Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 0142

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 27-р байр, 59 тоотод оршин суух Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3-р баг, Ухаа хушуу гэх газарт оршин суух Ш.Төрмөнх, А.Пүрэвсүрэн нарт холбогдох зээл, зээлийн хүү 6 080 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Д.Жаргалсайхан би А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарт мөнгө зээлсэн бөгөөд зээлээ  эргүүлж авахаар байсан. Бид зээлийн гэрээндээ хугацаа тогтоогоод гэрээ байгуулаад гарын үсгээ зурсан байсан.  Энэ  хүмүүсээс зээлийн гэрээний хугацаандаа тариа, ногоогоо хурааж дуусахаар нь зээлсэн мөнгөө авах гэсэн боловч өгөөгүй.  Хугацаа хэтрээд байхаар нь гэрээнд заасан хугацаа хэтэрлээ гээд хүүхдээр  нь ч хэлүүлсэн, өөрөө ч очиж хэлсэн. Энэ хүн  зөвшөөрөхгүй байсан учраас би шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Өөрсдөө ч хүүхдээрээ дамжуулж шүүхэд ханд гэж хэлсэн байсан. Тийм учраас би өөрсдийн хийсэн гэрээний дагуу шүүхэд хандаж энэ хүнээс 6 080 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тодруулж хэлэх зүйл байгаа үүн дээр хариуцагч анхаарах нь зүйтэй. Анх 2016 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдөр гэрээ хийсэн байдаг. Гэрээн дээрээ 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор гэж энэ хооронд ямар нэгэн хүүгүй тооцсон байдаг. Ингэж хүүгүй мөнгө өгөөд байдаг ямар ч албан газар, байгууллага, иргэн одоо байхгүй.  Хүү тооцоогүй энэ хугацаанд  нь өгөхгүй итгэл эвдсэн. Энэнээс хойш тохирсон хугацаанд мөнгийг нь төлөхгүй бол 4 хувийн хүү тооцно гэж бичээд доор нь бүгдээрээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан гэрээ байгаа. Үүнээс хойш хугацаа хэтрээд байхад яах уу гэсэн асуудал байхгүй байгаа. Энэ мөнгөнөөс юу ч өгөөгүй. Нэгэнт авчихсан мөнгөнөөс хасаж, хуваагаад өгч болно. Тэгж байхад тэр чигтээ шингээсэн байдал харагдаж байна. Нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэлээ 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өгсөн байдаг. Өнөөдөр 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр энэ 2 сарыг цаашдаа шүүх шийдвэрлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл рүү очих энэ хугацааны хүүг яриад байвал, яриад байхаар байгаа шүү гэдгийг хариуцагч тал анхаараасай. Үүний хүүг тооцвол улам нэмэгдээд, ихсээд байна. Иймэрхүү зүйлийг бодолцоод харилцан тохиролцоод энэ нэхэмжилсэн үнийн дүн дээр эвлэрээд, шүүхийн өмнө батламжаа гаргавал яасан юм бэ гэсэн саналыг хариуцагчид хандаж үр дагаварыг хөнгөлсөн ийм зүйл байгаа энэ талаасаа бодоод  энэ нэхэмжилсэн үнийн дүн дээр тохироод эвлэрвэл яасан юм бэ үүнийг бодож үзээчээ гэсэн саналыг хэлмээр байна. Сүүлд нь хэлэх шаардлагатай бол хуулийн заалтаа бариад асуудлыг дахиж ярих болно...” гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манайх ногоо тарьдаг. Жаахан малтай тэрийгээ маллаж амьдардаг. Би 4 000 000 төгрөг 4 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. Зээлсэн мөнгөний хүүгээ хавар 5 сард төлөх болонгуут  нөхөр нь орж ирээд та хоёр энэ жил ногоо тариад яах юм бэ. Ногоо тариад хэрэггүй. Бид хоёр бүх зүйлээ авъя та хоёр манай ногоог тарьж өг. Та хоёрыг манайх өргүй болгоё гэж хэлэхээр нь бид хоёр өөрийнхөө ногоогоо тарихаа болиод энэ хоёр хүнд зорьж ногоог нь бүтэн хаваржингаа тарьж, бүтэн зунжингаа усалж, хор цацаж, ургуулж бүхэл бүтэн 1000 шуудай төмс авч өгсөн. Бид хоёрын төлөхгүй гээд дайраад байгаа ганцхан шалтгаан нь тэр. Бид нар тэрнээс цалин мөнгө юу ч үгүй хоцорч байгаа. Энэ  хүний тэрэг техникээр нь төмс ногоог нь хурааж өгсөн.  Бүх зүйлийг нь далд хийж өгсөн. Нэг ч зүйл талбай дээр үлдээгээгүй. Тийм учраас манайх ингэж хэлж байгаа. Түүнээс хүний юмыг өмнө тэгж ажиллаагүй байсан бол төлөлгүй яахав. Энэ ийм л учиртай. Ийм учиртай байсан учраас маргаан гараад байгаа юм...” гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь зээл, зээлийн хүү 6 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа бөгөөд шүүх хуралдаанд “...Бид хоёр бүх зүйлээ авъя та хоёр манай ногоог тарьж өг. Та хоёрыг манайх өргүй болгоё гэж хэлэхээр нь бид хоёр өөрийнхөө ногоогоо тарихаа болиод энэ хоёр хүнд ногоог нь бүтэн хаваржингаа тарьж, бүтэн зунжингаа усалж, хор цацаж, ургуулж бүхэл бүтэн 1000 шуудай төмс авч өгсөн. Бид хоёрын төлөхгүй гээд дайраад байгаа ганцхан шалтгаан нь тэр...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь хариуцагч А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарт 4 000 000 төгрөгийг 2016 оны 04-р сарын 30-ны өдөр зээлдүүлж, 2016 оны 09-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрвэл  сарын 4 хувийн хүү тооцох нөхцөлтэйгээр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.  /х.х-ийн 4-рт/

Шүүх хуралдаанд талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний нөхцөлийн талаар маргаагүй бөгөөд талууд зөвшөөрч гарын үсгээ зурсан тул зээлийн гэрээг бичгээр байгуулагдсанд тооцлоо.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй” болохыг зааж өгсөн.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд анз тооцохоор тусгаагүй тул нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн анз нэхэмжлэх эрхгүй байна.

Гэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “ Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлбэл хүү тооцохоор гэрээнд тусгасан нь хууль зөрчөөгүй байна.

Д.Жаргалсүрэн нь гэрээндээ хэтрүүлсэн хугацааны хүүг тогтоохдоо сарын 4 хувийн хүүтэй гэж заасан нь хэт их байх ба  шүүх “Хаан”, “ХАС” банкны  хугацаатай хадгаламжийн нэг жилийн хүүгийн дундажаар 15 хувь гэж тогтоолоо. Хадгаламжийн жилийн хүү 15 хувь ба нэг сард 1.25 хувийн хүүтэй /15:12%=1.25%/ гэж тооцоход 4000.000 төгрөгийн хэтрүүлсэн хугацааны буюу 13 сарын  хүү 650.000 төгрөг болж байна. /4000.000*1.25% =50.000төг, 50.000*13 сар =650.000 төг/

            Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Ш.Төрмөнх, А.Пүрэвсүрэн нараас зээл 4 000 000 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү хүү 650.000 төгрөг, бүгд 4 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 430 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хариуцагч мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрч байгаа ба зээлсэн мөнгөний оронд ажил гүйцэтгэж  өгсөн гэж байгаа боловч энэ байдлыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нараас 89 350 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар хариуцагч Ш.Төрмөнх, А.Пүрэвсүрэн нараас 4 650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 430 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Жаргалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нараас 89 350 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.САРАНТУЯА