Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/958

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01921 1492 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ............. дүүргийн ........... дүгээр хороо, .............. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Дийн Г /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Эийг зодож, эрүүл мэндэд нь “хоёр гарын сарвуу, баруун өлмийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хэвлий, зүүн дал, бугалга, бугуйн үе, гуя, баруун бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 830 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.Гыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Эийн “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............. тоотод нөхөр Гын хамт гэртээ байж байсан юм. Г нь өмнөх өдөр архи уугаад шартчихсан байсан тул надаас архины мөнгө нэхээд байхаар нь би өөрт байсан 4000 төгрөгөө өгсөн. Г надаас 4000 төгрөгөө аваад дэлгүүр рүү явж ирэхдээ 200 граммын Арвай нэртэй архи авч ирээд ганцаараа уусан. Өдөр 15 цаг өнгөрөөгөөд Г усанд явж ирэхдээ савтай усаа хашааны хаалгаар оруулж ирж тавьчхаад буцаад гараад явсан. ...Бид 2 юм яриад, зурагт үзээд, хөзөр тоглоод 00 цаг хүртэл болчихсон юм. Хөзөр тоглоод сууж байхад ууж байсан архи маань дуусаад бид хоёр ч хөзөр тоглохоо болиод байж  байтал Гын муухай ааш нь хөдлөөд намайг гэрээс зайл гэж хөөгөөд байхаар нь би гарах гээд явж байтал миний ардаас ирээд зүснээс татаж унагаахаар нь би Гын гараас татаад босох гэсэн чинь миний 2 гарыг бариад базаад, мушгиад байхаар нь би хажуу талын сандал дээр байсан алчуурыг аваад нүүрээ дараад газар хэвтсэн чинь миний нуруу, гуя хэсгүүд рүү гараараа болон хөлөөрөө нэлээн олон удаа ээлжлээд өшиглөж, цохиж байсан. миний баруун хөлөн дээр нэг удаа дэвссэн. Мөн баруун талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд намайг шөнөжингөө зодож, хөөцөлдсөөр байгаад өглөө болохоор нь би айсандаа цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх8-10/,

“...Миний биед одоо өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Эмчилгээгээ сайн хийлгэсэн. ...Би шүүх хуралд оролцохгүй. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх14-15/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6680 дугаар “...Д.Эийн биед хоёр гарын сарвуу, баруун өлмийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хэвлий, зүүн дал, бугалга, бугуйн үе, гуя, баруун бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх34-35/,

3. Шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............. тоотод эхнэр Д.Эийн хамт гэртээ байж байсан юм. ...Хөзөр тоглож байхдаа манай эхнэр Э нь булхайцаж тоглоод байхаар нь би тухайн үед нэлээн согтчихсон байсан учир миний уур хүрээд гэрээс гар, зайл гэхэд намайг алгадчихаад гүйгээд гарахаар нь араас нь очоод гараас нь барьж байгаад татаж унагаад гарыг нь хүчтэй базсан. Унагааж байгаад нуруу хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон. Өөр яаж цохиж зодсон талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх80-82/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.Г.

Шүүгдэгч Д.Г, хохирогч Д.Э нар нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ............. тоот гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар Д.Г нь үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Д.Эийг үснээс нь татаж унаган, нуруу, гуя хэсэг рүү нь цохиж зодсон болох нь дээр дурдсан хохирогч Д.Эийн мэдүүлэг, болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Гын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Эийн биед “хоёр гарын сарвуу, баруун өлмийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хэвлий, зүүн дал, бугалга, бугуйн үе, гуя, баруун бугалга, шуу, гуя, өвдөгт цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 6680 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх14-15/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн, улмаар талууд эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.  

Шүүгдэгч Д.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР