөлөөрөө зүүн нүд, дух, нүүр хэсэг рүү олон өшиглөж гэмтэл учруулсан. ...Тэгээд замд явахдаа эгч ах руугаа мессеж бичиж тусламж хүссэн байсан учир манай үеэл ах нар намайг ирж тосон авч машиндаа суулгаад Дийг мөн цагдаагийн байгууллагад авч ирсэн. С.Д надад эмчилгээний зардал 6 сая төгрөг өгсөн. Одоо гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг /хх11-12, 14/,

3. Гэрч Н.Цогтбаатарын “...Би тухайн үед машинаа бариад явж байсан ба миний хажууд Янзага сууж байсан. Арын суудал дээр Д, Ө хоёр суугаад явж байсан. Ө чи намайг цохичихлоо ш дээ гээд уйлаад Д руу дайрахад Янзага боль чи манай нөхрийг зоддог хэн бэ гээд Өг татаад байсан. Тухайн үед хүй долоо худаг өнгөрөөд эмээлт захын зам руу орж байсан. ...Өг Доос өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх16/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6668 дугаар “...А.Ө-н биед зүүн доод зовхи, хөмсөг, хацар, дал, эгэм, бугалга, гуя, шилбэ, баруун эгэм, бугалга, шуу, шилбэ, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх26-27/,

5. Шүүгдэгч С.Дийн яллагдагчаар өгсөн “...Ө Янзагыг чи уйлна гээд загнаад байхаар нь би сэрээд чи яахаараа манай эхнэрийг уйлуулдаг юм бэ гэж хэлээд Өтэй маргалдаж байгаад нүүр болон биеийн хэсэгт гар, хөлөөрөө хэд хэдэн удаа цохиход Ө над руу дайраад байхад Янзага Өг боль гээд салгасан. Тэгээд хаана явж байгаагаа харахад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт зах өнгөрөөд явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх100-102/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч С.Д.

Шүүгдэгч С.Д нь 2021 оны 7 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим үл ялих зүйлээр шалтаглан А.Өтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн гар, хөлөөрөө цохиж зодсон болох нь дээр дурдсан хохирогч А.Өий мэдүүлэг, гэрч Н.Цогтбаатарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Дийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч А.Өий биед “зүүн доод зовхи, хөмсөг, хацар, дал, эгэм, бугалга, гуя, шилбэ, баруун эгэм, бугалга, шуу, шилбэ, цээжинд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 6668 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Өд хохирол төлөгдсөн, тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр гаргасан хүсэлт /хх68/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгч С.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогчид хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Самдангийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР